Сэтгэл гутралыг ихэнх хүмүүс ганцаардсан, гунигласан, чимээгүй байгаагаас нь дүгнэж ойлгодог. Гэтэл үнэн хэрэгтээ бидний нүдэнд аз жаргалтай, ямар ч дутуу зүйлгүй, сайхан амьдарч байгаа мэт харагдах хэн нэгэн хүнд хэлбэрийн сэтгэл гутралд өртсөн байх боломжтой. Үүнийг “далд гутрал” хэмээн нэрлэдэг.
Далд сэтгэл гутралд ихэвчлэн ахмад настан, хүүхэд, өсвөр насныхан, эрэгтэй хүмүүс, архаг өвчтэй болон хүнд гэмтсэн хүн, хэцүү нөхцөлд амьдардаг хүмүүс өртдөг байна. Тухайн хүнийг хараад сэтгэл гутралтайг мэдэх боломжгүй ч түүний өдөр тутамдаа хийдэг зуршлуудаар нь үүнийг тодорхойлох боломжтой.
Ингээд далд хэлбэрийн сэтгэл гутралтай хүмүүст илрэх нийтлэг 11 зуршлыг сонирхуулъя.
Хэт их инээмсэглэж, бусдад баяр хөөртэй харагдахыг хичээх
Хамгийн их аз жаргалтай, инээд баясалтай мэт харагддаг хүмүүс яг үнэндээ дотроо маш их уйтгар гуниг, хоосон мэдрэмжийг тээсэн явж байх нь олон байдаг. Хүнд хэцүү цаг үед өөдрөг, аз жаргалтай байх гэж хичээх нь далд гутралын үед илэрч болох хамгийн эхний шинж тэмдэг юм.
Өөртөө хатуу хандаж, аль болох завгүй байх
Өдөрт хийх ажлуудаа яг таг төлөвлөж, нарийн зохион байгуулалттай байхыг чухалчилдаг. Энэ нь зөвхөн ажлаа амжуулахын тулд биш, харин бусдад сул дорой, ганцаардсан мэт харагдахгүйн тулд өөрийгөө аль болох завгүй байхыг хичээдэг. Ингэснээр сэтгэлээ өөр зүйлд төвлөрүүлж, элдэв бодолд автахгүй байна гэж итгэдэг байна.
Нойрны хэм алдагдах
Хэт их унтах буюу өдөрт 9,10-аас ч их цагаар унтах. Унтсан ч нойр ханахгүй, дахин унтсаар л байх. Эсвэл шөнө унтахгүй, нойр хулжих, өглөө эрт сэрэх байдлаар өдөртөө 4-6 цагийн дутуу нойртой явсаар байдаг.
Төгс байхыг хэт их хичээх
Ямар ч жижиг зүйл дээр өөртөө шүүмжлэлтэй хандаж, алдаа гаргах эрхгүй мэт өөрийгөө буруутгана. “Би илүү хичээх ёстой”, “Би дутуу байна” гэсэн бодол үргэлж толгойд нь эргэлдэж, өөртөө амралт өгөлгүйгээр дарамталдаг. Эрэгтэй хүмүүсийн хувьд гэр бүлээ сайхан амьдруулахын тулд ядарсан, шантарсан мэдрэмжээ нууж, зүгээр мэт аашилж явсаар сүүлдээ далд хэлбэрийн сэтгэл гутралд өртсөн байх тохиолдол байдаг аж.
Өнгөрсөн зүйлийг дахин бодох, харамсах
Өнгөрсөнд болсон үйл явдал, дурсамжуудаа байнга бодож “Яагаад тэгсэн юм бол”, “Тэр үед тэгээгүй байсан бол...” гэж өөрийгөө шаналгадаг. Өнгөрснийг өөрчилж чадахгүй ч сэтгэл дотроо дахин дахин бодсоор л байна.
Өөрийгөө бусдаас тусгаарлаж, ганцаараа баймаар санагдах
Хичээлдээ суухгүй байх, ажлаасаа хоцрох, таслах, найзуудын мессеж, чатанд хариулахгүй, утсаа авахгүй, холбогдохгүй боломжгүй зэргээр өөрийгөө бусдаас тусгаарлаж байгаа нь далд сэтгэл гутралаас үүдэлтэй. Тэд нийгмийн харилцаанд орж, өөрийгөө удирдаж дайчлах эрч хүч энерги байхгүй учраас хойш суух нь илүү амар санагддаг.
Харилцаа тасрахаас айх
Хайртай ойр дотны хүнтэйгээ харилцаагаа таслах нь хамгийн хэцүү мэдрэмжүүдийн нэг байдаг бол далд сэтгэл гутралтай хүмүүст энэ нь маш хүндээр тусдаг. Ямар нэг байдлаар харилцаа тасарлаа гэхэд бүх бурууг өөр дээрээ тохож, сэтгэлдээ шаналж явах нь элбэг тохиолдоно.
Хэт их идэх эсвэл огт идэхгүй байх
Сэтгэл зүйн тогтворгүй байдал нь хүний хооллох зуршилд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг болохыг эрдэмтэд тогтоожээ. Заримдаа хэт их идмээр санагдах, харин зарим үед хоол идэх хүсэл ч төрөхгүй байх нь бий. Хэрвээ ийм зуршил байнга тохиолдож байвал та тодорхой хэмжээгээр сэтгэл гутралд өртсөн болохыг илтгэж байгаа юм.
Маш их ядарсан мэдрэмж төрөх
Юу ч хийсэн маш их ядраад байгаа нь сэтгэл хямралын хамгийн түгээмэл хэлбэр юм. Судалгаагаар сэтгэлийн хямралд өртсөн хүмүүсийн 90 хувь нь ядаргаатай байдаг гэдэг нь батлагдсан байна.
Өөрийгөө анхаарахаа болих
Сэтгэл гутралд өртсөн хүмүүс гадаад төрх, эрүүл мэнддээ анхаарахаа больдог. Үсээ самнах, хувцсаа сонгох, нүүрээ арчлах зэрэг өдөр тутмын энгийн үйлдлүүд ч залхмаар санагдана.
Дуртай зүйлдээ сонирхолгүй болох
Урьд нь кино үзэх, дуулах, тоглолт үзэх, хөгжим тоглох зэрэг дуртай хийдэг байсан зүйлүүд одоо ямар ч утга учиргүй мэт санагдана. Юу ч хийсэн сэтгэлийг нь хөдөлгөхөө больсон мэт мэдрэмж төрүүлдэг.
Хэрвээ танд болон таны ойр дотны хэн нэгэнд эдгээр шинж тэмдгээс дор хаяж 6 нь илэрч байвал та сэтгэл санаа, амьдралын хэв маягтаа анхаарал тавих цаг болсон гэсэн үг юм. Мөн аль болох хүмүүстэй ярилцаж, сэтгэл зүйчид хандахыг зөвлөж байна.
Эх сурвалж: Healthline, Medical News Today
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!