Нэг удаагийн цаасан аяга эрүүл мэндэд ИХ ХЭМЖЭЭНИЙ хор хөнөөл учруулдаг


Б. Номин-Эрдэнэ | YOLO.MN
2021-01-26

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ нэг удаагийн цаасан аягыг ихээр хэрэглэх болсон. Гэвч уг аяганд халуун уух зүйл хийхэд та бидний төсөөлж ч баршгүй олон тооны микро хуванцар хэсгүүд уух зүйлтэй холилддог байна.

Ингээд энэ талаар хийсэн нэгэн судалгааны ажлын үр дүнг хүргэе. 

Бидний ихэнх нь хуванцар материал эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг талаар мэддэг ч "цаасан" аяга ч мөн сөргөөр нөлөөлж болохыг тэр бүр мэддэггүй болов уу. Цаас газрын хөрсөнд 2-6 долоо хоногийн хугацаанд шингэдэг учир хүмүүс цаасан аягыг байгальд ээлтэй гэж боддог. Гэвч уух зүйлийг цаасан аяганд нэвчүүлж, асгаруулахгүй барихын тулд цаасан аягыг үйлдвэрлэхдээ полиэтилен /PE/ хэмээх материалаар бүрдэг байна. Тиймээс нэр нь л "цаасан" болохоос угтаа бол хуванцар аяга л хэрэглэдэг байх нь. 

Энэтхэг улсын "Kharagpur" технологийн хүрээлэнгийн дэд профессор Sudha Goel уг туршилтын хүрээнд таван төрлийн цаасан аяганд судалгаа хийсэн бөгөөд дөрвийг нь өндөр нягтшилтай пластик материалаар бүрсэн байв. Ингээд аяганд 85-90 хэмийн 100 миллилитр халуун уух зүйл хийж, 15 минутын туршид дурангаар ажиглахад микро хуванцар хэсгүүд уух зүйлд нэвчиж байсан аж. Эдгээр хуванцар хэсгүүдийн тоог хэмжихэд 100 миллилитр халуун уух зүйлд 25'000 гаруй ширхэг микро хуванцар хэсгүүд нэвчсэн байжээ. 

Хэрэв хүн өдөрт гурван удаа цаасан аяганд халуун кофе, цай уудаг гэж үзвэл нүдэнд үл үзэгдэх 75'000 гаруй микро хуванцар хэсгүүдийг уух зүйлтэйгээ хамт уудаг гэсэн үг юм. Тиймээс өөрийн эрүүл мэнд болон байгаль орчныхоо төлөө нэг удаагийн цаасан аягыг хэрэглээнээсээ хасаарай гэж зөвлөе. 

Эх сурвалж: Science Direct

#Байгаль #Эх дэлхий #Зөв хэрэглээ