Хэрхэн үгүй гэж хэлж сурах вэ?


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2025-04-11

Хэн нэгэн танаас юм гуйхад хэдий өөрт хэцүү байсан ч нөгөө хүнээ гонсойлгохгүй гээд “тийм” гэж хэлж байсан бол та ганцаараа биш. Хэдий энэ зуршил нь сүртэй том биш мэт боловч удаан хугацаандаа бидний эрч хүч, сэтгэл санаанд хор учруулж байдаг. 


 

Яагаад "үгүй" гэж хэлж сурах нь чухал вэ?
Сэтгэл зүйн эрүүл мэндэд тустай: Өөрийн цаг хугацаа, эрч хүчийг гамнах нь бидний сэтгэл санааг тайван байхад тусалдаг. "Үгүй" гэж хэлснээр та өөрийн хил хязгаарыг бусдад ойлгуулж, өөртөө хүндэтгэлтэй ханддаг болохоо харуулна.

Стресс, ядаргааг бууруулдаг: Бусдын хүсэлтийг байнга зөвшөөрөх нь хэт их ачаалал авчирч, стресс, ядаргааг нэмэгдүүлдэг. "Үгүй" гэж хэлснээр та өөртөө амрах, өөрийгөө цэнэглэх цаг гаргах боломж үүснэ.

Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг: Өөрийн хэрэгцээ, хүсэлтийг нэгдүгээрт тавьж, "үгүй" гэж хэлэх нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дээшлүүлдэг.

Эрүүл харилцааг бий болгодог: "Үгүй" гэж хэлж сурах нь бусадтай илүү шударга, ойлголцолтой харилцааг бий болгож, харилцан хүндэтгэлийг нэмэгдүүлдэг. Боломжгүй үедээ, шударгаар үгүй гэж хэлэх нь бусад хүмүүст таны цаг зав, энерги үнэ цэнэтэй юм шүү гэдгийг ойлгуулдаг.

2022 онд "Journal of Personality and Social Psychology" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар “үгүй” гэж хэлэх нь нөгөө хүндээ бидний бодсоноос хамаагүй бага сөрөг мэдрэмж төрүүлдэг гэдэг нь батлагджээ. Үүнээс харахад бидний "үгүй" гэж хэлэхээс айх айдас бодит байдал дээр ямар ч үндэслэлгүй байдаг гэдгийг харж болох юм.

Аль хэдийн “people pleaser” хүмүүсийн хувьд “үгүй” гэж хэлэх нь эхэндээ хэцүү ч бага зэрэг хичээл зүтгэл, давтамжтайгаар суралцах бүрэн боломжтой. Тэгвэл хэрхэн “үгүй” гэж хэлж сурах вэ?

Хариу өгөхөөсөө өмнө бодох цаг гарга

Тухайн үед "тийм" эсвэл “үгүй” гэж хэлэх хэцүү санагдаж байвал, хамгийн хялбар арга нь бодох цаг гаргах юм. Хэн нэгэн танаас тусламж хүсэхэд, та тэр дор нь хариу өгөх шаардлагагүй. Харин өөртөө шийдвэр гаргах цаг өгөх хэрэгтэй.
"Надад жаахан хугацаа өгөөч"

"Би хуваариа шалгаад эргээд хариу хэлье"
"Бодож үзье" гэх мэт.

Ингэснээр та ямар ч дарамт, шахалтгүйгээр өөрийн сонирхлыг нэгт тавьж, үнэхээр боломжтой эсэхээ нягтлан хариу өгөх боломж гарч байна гэсэн үг. 

Жижигхэн зүйлсээс эхэл

Хэрэв "үгүй" гэж хэлэх нь хэтэрхий хэцүү санагдаж байвал одоохондоо том хүсэлтэд даруйхан татгалзах шаардлагагүй. Оронд нь жижиг зүйлсээс эхэлж, өөрийгөө дасгаад нэг үзээрэй. Хэн нэгэн таныг хоол идэх үү гэхэд эсвэл ямар нэг зүйлийг хийхийг хүсээгүй үедээ “үгүй” гэж хэлэх гэх мэт өдөр тутмын энгийн зүйлсээс татгалзаж сурахыг зөвлөж байна. Учир нь жижигхэн зүйлст “үгүй” гэж хэлэх нь хамаагүй хялбар байдаг ба танд дараа нь том зүйлсээс татгалзах айдсыг тань багасгаж өгнө.

Тохиромжтой үгс ашиглах

Заримдаа "үгүй" гэж хэлэхэд зөв үгийг олж хэрэглэх нь чухал байдаг. Хэн нэгэнд татгалзсан хариу хэлэхдээ тохиромжтой үгс, өнгө аяс ашиглах нь таны шийдвэрийг бүдүүлэг бус, эвтэйхнээр хэлэхэд тусална. Жишээлбэл:
 "Одоогоор зав чөлөө бага байгаа болохоор боломжгүй байна, уучлаарай."
"Энэ удаад чадахгүй нь ээ, гэхдээ дараа боломж гарвал хамтрая."
“Энийг хийхэд өөр хүн илүү тохирох байх аа” гэх мэт.
-Гэмшихгүй байх

"Үгүй" гэж хэлэхийн хамгийн хэцүү нь дараа нь гэмших явдал юм. Гэхдээ гэмшил гэдэг нь та ямар нэгэн буруу зүйл хийсэн гэсэн үг биш. Гэмшил бол зүгээр л мэдрэмж бөгөөд энэ нь таны шийдвэр зөв байсан эсэхийн нотолгоо огтоосоо биш.  Цаг хугацаа өнгөрөх тусам та "үгүй" гэх үедээ гэмших нь багасах болно. 
-Бусдад “үгүй” гэж хэлэх нь өөртөө “тийм” гэж хэлж байгаа гэсэн үг

Бусдыг гомдоочихвий гэх айдсаасаа болоод бидний ихэнх нь"үгүй" гэж хэлэхдээ гэмшдэг. Гэвч үнэндээ "үгүй" гэж хэлэх нь өөртөө "тийм" гэж хэлж буй явдал юм. Та ямар нэгэн зүйлд "үгүй" гэж хэлэх бүртээ өөрийн амьдралын бусад чухал зүйлсүүддээ "тийм" гэж хэлж байгаа гэдгээ санаарай.

"Үгүй" гэж хэлэх нь өөрийгөө халамжилж буй нэг хэлбэр. Хэн нэгний урмыг хугалж байгаа биш харин өөрийн цаг хугацаа, эрч хүчээ гамнаж байгаа гэж хүлээж аваарай.

Тиймээс дараагийн удаа хэн нэгэн танаас юм хүсэхэд хийхийг хүсэхгүй бол, гүнзгий амьсгаа аваад, өөртөө "үгүй" гэж хэлэх эрхтэй гэдгээ сануулаарай. 

 

#үгүй гэж хэлж сурах #зөвлөгөө