Сурагчдын амралтанд зориулж “Хөхөө Намжил” дуурь тоглоно


Т.Онон | YOLO.MN
2025-04-10

Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн “Хөхөө намжил” дуурь нь Анх тайзнаа 1961 онд тоглогдсон. Тус дуурь нийт 3 удаа шинэчлэгдсэн бөгөөд хамгийн сүүлд 2019 онд МУУГЗ Л.Эрдэнэбулган дахин шинэчилэн найруулсан.

Л. Мөрдоржийн “Хөхөө Намжил” дуурь нь монголын өв соёлоо, уламжлан дээдлэх ёс заншлаа үр хойчдоо таниулан сурталчилан үндэсний бүтээл юм. Иймд тус дуурийг УДБЭТ-ын хамт олон  сурагчдын амралтанд зориулан 2025 оны  04-р сарын 12-нд 17.00 цагт, 04-р сарын 13-ны  15.00 цагт тайзнаа тоглох гэж байна.

Гурван бүлэг, таван үзэгдэлт уг дуурийн үргэлжлэх хугацаа 120 минут юм.

“Хөхөө намжил” дуурь нь морин хуур хөгжим анх үүссэн ардын домгоос үндэслэсэн бөгөөд ард түмний авъяас билэг ширгэшгүй ундрага, аман зохиол ялангуяа үлгэр, туульс, ерөөл, магтаал хичнээн баялаг болохыг магтан дуулсан  байдаг.

Ноёнтойгоо үзэл бодол таараагүй учир залуу Намжилыг алс Алтай нутагт хугацаагүй цэргийн албанд явуулна. Эх нутгаа санасан Намжил уянгалаг хоолойгоороо гайхагдаж “Хөхөө Намжил” алдрыг хүртжээ.Түүний дуулахыг Алтайн дагина сонсон Алтай нутгийг магтан дуулахыг хүснэ. Эх нутгийг нь магтан дуулсан Хөхөө Намжилд Алтайн дагина талархаж алт эрдэнэс барьсан ч төрсөн эх нутаг, амраг хүүхэн Уянгаа мөрөөдөж уулзахыг хүсэн байгаагаа хэлнэ. Алтай дагина түүнд гуурст хурдан хүлэг бэлэглэхэд Хөхөө Намжил тэр хүлгээ хөлөглөн эх нутаг амраг хүүхэнтэйгээ хормын төдийд очин уулзах болов.

Хорон санаатны ятгалгаар Уянга хүүхэн гуурст хүлгийн нь гуурсыг хайчлан хорооно. Алтайн дагина Уянга хүүхэнд гуурст хүлгийн нь дурсгалыг нь хүндэлж сүүлний хялгасаар нь чавхдас хийж морин толгойт хөгжим хийж Намжилдаа өгвөл түүний сэтгэлийн татах болно гэж зөвлөнө.
Ард олны цэцэн мэргэн ухаан, яндашгүй авьяас билэг улам бүр оргилон хөгжиж, түгэн дэлгэрч, шинэ утга санаагаар баяжиж байгаагаар дуурийн агуулга өрнөнө.

#Хөхөө Намжил