Олон улсын хуралд сайн дурын ажил хийх залуучуудыг урьж байна


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2025-04-08

Хэрвээ та зуны амралтаа үр бүтээлтэй, дурсамжтай өнгөрүүлэхийг хүсч байвал анхаарлаа нааш нь хандуулаарай. Ази Номхон Далайн Ротарактын Конференц (APRRC) анх удаа Монголд зохион байгуулагдах гэж байна. 

Байгууллагын талаар:
1968 онд АНУ-ын Хойд Каролинагийн Шарлотт дахь Charlotte North Rotary клуб дээр Rotary International-ийн залуучуудын хөтөлбөрөөр эхэлж байсан Ротаракт нь өнөөдөр 189 улсад үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд ойролцоогоор 9,000 клубын 120,000 гишүүнтэй томоохон байгууллага юм. Ротаракт клубын гишүүд нь нийгэмд сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулж, олон улсын болон орон нутгийн хэмжээнд олон төрлийн төслүүдийг хэрэгжүүлдэг. 

APRRC (Ази Номхон Далайн Ротарактын Конференц) нь Ротарактын байгууллагын хамгийн том бүсийн хурлуудын нэг бөгөөд Ази Номхон Далайн орнуудын Ротаракт гишүүдийг нэгтгэн, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах боломжийг олгодог.

Энэхүү хурлын үеэр, гишүүд олон улсын харилцаа, сайн дурын үйл ажиллагаа, хувь хүний хөгжлийн талаар хичээл, сургалтууд болон олон сонирхолтой үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. 
APRRC 2024 нь өмнө жил Сингапур хотод зохион байгуулагдаж байжээ. 
 

Яагаад APRRC 2025-д сайн дурын ажил хийх вэ?:

  • Танилын хүрээгээ тэлэх

Ази Номхон Далайн бүсийн 15 орны Ротаракт гишүүдтэй уулзаж, танилцах боломж.

  • Soft skill-үүдэд суралцах

Үйл ажиллагааны багтай хамтран ажиллаж, багаар ажиллах, зохион байгуулах зэрэг чадваруудаа сайжруулаарай.

  • Хэлний ур чадвараа сайжруулах

Англи, Хятад хэл дээр хүмүүстэй харилцаж, хэлний чадвараа сайжруулах боломжтой.

  • Сертификат авах

Сайн дурын ажлаа амжилттай дуусгаад албан ёсны сайн дурын ажилтны гэрчилгээ аваарай.

  • Үйл ажиллагааны 4 өдрийн турш сайн дурын ажилчдад байр, хоол үнэгүй олгоно.
  • Хувийн хөгжлийн сургалтанд сууж ирээдүйд хэрэгтэй чадваруудыг эзэмжих боломжтой.

Хэн оролцож болох вэ?

  • Нас: 20 болон түүнээс дээш настай байх
  • Боломжтой хугацаа: 2025 оны 6-р сарын 6-9-нд Тэрэлжид байх боломжтой байх
  • Хэлний ур чадвар: Англи хэлний дунд буюу түүнээс дээш мэдлэгтэй байх (Хятад хэлтэй бол давуу тал болно)
  • Харилцааны ур чадвар: Хариуцлагатай, тууштай, харилцааны ур чадвар сайтай байх
  • Үйл ажиллагаан дээр таны гүйцэтгэх үүрэг
  • Үйл ажиллагааны болон хөтөлбөрийн багтай хамтран өдөр тутмын үйл ажиллагаанд туслах, амжилттай хурал зохион байгуулахад тусалж ажиллах.

Бүртгэл дуусах хугацаа: 2025 оны 4-р сарын 20-ны 12 цаг

 

#сайн дурын ажил