Хүлэгүүд vs Бодонс багууд 3:3-аар тэнцэж 7 дахь тоглолт болохоор боллоо


Сэтгүүлч Д.Дөлгөөн | YOLO.MN
2025-04-04

Үндэсний дээд лигийн Плей-оффын тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр Сэлэнгэ Бодонс:Хасын Хүлэгүүд багуудын цувралын 6 дахь тоглолт болж Бодонс баг 3 дахь хожлоо авлаа. Тиймээс 2 баг 3:3 болон тэнцэж цувралын 7 дахь тоглолтод аль баг финалын шат руу явах нь шийдэгдэхээр болжээ.

Тус тоглолт маш чухал шийдвэрлэх тоглолт байсан билээ. Учир нь Хүлэгүүд хожсон бол Бодонс баг цувралыг орхих байсан.

Өчигдрийн тоглолт болох багуудын 6 дахь тоглолтын  2-р үед Сэлэнгэ Бодонс 47-36 Хасын Хүлэгүүд гэсэн онооны харьцаатай байв. 2-р үед Хасын Хүлэгүүд баг багийн алдаа 4-т хүрснээр Бодонс багт илүү боломж үүсэн тоглолтын хэмнэлийг өөрсдийн болгосон билээ.

Сэлэнгэ Бодонс багийн хувьд онцлох тоглогчид нар нь Тулга, Батбаяр, Сэргэлэнбаатар, Ахмад Гильберт нар байлаа. Тулгын хувьд довтолгоо 30.8%, 3 онооны шидэлт 57.1% гэх өндөр үзүүлэлт үзүүлжээ. Батбаярын хувьд довтолгоо 40%, 3 онооны шидэлт 50% үзүүлэлтүүдийг үзүүлэв.

Тус тоглолтод  Бодонс багийн хамгийн чухал үүрэг гүйцэтгэн багаа хожил руу хөтөлсөн тоглогч Ахмад Гильберт байлаа. Тэрээр нийтдээ 24 оноог авж бүх тоглогчдыг оноо авалтаараа тэргүүлсэн байна. Харин  Казинс Димаркусын хувьд сайн тоглолттой өдөр нь байгаагүй бололтой.

Нөгөө талаас Хүлэгүүд багийн тоглогчид болох Тольберт, Билгүүн, Ихбаяр нар тус тоглолтод гялалзсан тоглолтыг харуулан 4-р үед багийн оноогоор тэргүүлж байлаа. Гэсэн хэдий ч эцсийн мөчид Ихбаяр алдаа хийсэн гэж үзсэнээр 83:83 харьцаатай байсан тоглолт Бодонсын торгуулын 1 шидэлтээр шийдэгдэн Хүлэгүүд 83:84 Бодонс болж ялалт байгууллаа.

Тус тоглолтын нийт үзүүлэлтийг харвал Сэлэнгэ Бодонс багийн довтолгоо 37%, 3 онооны  шидэлт 42%, чөлөөт шидэлт  82%, самбар 42% байв . Хүлэгүүд багийн хувьд довтолгоо 54%, 3 онооны шидэлт 48%, чөлөөт шидэлт 60%, самбар 32 гэсэн үзүүлэлтүүд үзүүлжээ.

Дараагийн тоглолт болох шийдвэрлэх 7-р тоглолт энэ бямба гарагт M Arena-д болно.

Эх сурвалж: Үндэсний дээд лиг

#Сагсанбөмбөг