Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Намайг өөрт нь сайн гэдгийг гадарлаад нэг л хөндий болчихсон
Би одоо 17-той нэг хөвгүүнийг 5 жил харж байна. Ер нь л охид түүнд маш сайн байдаг. Мөн манай найз олон жил харж явсан юм. Гэхдээ энэ жил би түүнд сайн гэдгээ найздаа хэлчихсэн. Харин тэр хүүхэд маань намайг өөрт нь сайн гэдгийг гадарлаад ер нь хөндийдүү болчихсон юм шиг санагдаад байна. Уг нь би тийм ч мэдэгдэхээргүй л байдаг гэж манай найзууд хэлсэн. Тэгээд л доод ангийн охин сайн бас манай үеийн охид ч бас "хайр зарлаад" л яваад байдаг. Тэр охидтой дотно чатладаг мөртлөө хэнтэй нь ч үерхдэггүй. Тэгсэн мөртлөө надтай чатлахдаа их л ууртай ч юм шиг төвөгшөөсөн юм шиг бичдэг. Би яг яах ёстой вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Жаахан зориг гаргаад шийдэмгий хөдлөхөд удаан зовоосон асуудлаа бид шийдвэрлэж чаддаг
Сайн байна уу, захидал илгээсэнд баярлалаа. Чиний насныханд сургуулиа амжилттай төгсөх, мэргэжлээ сонгох мөн хаана ямар их сургуульд элсэх вэ гээд олон чухал асуудал, сонголтууд тулгардаг. Магадгүй тийм ч болохоор чиний сайн хөвгүүн охидтой болзохоос илүүтэй ирээдүйгээ төлөвлөж түүндээ цагаа зарцуулж байж болох юм. Гэхдээ энэ бол миний таамаглал. Тэр чамайг төвөгшөөгөөд байгаа юм шиг санагдаж байгаа нь бас чиний таамаглал. Ер нь дэвшүүлсэн таамгаараа ярилцах, шийдвэр гаргахад их хэцүү байдаг. Тиймээс би чамайг эхлээд бүх зүйлсийг илүү тодорхой ойлгомжтой болгоосой гэж хүсч байна. Тэр үнэхээр чамайг төвөгшөөж байна уу, тэгвэл яагаад вэ гэдгийг асуу. Хааяа бид жаахан зориг гаргаад шийдэмгий хөдлөхөд удаан зовоосон асуудал, асуултуудаасаа салж чаддаг. Түүнчлэн чамд санаа тавих, цагаа зарцуулах өөр чухал зүйлс байгааг санаарай. Амжилт хүсье.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач Б. Алтанцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх