Улаанбурханы халдвар нь бие махбодод тархахаасаа өмнө амьсгалын замыг өвчлүүлдэг, халдварлах чадвар хамгийн өндөртэй вирусүүдийн нэг юм. Вакцин хийлгээгүй 10 хүн тутмын ес нь халдвартай хүнтэй хавьтсан тохиолдолд шууд халдвар авах боломжтой. Улаанбурханы халдвар нь халуурах, арьсан дээр тууралт гарах зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Харин хүндэрсэн тохиолдолд сонсгол, хараа муудах, уушгины хатгалгаа, мөн үхэлд хүргэж ч болох тархины үрэвсэл үүсгэх аюултай аж.
2023 онд дэлхий даяар улаанбурханы 10.3 сая батлагдсан тохиолдол, халдвараас үүдсэн 107 мянга 500 нас баралт бүртгэгдсэнийг ДЭМБ мэдээлсэн юм. Ялангуяа вакцинд хамрагдаагүй болон нэг тун хийлгэсэн тав хүртэлх насны хүүхдүүдийн дунд тархалт өндөр байжээ.
Улаанбурхан нь нярай хүүхэд болон хавдрын эмчилгээнээс үүдэн дархлаа нь суларсан насанд хүрэгчдэд хүндээр тусдаг байна. Хэрэв жирэмсэн үед улаанбурханаар өвчилбөл зулбах, дутуу төрөх зэрэг эрсдэлтэй.
Түүнчлэн хүний биед орсон вирусийг таньж, устгахад чухал үүрэг гүйцэтгэдэг B эс рүү улаанбурханы вирус довтолж сулруулдаг тул халдвар авсны дараа олон жилийн турш дархлаа муудах эрсдэл үүсгэдэг байна. Ховор тохиолдолд улаанбурханы вирус тархинд үлдэж, анх халдвар авснаас удаан хугацааны дараа үхэлд хүргэх өвчлөл үүсгэх магадлал бий.
Улаанбурхан өвчний вирус хэрхэн халдварладаг вэ?
Халдвартай хүний амьсгалсан, ханиасан, найтаасан өрөөнд ердөө хоёр цаг байхад л халдвар авах эрсдэлтэй. Мөн өөрт нь аливаа шинж тэмдэг илрээгүй хүнээс ч бусдад халдварлаж болно.
Улаанбурханы вакцины сөрөг талууд юу вэ?
Улаанбурхан, улаануудын халдвараас сэргийлэх MMR төрлийн вакцин нь эрсдэлийн түвшин маш бага. Эхний тунг хийсний 93 хувийн дархлаа үүсдэг. Харин хоёр тун хийлгэсний дараа 97 хувийн дархлаа үүсгэдэг тул одоо ашиглагдаж буй хамгийн үр дүнтэй вакцинуудын нэгт тооцогддог.
Харин вакцин хийлгэсний дараа өсвөр насны охид болон энэ төрлийн вирусийн дархлаагүй эмэгтэйчүүдэд гар хөндүүрлэх, халуурах, бага зэрэг тууралт үүсэх, түр хугацаанд үе мөчөөр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй.
10 мянгад дөрвөн удаа буюу маш ховор тохиолдолд буюу хэт өндөр халуурснаас үүдэлтэй таталт өгч магадгүй ч урт хугацааны нөлөө байхгүй.
Ноцтой харшлын урвал мөн ховор тохиолдох ч антибиотик неомицин-д харшилтай өвчтөнд илэрч болзошгүй. Тиймээс энэ төрлийн харшилтай хүмүүс вакцин хийлгэхээс зайлсхийх хэрэгтэй.
Улаанбурхан өвчний халдварыг хэрхэн эмчлэх вэ?
Улаанбурханы халдварт тодорхой эмчилгээ байхгүй. Харин шинж тэмдгүүдийг намдаах, дархлаа дэмжих эмчилгээ 7-10 хоног хийгдэнэ. Өдөрт 6-8 аяга ус ууснаар шингэнээ нөхөх боломжтой. Мөн хоолойн өвдөлт, ханиалга намдаахад агаар чийгшүүлэгч ашиглаж байна.
Улаанбурханы халдвар авсны дараагаар хүн тус вирусийн эсрэг бүтэн дархлаатай болдог.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!