Сансрын нисгэгчид Бутч Уилмор, Суни Уильямс нар 2024 оны 6-р сарын 5-нд Олон улсын сансрын станц руу 10 хоногийн богино хугацааны аялал хийхээр хөөрсөн. Гэвч хөдөлгүүрийн систем доголдов.
НАСА шийдвэр гаргалаа: Аюулгүй буцах боломжтой болтол сансрын станц дээр үлдэх. Үр дүнд нь юу болсон бэ? Тэд сансарт нийт 286 өдөр өнгөрөөж, ганц нислэгээр хамгийн удаан ажилласан НАСА-гийн нисгэгчдийн баг болжээ.
Гэхдээ хүндийн хүчгүй орчинд ийм удаан хугацаанд байх нь хүний биед ямар нөлөө үзүүлдэг вэ?
1. Өндөр нэмэгдэх
Газрын татах хүчгүй орчинд нурууны яс дарагдахгүй учраас сансрын нисгэгчид эхний 3-4 өдрийн дотор өндөр нь 3%-иар нэмэгддэг. Энэ нь нурууны баганад гарч буй өөрчлөлтөөс үүдэлтэй. Гэхдээ дэлхийд эргэж ирсний дараа хэдхэн хоногийн дотор хэвийн хэмжээндээ ордог.
2. Ясны нягтрал алдагдах
Яс нь механик ачааллын нөлөөгөөр нягтралаа хадгалдаг. Гэвч сансарт хүндийн хүчний ачаалал байхгүй тул ялангуяа ташаа, хөл зэрэг ачаа даах яснууд нимгэрч эхэлдэг байна. Сар бүр ясны нягтралын 1%-ийг алддаг бөгөөд энэ нь дэлхий дээрх өндөр настай хүмүсийн ясны алдагдлаас хэд дахин хурдан юм. Үүний улмаас хугарал үүсэх эрсдэл ихэсдэг.
3. Зүрх судасны тогтолцооны өөрчлөлт
Хүндийн хүчгүй орчинд зүрх цусыг шахахад бага ачаалалтай ажилладаг тул булчингийн масс болон эзлэхүүн нь бага зэрэг буурдаг тул зүрх бага зэрэг жижгэрдэг. Энэ нь цусны даралт багасах, эргэн ирсний дараа толгой эргэх шалтгаан болдог. Гэсэн ч буцаж ирсний дараа нөхөн сэргэх боломжтой.
4. Шингэний хуваарилалт
Дэлхий дээр хүндийн хүч нь биеийн шингэнийг доош татдаг бол сансарт энэ шингэн толгой руу шилждэг. Үүний улмаас нүүр хөөх, хамар битүүрэх шинж тэмдэг илэрдэг бөгөөд байнгын ханиад хүрсэн мэт мэдрэмж төрнө. Үүнээс гадна тархины дотоод даралт ихсэж, хараанд асуудал үүсгэж болзошгүй.
5. Цацраг идэвх туяанд өртдөг
Дэлхийн агаар мандлын хамгаалалтаас гадуур байх үед сансрын цацраг идэвхт туяанд илүү их өртдөг. Энэ нь хавдрын эрсдэлийг нэмэгдүүлэх, ой санамж сулрах магадлалыг өсгөх шалтгаан болдог. Олон улсын сансрын станц тодорхой хэмжээний хамгаалалттай ч удаан хугацааны аялалд энэ нь томоохон асуудал хэвээр байна.
6. Харааны өөрчлөлт
"Сансарт үүсэх мэдрэл-нойр булчирхайн хам шинж" нь сансрын нисгэгчдийн нүдний даралт ихсэж, хараа муудах шалтгаан болдог. Шингэний толгой руу хэтэрхий их төвлөрөл нь харааны мэдрэлд даралт өгч, нүдний хэлбэр өөрчлөгдөхөд хүргэдэг. Ихэнх тохиолдолд энэ нөлөө түр зуурынх байдаг ч удаан хугацаанд үргэлжилбэл ноцтой асуудал үүсэх эрсдэлтэй.
7. Дархлаа сулрах
Сансарт удаан хугацаанд байх нь дархлааны тогтолцоонд сөргөөр нөлөөлж, биетийг халдвар авах эрсдэлд оруулдаг. Дархлааны эсүүдийн үйл ажиллагаа суларч улмаар бие доторх далд вирусууд сэргэх хандлагатай болохыг судалгаагаар тогтоосон. Тиймээс, нислэгийн өмнө болон дараа дархлааг сайтар хянах шаардлагатай.
8. Булчингийн сулрал
Сансарт булчингууд дэлхий дээрх шиг ачаалал авахгүй учраас сулрах аюултай. Ердөө 5-11 хоногийн дотор булчингийн массын 20%-ийг алдаж болно. Үүнийг багасгахын тулд нисгэгчид өдөрт 2 цаг орчим тусгай тоног төхөөрөмжөөр дасгал хийдэг. Гэхдээ ямар ч тохиолдолд тодорхой хэмжээний булчингийн алдагдал гарах тул буцаж ирсний дараа сэргээн засах эмчилгээ зайлшгүй шаардлагатай.
Сансарт удаан хугацаанд байх нь хүний биед олон өөрчлөлт авчрах ч НАСА эдгээр нөлөөг судалж, ирээдүйн сансрын аяллыг илүү аюулгүй болгох арга замыг боловсруулсаар байна.
Эх сурвалж: Bright Side
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!