Ким Су Хён өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх бөгөөд асуулт хүлээн авахгүй


Т.Онон | YOLO.MN
УРЖИГДАР

Ким Су Хён сүүлийн үед үүсээд буй маргаантай холбоотойгоор хэвлэлийн бага хурал хийхээр болжээ.

Гуравдугаар сарын 30-ны шөнө GOLDMEDALIST Ким Су Хёнийг хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчидтэй биечлэн уулзахыг мэдэгдсэн. Гэхдээ зөвхөн урьдчилан бэлдсэн мэдэгдэл унших бөгөөд асуулт хүлээн авахгүй гэдгийг онцолжээ.

Энэхүү мэдэгдэл нь талийгаач Ким Сэ Роны гэр бүл хэвлэлийн бага хурал хийсний хэдхэн хоногийн дараа гарсан байна. Тус хурлын үеэр гэр бүлийн хуулийн төлөөлөгч Ким Сэ Рон бага насандаа Ким Су Хёны хамт мессежээр харилцаж байсан гэх зурагнуудыг дэлгэсэн юм.

GOLDMEDALIST-ийн хэвлэлийн бага хурлын талаарх мэдэгдэл:

Сайн байцгаана уу, энэ бол GOLDMEDALIST.

Юуны өмнө, сүүлийн үйл явдлуудтай холбоотойгоор санаа зовоосон зүйл учруулсанд харамсаж байна. Тиймээс бид хэвлэлийн төлөөлөгчидтэй биечлэн уулзах боломжийг олгож, хэвлэлийн бага хурал хийхээр бэлдлээ.

Энэ өдөр манай хуулийн төлөөлөгч LKB & Partners хууль зүйн товчоо болон жүжигчин Ким Су Хён албан ёсны мэдэгдэл хийх болно.

Мөн уг мэдэгдлээс бусад асуулт хүлээн авахгүй гэдгийг урьдчилан ойлгон хүлээн авна уу.

Баярлалаа.

Ким Су Хёны хэвлэлийн бага хурал өнөөдөр буюу гуравдугаар сарын 31-ний 16:30 цагт болохоор товлогджээ.

#Ким Су Хён #Ким Сэ Рон #GOLDMEDALIST