Улаанбаатар дахь Бритиш сургуулиас дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “Боловсролын ба Карьерын үзэсгэлэн-2025” өнгөрсөн баасан гарагт тус сургуулийн байранд зохион байгуулагдлаа.
Уг үйл ажиллагаанд Улаанбаатар дахь олон улсын нийт 13 сургуулийн 9-12-р ангийн 1200 сурагчид болон 63 байгууллага оролцлоо.
Үзэсгэлэнгээр албан байгууллагууд сайн дурын ажил, дадлагын ажил, тэтгэлэгт хөтөлбөрүүд болон боловсрол дээшлүүлэх боломжуудаа танилцуулсан.
Хамгийн гол нь сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээлэл өгч, хувийн туршлага болон зөвлөмжүүдийг залуу үеийнхэндээ дамжууллаа.
Үйл ажиллагааны талаар Улаанбаатар Бритиш сургуулийн сургалтын албаны дарга Б.Цацралаас тодрууллаа.
"Манай сургууль Британийн дунд сургуулийн хөтөлбөрийг цогцоор нь хэрэгжүүлдэг. Сургалтын хөтөлбөрийн 50 хувь нь академик боловсрол олгодог бол 50 хувь нь хувь хүний хөгжлийг дэмждэг. Бага ангиас өөрийгөө таних олон төрлийн үйл ажиллагаа явуулдгийн жишээ бол өнөөдрийн үйл ажиллагаа юм. Бид энэ үйл ажиллагаагаа дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.
Өнөөдрийн үйл ажиллагаанд оролцож байгаа байгууллагуудын тал нь мэргэжлийн чиг баримжаа олгох бизнесийн байгууллагууд, үлдсэн нь 16-с дээш настай хүүхдүүдийн хамрагдах боломжтой боловсролын байгууллагууд юм.
Миний хувьд бага, дунд ангидаа Англид амьдарч байсан. Яг өнөөдрийнх шиг үйл ажиллагаанд зургадугаар ангидаа оролцож байсан. Гал командынхан, шүдний эмч нар ирээд эмч, гал сөнөөгч хүн байх ямар байдаг вэ гэх мэт мэдэгдэхүүн олгож байсан нь сэтгэлээс ер гардаггүй."
Британийн хөтөлбөртэй сургуулиудын хувьд энэ нь нэг удаагийн үйл ажиллагаа байдаггүй ба хэлэлцүүлгүүд, мэргэжлийн карьерын зөвлөгөө, ганцаарчлан зөвлөгөө өгөх гэх зэргээр ажилладаг давуу талтай. Британийн сургалтын хөтөлбөр бага насандаа олон төрлийн өргөн хүрээтэй хичээлүүд үзэж байгаад ахлах ангидаа орох тусам илүү мэргэжлийн хичээлүүдийг үздэг. Энэ сонголтуудыг хийлгэхийн тулд шатлал бүрд нь хүүхдүүдийг дэмжин илүү өөрийгөө таньж мэдэхэд туслах арга хэмжээнүүд хийдэг.
Улаанбаатар Бритиш сургуулийн захирал Марк Рийд:
"Z үе бол технологийн эрин үед хамгийн их дасан зохицох чадвартай үе. Тэд мэдээлэлд хурдан хандаж, технологийг бүтээлч байдлаар ашиглах чадвартай. Гэвч энэ нь заримдаа анхаарал сарних, цахим орчинд хэт их цаг зарцуулах гэх мэт сул талуудыг дагуулдаг.
Боловсролын салбарын хувьд Z үеийнхэн хэрхэн суралцаж байгааг ойлгох нь маш чухал. Уламжлалт сургалтын арга барил энэ үеийнхэнд тохирохгүй. Харин орчин үеийн технологийг сургалтад ашиглах, илүү практикт суурилсан хичээлүүдийг зохион байгуулах нь тэдний сурах сонирхлыг нэмэгдүүлнэ.
Тэдний суралцах арга барилд тохируулан боловсролын системээ шинэчилснээр бид Z үеийнхнийг илүү үр дүнтэй дэмжиж, ирээдүйд нь бэлдэх боломжтой юм. Учир нь өмнөх цаг үе үргэлж шинэчлэгддэг шүү дээ."
“Хүннү эйр” компанийн Embraed E-100 агаарын хөлгийн хамтран нисгэгч Б.Чингүүн:
"Нисгэгч хүн маш хариуцлага өндөртэй, цаг ягштал баримтлах шаардлагатай онцлогтой. Олон орны олон хотуудыг харах боломжтой, өндөр цалинтай зэрэг давуу талтай. Сул тал нь суурин байх нь бага учраас ар гэртээ бага цаг гаргах магадлалтай.
Манай улсад өнөөдрийн байдлаар агаарын хөлгийн нисгэгчээр бэлдэхгүй байгаа. Гэхдээ ШУТИС-д агаарын хөлгийн инженерийн анги байдаг. Математик, хими, физик, англи хэлээр шалгалт авдаг. Инженер болсны дараа нисгэгч болбол илүү давуу талтай.
АНУ, Канад, Шинэ Зеланд, Австрали, ОХУ-д ихэнх нисгэгч нар бэлтгэгдэг. Хувийн зардлаар болон ИНЕГ-ын тэтгэлэгтэйгээр суралцах боломжтой байдаг. Сүүлийн үед Солонгос улс бакалаврын зэрэгтэй нисгэгч бэлддэг болсон байна."
"Өмгөөллийн Төгс энд Ко" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Төгсбаяр:
"Хуульч хүний нэг онцлог бол нийгэм хэрхэн хоорондоо зохицож амьдардаг вэ гэдгийг маш нарийн судалдаг. Нийгмийн зүй тогтлыг, юмс хоорондын зүй тогтлыг логиктой ойлгодог гэсэн үг. Тэр утгаараа улстөрч нарын дунд хуульч мэргэжилтэй хүмүүс маш их байдаг. Жишээ нь Обама, Клинтон нар хуульч байсан.
Хуульч хүн маш их анхаарлаа төвлөрүүлдэг, сууж сурсан байх, тэвчээртэй байх ёстой. Гэрээ боловсруулах, кейс дээр ажиллахад хавтаст хэргээ нарийн нягт харахын тулд маш их анхаарал төвлөрүүлэх шаардлага гардаг.
Мөрдөгч шинжтэй, ажилдаа дуртай хүн прокурор болдог. Өмгөөллийн мэргэжил бол үйлчилгээний бизнес эрхэлж байна гэсэн үг. Шүүгч, прокурор болбол төрийн албан хаагч болно гэсэн үг. Мөн хууль боловсруулах чиглэлээр бодлогын бичиг баримтууд дээр ажиллаж болно. Мөн компанийн хуульч болох боломжтой, мөн дотроо банкны гэх мэтээр мэргэшээд явах боломжтой. Хүүхдүүдэд зөвлөхөд заавал гадаадад сурах шаардлагагүй, Монголд ч боломжууд байна."
PineCone академийн харилцааны менежер Маралмаа:
"Технологийн гол хоёр мэргэжил болох софтвэйр инженер буюу программист, UX дизайнерын талаар мэдээлэл өгье.
Эдгээр мэргэжил нь туршлагатай болчихвол зайнаас ажиллах боломжтой эрх чөлөөтэй мэргэжил юм. Гадаадын ихэнх компани энэ мэргэжлийн бакалавр шаардахаа больчихсон. Хард скил болон софт скил шалган ажилд авдаг. Заавал мэргэжлийн диплом сертификат шаардахгүйгээр чадвар л байхад ажилладаг болсон.
Компани болгон өөрийн вебсайттай болохыг зорьдог. Аливаа аппликэйшн вебсайт UX дизайнерын тусламжтайгаар олонд хүрдэг. UX дизайнер маань тухайн технологийн бүтээгдэхүүн хүнд яаж загварчилбал хүнд илүү хүрэх вэ гэдгийг бодож загварчилж өгдөг. Харин вебийг харагдах байдлаас нь үзэмжтэй харагдуулах ажил мэргэжил нь UI дизайнер юм."
Энэ өдрийн үйл ажиллагаанд хууль, хүнс үйлдвэрлэл, санхүү, хэвлэл мэдээлэл гэх мэт олон салбарын мэргэжилтнүүдийн төлөөлөл ирсэн. Жишээ нь санхүүгийн чиглэлээр ажиллахад банкир, теллер, санхүүгийн шинжээч байж болно гэх мэтээр олон төрлийн задаргаа мэдээллийг сурагчдад өгч байлаа.
Энэ нь сурагчдад бодит мэдээлэл цуглуулж, асуултууддаа хариулт авч, Монгол улсынхаа ирээдүйд хэрхэн хувь нэмэр оруулж болохоо ойлгож мэдэх онцгой боломж байлаа.
Үйл ажиллагааны зургуудыг доороос харна уу.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!