Ангийнхантайгаа дурсамж бүтээх ХӨГЖИЛТЭЙ бас СОНИРХОЛТОЙ санаанууд


Б.Саранчимэг | YOLO.MN
2025-03-12

Ангийнхан бол зүгээр л хичээл дээр таардаг хүмүүс биш, хамгийн хөгжилтэй, үнэнч нөхөрлөлийг бий болгодог нандин хүмүүс билээ. Тэр дундаа арван жилийн ангийнхны нөхөрлөл хамгийн чухал. Сургуулиа төгсөөд л өөр өөрсдийн хувийн амьдралдаа анхаараад уулзаж, учрах ч боломжгүй болчихно. Тиймээс хамт байгаа богинохон хугацаандаа л илүү олон дурсамж бүтээгээрэй. Дурсамж гэхээр зүйл бараг алга даа хэмээн бодож байвал санаа чилээх хэрэггүй ээ. Үлдсэн хугацаандаа л илүү дурсамжтай, хөгжилтэй байхад болно.

Өнөөдрийн нийтлэлээр арван жилээ удахгүй төгсөж буй төгсөх ангийнхандаа зориулан ангийнхантайгаа хамт дурсамж бүтээлцэх хөгжилтэй 14 санааг танилцуулъя. Аялалд хамтдаа гарах, кино үзэх, хоолонд орох гэхээс илүү өвөрмөц, сонирхолтой санаануудыг хүргэж байгаа учир заавал хамтдаа туршаад үзээрэй.

  1. Влог хийх

Ангийнхаа энгийн нэгэн хичээлийн өдөр, шалгалтдаа бэлдэж буй үе, аялал, найзуудын хөгжилтэй зураг, хөгжилтэй тоглоом тоглож байх мөч, мартмааргүй агшнуудаа эвлүүлэн влог болгон хадгалаарай. Зүгээр л бичлэг хийчихвэл болчих юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ влог хийх нь илүү ач холбогдолтой. Утсаа алга болгох, багтаамж дүүрснээс болж зарим зураг устах зэргээс болж бидний нандин мөчүүд устах аюултай. Харин влог болгон хадгалснаар хэн хэзээ ч, хаанаас ч хүссэн үедээ үзэх боломжтой болно.

  1. Дүрд хувирах

Ангийнхнаасаа хэн нэгнийг сугалж, тэр хүний хувцаслалт, зан аашийг нь дуурайн нэг өдрийг өнгөрүүлээрэй. Гэхдээ хэн нь хэний дүрд хувирсан гэдгээ хэлж болохгүй. Бусад нь таавал сонирхолтой биш гэж үү. Заавал ангийнхнаасаа гэлгүй багш, ажилтан эсвэл алдартны дүрд хувирсан ч болно. Илүү л сонирхолтой болох байх даа.

  1. Дурсамжийн ном бүтээх

Эхлээд ангийн найзуудаасаа ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болмоор байгааг нь асуугаарай. Дараа нь AI ашиглан ирээдүйд тэр мэргэжлээр ажиллаж байгаа мэт харагдахаар зураг хийн, номдоо оруулбал сонирхолтой байх болно. Мөн зургийнх нь ард сурч байх хугацаанд нь тохиолдож байсан хөгтэй явдал, нандин дурсамж, гунигт мөч, мартмааргүй анхны хайрынх нь түүхийг оруулчихвал ирээдүйд уншихад хамгийн нандин, дурсамжтай ном болох биз ээ.

  1. Хамтдаа сайн үйлсийн аянд нэгдэх

Нийгэмдээ эерэг, зөв зүйлийг уриалан ангийнхантайгаа хамтдаа сайн үйлсийн аянд нэгдээрэй. Асрамжийн газрын өндөр настнуудад туслах, мод тарих, гудамжны амьтдыг асрах газарт хүргэж өгч, хооллох, цусаа хандивлах, сургуулийн болохгүй байгаа орчноо хамтдаа янзлах зэрэг ямар ч сайн үйлс байж болно. Хамгийн гол нь хэт хүндээр хүлээн авч, их мөнгө зарцуулж, өөрсдөдөө дарамт бололгүйгээр боломждоо тааруулан хэн нэгэнд туслахаа мартуузай.

  1. Хөгжилтэй челленжид нэгдэх

Tiktok, Instagram дээрх тренд бүжиг эсвэл хөгжилтэй тоглоом, сорилтуудыг хамтдаа туршаарай. Энэ нь ангийн уур амьсгалыг илүү эерэг болгоно. Бүжиг дагаад бүжиглэх гэсэн ч чадахгүй байж болно, гол нь дурсамж шүү.

  1. Ангийн сүлд дуутай болох

Ангийн онцлогийг илэрхийлсэн дуу зохиож, клипжүүлээрэй. Танай ангид гайхалтай дуучин, нүдэнд харагдтал бичдэг бичээч байж л байгаа. Тэдэнтэй хамтраад ангийн сүлд дуутай болчихвол гоё биш гэж үү?

  1. Чин сэтгэлийн яриа хийх

Магадгүй ангийн хэн нэгэн найзаа гомдоогоод эвлэрч амжаагүй байгаа юм биш биз. Эсвэл анги нэг л эв түнжинтэй, байнга л хоорондоо муудалцаад байна уу.  Нэгэнтэйгээ ярилцаж чадахгүй, тунирхаж явсаар байтал төгслөө шүү найзууд аа. Төгсөхөөсөө өмнө л ангийнхантайгаа чин сэтгэлийн яриа хийгээд үзээрэй. Хамгийн эхэнд ширээнүүдээ хурааж зай гаргаад, тойрог болон суух хэрэгтэй. Дараа нь хүүхэд бүр хажууд суугаа найзууддаа хэлэхийг хүссэн үгээ хэлж, нэгнээсээ ичилгүй бүх зүйлээ яриарай. Юунд гомдож явдаг, ямар зүйлд нь талархдаг гэдгээ ч. Үүний дараа яг л нэг анги шиг санагдаж, анги илүү эерэг гэгээлэг орчинтой болох болно.

  1. Ангийнхаа логог бүтээж, хос хувцастай болох

Ангийн онцлогийг илэрхийлсэн лого зохиож, футболк, цамц эсвэл малгай дээр хэвлүүлэн өмсвөл дараа нь харахад ч дурсамжтай хөөрхөн санагдана.

  1. Бидний “АХА” тэмцээн

Хүн бүр АХА тэмцээнийг мэднэ шүү дээ. Харин бидний “АХА” тэмцээн бол бага зэрэг өөр. Ангийн онцлог болон ангийнхаа хүүхдүүдийн тухай сонирхолтой асуултууд бэлдэж, нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрүүлээрэй. “Хичээлдээ дандаа хоцордог хүн нь хэн бэ”, “Хэн хамгийн дурламтгай вэ”, “Түүний төрсөн өдөр хэзээ вэ” зэрэг ямар ч асуулт байж болно.

  1.  “Нууц даалгавар” тоглоом тоглох

Хүн бүр сугалаа сугалж, санамсаргүй байдлаар сонгогдсон даалгаврыг биелүүлнэ.  Тухайн даалгаврыг хэн нэгэн нь урьдчилан бэлдсэн байх хэрэгтэй. Гэхдээ хүнд даалгавар байж болохгүйг анхаарах хэрэгтэй. Эсрэг хүйстний хэн нэгэнтэй танилцах, нэг өдрийг зүүн гараараа бичих, крашаасаа болзохыг асуух зэрэг хөнгөхөн тоглоом байхад л болно.  

  1.  Боулинг, биллиард, спортын өдөр

Ангийнхантайгаа хамт спортын өдөрлөг зохион байгуулаарай. Үргэлж ангидаа бус гадуур хамтдаа уулзаж, нэг өдөр дуртай спортоо тоглож, хөгжилтэй өнгөрүүлэх хэрэгтэй. Олуулаа нийлээд заалаа түрээсэлчихвэл зардал нь ч хямд тусна.

  1.  Гиннесийн дээд амжилт турших

Ангийнхантайгаа хамт гиннесийн дээд амжилтыг туршаад үзээрэй. Хамгийн хурдан шоо эвлүүлэх, хамгийн удаан нэг хөл дээрээ зогсох гэх мэт.

  1.  20 мянган төгрөгийн челленж

Аялал хийхэд заавал их мөнгө байх албагүй. Бага мөнгөөр ч аялж болно гэдгийг энэ өдөр харах болно. Челленж эхлэхийн өмнө оролцох суралцагчид тус бүр 20 мянган төгрөгөө бэлдсэн байх шаардлагатай. Мөнгөө өөрсдөө тохиролцож болно. Хамгийн гол нь бага мөнгө байж л челленж илүү сонирхолтой болох болно.  Челленжийг удирдан явуулж буй хүн оролцогчдод даалгавар өгнө. Тухайн өдөр олгогдсон мөнгөөр л зөвхөн хоол идэх, унааны зардал болон бусад зүйлд ашиглах хэрэгтэй. Сүүлд нь хамгийн бага мөнгөтэй үлдсэн хүнээ олон нийтийн газар авьяасаа үзүүлэх зэрэг хөгжилтэй байдлаар шийтгээрэй.

  1.  Мэтгэлцээний өдөр

Энэ удаад илүү ухаалаг, ашигтай байдлаар дурсамж бүтээх болно. Ангиасаа хамгийн сонирхолтой мэтгэлцэх боломжтой гэсэн сэдвээ сонгоно. Гэхдээ үүнд заавал бүх хүүхдийг хамруулалгүйгээр орох сонирхолтой хүмүүсийг оруулах хэрэгтэй. Учир нь зарим хүүхдүүд бусдын өмнө ярих маш том айдас, сандралтай байх нь бий. Дурсамж бүтээх гэж байна гээд нэг найзаа байдалд оруулж болохгүй шүү. Тэгээд оролцох багууд “Няцаагч” болон “Нотлогч” гэсэн хоёр хэсэгт хуваагдаж, тархиараа уралдаарай. Ялсан багт нэг удаа их цэвэрлэгээнээс хасагдах зэрэг хөнгөн шагнал өгөх хэрэгтэй.

Эцэст нь хэлэхэд...

Хэт их хичээл, шалгалт, даалгаварт дарагдаад жинхэнэ дурсамж бүтээх мөчүүдээ алдахгүй байх нь чухал шүү. Хичээл бол зайлшгүй хийх ёстой зүйл, гэхдээ зөвхөн хичээл л хийсээр байгаад өсвөр насныхаа хөгжилтэй, үнэ цэнтэй мөчүүдийг орхигдуулж болохгүй. Тиймээс хааяа ч болов ангийн найзуудтайгаа хөгжилдөж, инээлдэж, санаандгүй мөчүүдийг бүтээж байгаарай. Учир нь хэдэн жилийн дараа та хичээл дээр авсан дүнгээ биш, хамтдаа өнгөрүүлсэн хөгжилтэй, дурсамжтай мөчүүдээ илүү их санадаг юм шүү.

#дурсамж