Азийн хамгийн чинээлэг гэр бүлүүд


Bloomberg TV Mongolia | YOLO.MN
УРЖИГДАР

Эрэмбийн тэргүүнд Энэтхэгийн аварга конгломерат "Reliance Industries"-ийг удирддаг Амбанигийн гэр бүл 90.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр бичигдэж байна. Ингээд Азийн хамгийн чинээлэг гэр бүлүүдийн эрэмбийн эхний 10 байрт орсон гэр бүлүүдтэй танилцацгаая.

Мукеш, Анил Амбани нарын эцэг Дирубхаи Амбани "Reliance Industries"-ийн суурийг 1950-иад оны эцсээр тавьж эхэлжээ. 2002 онд Дирубхаи гэрээслэл үлдээлгүй нас барсны дараа эхнэр нь зуучлагчийн үүрэг гүйцэтгэж, гэр бүлийн хөрөнгөө удирдах эрхийг хөвгүүддээ хуваасан байна. Мумбайд төвтэй тус группийн жолоог өдгөө Мукеш Амбани атгаж буй. Тус групп газрын тос боловсруулах дэлхийн хамгийн том үйлдвэрийг эзэмшихийн сацуу технологи, жижиглэн худалдаа, санхүү, ногоон эрчим хүчний салбарт тэлж, бизнесийн нэгж тус бүрийг Мукешийн үр хүүхдүүд удирдаж байна. 

Та мэдсэн үү?

Амбани өдгөө дата төвүүд, байгууллагын программ хангамж зэрэгт хөрөнгө оруулж, Энэтхэгийн хиймэл оюун, робот, дэвшилтэт технологийн хөгжлийг түүчээлж байна. 

Чиа Эк Чор 1921 онд хар салхины улмаас сүйдсэн Өмнөд Хятад дахь тосгоноо орхин Тайландад шинэ амьдрал эхлүүлж, ахынхаа хамт хүнсний ногооны үр зардаг болжээ. Үүнээс нэгэн зууны дараа Чиагийн хүү Данин Чеараванонт хүнс, жижиглэн худалдаа, харилцаа холбооны салбарт конгломерат болсон "Charoen Pokphand Group"-ийн ТУЗ-ийн захирлаар ажиллаж байна.

Оэи Ви Гван 1950 онд тамхины нэгэн брэндийг худалдан авч, нэрийг нь "Djarum" хэмээн өөрчилжээ. Хожим тус бизнес Индонезийн тамхи үйлдвэрлэлийн тэргүүлэгчдийн нэг болж өргөжсөн байна. 1963 онд Оэи нас барсны дараа хөвгүүд нь "Bank Central Asia"-д хөрөнгө оруулалт хийн бизнесээ төрөлжүүлсэн байна. Өдгөө тэрхүү эзэмшдэг хувь нь гэр бүлийнх нь дийлэнхийн бүрдүүлж байна.

Та мэдсэн үү?

"Djarum" санхүүгийн хүндрэлд ороод байсан Италийн хөлбөмбөгийн Como 1907 клубийг 2019 онд худалдан авч байжээ. Тус клуб өнгөрсөн онд Италийн "Serie A" лигт дэвшсэн юм. 

1865 онд Паллонжи Мистригийн өвөө нэгэн Англи эртэй хамтран барилгын компани байгуулснаар анх гэр бүлийн бизнесийнх нь суурь тавигджээ. "Shapoorji Pallonji" компанийн үйл ажиллагаа өдгөө барилга бүтээн байгуулалт, инженерчлэл зэрэг бизнесийн төрөл бүрийн салбарыг хамарч байна. Гэр бүлийн хөрөнгийн дийлэнх хувь нь биет бус. Тодруулбал: тус компани 400 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий Энэтхэгийн хамгийн том конгломерат "Tata Group"-ийн толгой компани "Tata Sons"-д холдинг байдлаар хөрөнгөө эзэмшдэг. "Tata Trusts"-ийн үүсгэн байгуулагч Ратан Тата нас барснаар өдгөө Ноэль Тата компанийг удирдаж байна.

Квок Так Сен "Sun Hung Kai Properties" компанийнхаа IPO-ийг 1972 онд хийсэн. Үүнээс хойш тус компани Хонконгийн хамгийн том үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгчдийн нэг болсон бөгөөд Вокийн гэр бүлийн хөрөнгийн суурь нь болдог. 1990 онд түүнийг нас барахад Уолтер, Томас, Рэймонд гэсэн түүний гурван хүү компанийг удирдлагадаа авсан байна. Гэвч Уолтер ах дүүстэйгээ үл ойлголцолд хүрснээр 2008 онд ТУЗ-ийн даргын албан тушаалаа хүлээлгэн өгчээ. Одоогоор Рэймонд компанийг удирдаж ажиллаж байна.

Ах дүү Цаи нар 1962 онд "Cathay Life Insurance" компанийг үүсгэн байгуулсан. Гэсэн ч тэд 1979 онд бизнесээ салгахаар шийдэж, Цай Ван-лин, Цай Ван-цай нар "Cathay Life Insurance" болон "Cathay Insurance" компанийг тус тус удирдаж эхэлсэн байна. Хэсэг хугацааны дараа "Cathay Insurance "компани нэрээ "Fubon Insurance" болгон өөрчилжээ. Өдгөө ах дүү Цаигийн удмынхан Тайванийн санхүүгийн хоёр том компанид хувь эзэмшдэг бөгөөд үл хөдлөх хөрөнгө, харилцаа холбоо зэрэг салбаруудад үйл ажиллагаагаа төрөлжүүлээд байна.

1952 онд гангийн үйлдвэрээс бизнесийн гараагаа эхлүүлсэн Ом Пракаш Жиндал компаниа эрчим хүч, цемент, спорт зэрэг олон салбарыг хамарсан "OP Jindal Group" конгломерат болгон өргөжүүлж чадсан. 2005 онд нисдэг тэрэгний ослоор нас барахаасаа өмнө тэрбээр Энэтхэгийн хойд хэсгийн Харьяна мужид эрчим хүчний сайдаар ажилладаг байсан юм. Түүний эхнэр Савитри компанийн ТУЗ-ийн дарга болж, дөрвөн хүү нь бизнесийн үйл ажиллагааг удирдаж байна.

Чалео Йювидья анх 1956 онд эм худалдах зорилгоор "T.C. Pharmaceutical" компанийг үүсгэн байгуулж байв. Тэрбээр удалгүй бизнесээ хэрэглээний бараа бүтээгдэхүүн рүү төрөлжүүлж, 1975 онд Тайландаар “Krating Daeng” буюу “Red Bull” гэж орчуулагддаг энергийн ундааны брэнд бий болгожээ. Австрийн маркетер Дитрих Матешиц Азид бизнес аялал хийж явахдаа энэ ундааны талаар мэдэж авч, Чалеотой хамтран ажиллаж эхэлсэн байдаг. Улмаар ундааны орц найрлагыг өөрчилж, дэлхийн зах зээлд “Red Bull” нэрээр сурталчилж эхэлсэн байна. Чалео болон Дитрих нарын гэр бүлийн асар их хөрөнгийг энэхүү энергийн ундааны амжилттай холбож болно.

"Aditya Birla Group" нь Энэтхэгийн хамгийн урт удаан түүхтэй гэр бүлийн бизнесүүдийн нэг юм. Хөвөнгийн арилжааны чиглэлээр XIX зуунд үүсгэн байгуулагдаж байсан тус компани өдгөө металл, санхүүгийн үйлчилгээ болон жижиглэн худалдааны чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. Их Британийн эрхшээлээс Энэтхэгийг чөлөөлөх Махатма Гандигийн хөдөлгөөний гол санхүүжүүлэгчдийн нэг байсан Ганшям Дас Бирла тус группийг байгуулж, өдгөө Энэтхэгийн хөнгөн цагааны хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг болох суурийг нь тавьсан байна. Өдгөө түүний гуч хүү Кумар Мангалам Бирла группийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байна.

Та мэдэх үү?

"Birla" групп нь өнгөрсөн оны эцсээр очир эрдэнэ болон урлагийн бүтээлийн бизнест хөл тавьсан. Мөн харилцаа холбооны охин компани "Vodafone Idea" нь 2025 онд өөрсдийн 5G үйлчилгээгээ нэвтрүүлэхийг  зорьж байна.

И Бён Чол 1938 онд жимс, хүнсний ногоо, загасны экспортын чиглэлээр "Samsung"-ийг анх үүсгэн байгуулж байжээ. 1969 онд тэрбээр "Samsung Electronics"-ийг байгуулан технологийн салбарт хөл тавьж, улмаар компани нь санах ойн чип, ухаалаг утасны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг болсон юм. 1987 онд түүнийг нас барсны дараа гурав дахь хүү И Кун Хи бизнесийг нь залгамжлан авсан байна. 2014 онд зүрхний шигдээс болж, удаан хугацаанд эмнэлэгт хэвтсэний эцэст тэрбээр 2020 оны аравдугаар сард таалал төгссөн. Энэ хугацаанд компанид давамгайллаа бэхжүүлсэн Jay Y.Lee буюу И Жэ Ён эцгээ залгамжилсан ч авлигын хэргээр шоронгийн хаалга татаж байлаа. БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг 2017 онд огцроход хүргэсэн уг дуулиант явдал намжиж, И Жэ Ён 2021 онд өршөөлөөр суллагдсан юм.

Та мэдсэн үү?

И Жэ Ён сүүлийн үед хиймэл оюун, роботын технологид төвлөрч, "Samsung" компани энэ чиглэлд 200 гаруй стартапт хөрөнгө оруулаад буй. 

#азийн баячууд