“Apple” компанийн танилцуулсан шинэ загварын “iPhone 16e” гар утас нь “Face ID”-тай 6.1 инчийн дэлгэцтэй, 48 мегапикселийн камертай, “iPhone 16”-тай ижил A18 чиптэй, USB-C цэнэглэгчтэй. Мөн тус компанийн хиймэл оюуны функц болох “Apple Intelligence” программыг дэмждэг. “iPhone 16e” загварын гар утасны урьдчилсан захиалга хоёрдугаар сарын 21-нээс эхлэх бөгөөд хоёрдугаар сарын 28-наас худалдаанд гарах юм байна. Үнэ нь 599 ам.доллароос эхэлж байгаа аж.
Шинэ хувилбар нь 2016 онд “SE” нэртэйгээр танилцуулагдаж байсан “iPhone”-ийн арай хямд үнэтэй загварын шинэчлэгдсэн хувилбар гэж хэлж болохоор байна. Энэхүү загвар нь хамгийн сүүлд бараг гурван жилийн өмнө шинэчлэгдэж байсан юм. “Apple” компани шинэ загвараа гаргаснаар “iPhone SE” болон “iPhone 14” загварын үйлдвэрлэлийг зогсоожээ.
“iPhone 16e” нь “iPhone”-ийн энэ онд хийхээр төлөвлөж буй хэд хэдэн шинэчлэлийн эхнийх нь болж байна. Цаашид ч мөн илүү нимгэн хувилбар гаргахаар төлөвлөж байгаа аж.
“Apple” шинэ загвараараа дамжуулан илүү хямд үнэтэй ухаалаг гар утасны зах зээлд байр сууриа нэмэгдүүлэхийг зорьж буй аж.
Тус компани “iPhone 16e” загварын хөгжүүлэлт дээр нэлээдгүй хугацааг зарцуулсан байна. Нүүр царай таних зэрэг шинэ технологиор хямд үнэтэй гар утас болон үндсэн “iPhone” гар утаснуудын хоорондын зөрүүтэй байдлыг арилгахыг зорьсноо мэдээллээ.
Хэдий тийм боловч шинэ загварт илүү үнэтэй хувилбаруудад байдаг зарим функц дутагдалтай байгаа ажээ.
Жишээлбэл: “Dynamic Island” интерфэйсгүй, “Magsafe” утасгүй цэнэглэгчгүй, зөвхөн нэг л камертай, “iPhone 16” загварт байдаг “promotion” дэлгэцгүй. Мөн камерын хяналтын товчлуур байхгүй юм байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!