“Apple” зүрхний цохилт хэмжигчтэй “Powerbeats Pro 2” загварын чихэвчээ худалдаанд гаргалаа


Bloomberg TV Mongolia | YOLO.MN
2025-02-12

Зүрхний цохилт хэмжигч нь “Apple Watch”-д ашигладаг технологид суурилжээ.

“Apple” компанийн “Beats” брэнд хүлээлт үүсгээд байсан “Powerbeats Pro 2” чихэвчээ зах зээлд гаргалаа. Энэхүү чихэвч нь орчны чимээ тусгаарлагч, зүрхний цохилт хэмжигчтэйн дээр тамирчид хэрэглэх тохиромжтой, шинэлэг загвартай болсныг мэдээлэв.

“Powerbeats Pro 2” загвар нь гаднах дуу чимээг сонсоход хялбар болгох ил тод байдлын горим, дуугаралтыг сайжруулах H2 чип зэрэг “Apple”-ийн “AirPods”-д хэрэглэдэг технологийг ашигласан байна. Мөн дуу, чимээг 3D-ээр сонсох, утасгүй цэнэглэгчээр цэнэглэгдэх боломжтой илүү жижиг хайрцагтай болжээ.

Зүрхний цохилт хэмжигч нь “Apple Watch”-д ашигладаг технологид суурилсан бөгөөд “Apple” чихэвчинд энэ төрлийн технологи суурилуулсан анхны тохиолдол юм.

“Powerbeats Pro 2” чихэвч нь “Apple”-ийн дагалдах хэрэгслийн борлуулалт буурсантай зэрэгцэн танилцуулагдлаа. “Apple”-ийн чихэвч, “AirTag” зэрэг дагалдах хэрэгслийн борлуулалт өнгөрсөн 12 дугаар сард хоёр орчим хувиар буурч, 11.8 тэрбум доллар болжээ.

#Powerbeats Pro 2