“Буухад карт уншдаг төхөөрөмж ажиллахгүй бол тухайн автобусыг үйлчилгээнд гаргах ёсгүй”


Б.Нямдарь | YOLO.MN
ӨЧИГДӨР

Энэ сарын 1-нээс эхлэн автобусанд зорчихдоо /дөрвөн удаа/ 1000₮ төлөх журам хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл зорчигч эхний автобуснаас буухдаа заавал картаа уншуулснаар дараагийн автобусандаа хугацаа харгалзахгүй үнэгүй суух нөхцөл бүрдэнэ. Энэ мэтээр нэг өдөрт дөрвөн удаа зорчиж болно. Харин буухдаа уншуулдаг төхөөрөмж ажиллахгүй байна гэх хэд хэдэн гомдол иржээ.

Бид энэ талаар “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ын Санхүү Удирдлагын Газрын дарга Н.Уянгаас зарим зүйлийг тодрууллаа.

- Нийтийн тээврийн зарим автобусны арын хаалганы унших төхөөрөмж ажиллаагүйгээс шалтгаалж иргэд илүү 1000₮ төлж байна гэх гомдлууд байна. Төхөөрөмжүүдийг шинэчлэх болон байнгын ажиллагаатай байхад танайх хэрхэн анхаарч байна вэ?
- Автобусны буух төхөөрөмж дээр дарж байж иргэд хөнгөлөлт эдлэх учраас арын төхөөрөмж ажиллагаатай байх нь маш чухал юм. Тиймээс манай компани улирал бүр төхөөрөмжүүдийн ажиллагааг шалгадаг ба 2024 оны эцсээс эхлэн буух төхөөрөмжийнхөө холболтыг шинэчилж, ингэснээр сүлжээнээс шалтгаалсан доголдол гарахгүй болсон. Энэ оны 2-р сарын 1-н гэхэд бүх төхөөрөмжүүддээ холбогдох засвар үйлчилгээг хийн, 100 хувь ажиллагаатай болгосон гэсэн үг.

Манай компанид зорчигчдын буусан, суусан бүх дата мэдээлэл нь байдаг. Дамжин суулт үйлчлээгүй гэсэн зорчигчийн картны дугаарыг аваад шүүж үзэхэд суухдаа дарсан ч буухдаа дараагүй байх нь олон байна. Шүүгээд үзэхээр яг тухайн автобусны төхөөрөмж дээр бусад буусан хүмүүсийн карт дарагдсан байдаг буюу тухайн хүн өөрөө дараагүй байна л гэсэн үг. Хүмүүс өөрсдөө картаа дарахаа мартаад буучихдаг тул дараагийн автобусанд дахиад 1000₮ уншигдаж байна. Үүнийг цаг, минуттай нь тайлбарлаж өгч байна. Хоёрдугаар сар гарснаас хойш манайд буух төхөөрөмжтэй холбоотой 10 хүрэхгүй гомдол ирсэн.

- Хэрэв төхөөрөмж  ажиллахгүйгээс болоод иргэн 1000₮ илүү төлсөн байвал тухайн мөнгөө хаанаас төлүүлэх вэ?
- Манайх Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ААНБ-уудтай тоног төхөөрөмж ашиглуулах гэрээтэй. Өөрөөр хэлбэл тоног төхөөрөмж ажиллахгүй, доголдол үүссэн бол үйлчилгээнд явахгүйгээр манайд шууд дуудлага өгөх ёстой байдаг. Хэрэв дуудлага өгвөл манай 12 инженерээс аль ойрхон нь хүрч очиж үйлчлэх үүрэгтэй байдаг. Бид саяхан Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ААНБ руу энэ гэрээний үүргийг анхааруулж сануулаад, хэрэв ямар нэгэн хохирол, асуудал гарвал тухайн байгууллага хариуцах талаар албан мэдэгдлийг хүргүүлээд байна. Нэг үгээр хэлбэл, хэрэв манай төхөөрөмжөөс үүдэлтэй мөнгө илүү төлсөн бол манайхаас, үүргээ биелүүлээгүй ААН-ээс шалтгаалж илүү мөнгө төлсөн бол тэднээс нэхэмжлэх заалттай.

Энэ нь нийтийн тээврийн салбарт хийсэн том өөрчлөлт тул удаан хугацаанд бэлдсэн бид хариуцлагатай ажиллаж байгаа гэж бодож байна. Илүү төлсөн мөнгөө авахыг хүссэн гомдол одоогоор манайд ирээгүй. Хэрэв ямар нэгэн байдлаар төхөөрөмж ажиллахгүй байвал үйлчилгээнд явах ёсгүй.  

Нийтийн тээврийн бодлогын газраас лавлахад "Зорчигчид болон хүүхдүүд төхөөрөмж оролдоод  унтраадаг товчийг нь дарчихдаг тохиолдол бий. Хэрэв төхөөрөмж ажиллахгүй байвал цаг минуттай нь, автобусны дугаарыг 70044040 болон 70151289 дугаарт холбогдож мэдээлэхийг хүсье" гэсэн юм.

#автобус