Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Эмзэг хатуу үг хэлснийхээ дараа оройхон л буруугаа мэддэг
Сайн байна уу? Би одоо өсвөр насны сурагч л даа ойрын үед хүн болгонтой л уурлаж маргалдчих гээд байх юм. Ээжийнхээ өөдөөс тэсэлгүй үг хэлж, найз нөхөдтэйгээ үг хаялцаж аливааг уур бухимдлаар л шийдэх хандлагатай болчихлоо. Жишээ нь, ээж минь намайг гэрийн ажил хийсэнгүй өдий насны охин хүүхэд байж гэж загнихад нь “БИ ОДОО СУРЧ БОЛОВСРОХ ХЭРЭГТЭЙ БИЗ ДЭЭ, ЭНЭ ГЭРТ АЯГА УГААСНААС ХИЧЭЭЛ ХИЙЖ БАЙВАЛ ИЛҮҮ ДЭЭР ЯДАРГААТАЙ ЮМ” гэх мэтээр би ээждээ эмзэг хатуу үг хэлснийхээ дараа оройхон л буруугаа мэддэг ч хэт өнгөрсөн юм шиг санагдаад заримдаа бүр уйлдаг гээч. Энэ бүхэнд уучлалт гуйж аргалаад өнгөрдөг. Бас найзуудтайгаа зарим дотны хүмүүстэй гээд л БИ ҮНЭХЭЭР МУУХАЙ ААШТАЙ БОЛООД БАЙХ ШИГ БАЙНА, НАДАД ТУСЛААЧ
ЗӨВЛӨГӨӨ: Гэмшиж буйгаа илэрхийлэх ямар нэг үйлдэл хийж байгаарай
Сайн байна уу, захидал илгээсэнд баярлалаа. Өсвөр насны хүүхдийн биед хэт хурдацтай явагдах бодисын солилцооны өөрчлөлтөөс шалтгаалан сэтгэл тавгүйтэх, бухимдах гэх мэт сэтгэл зүйн сөрөг шинжүүд илрэх нь түгээмэл байдаг. Тиймээс чамд илрээд байгаа шинжүүд нь нэг талаас чамаас өөрөөс чинь шалтгаалахгүйгээр үүсч байгаа юм. Гэхдээ бүх бурууг зөвхөн бодисын солилцооны өөрчлөлтөд тохон ямар ч арга хэмжээ авахгүй өнгөрч болохгүй.
Эсрэгээрээ яагаад уурлаад байгаа шалтгаанаа мэдсэн болохоор дараагийн удаа уурламаар зүйлс тохиолдоход “Энэ зүгээр л бодисын солилцооноос шалтгаалсан хэсэг зуурын сэтгэл хөдлөл, би энэ сөрөг сэтгэл хөдлөлд автаж болохгүй” гэж өөртөө хэлж байгаарай. Бас ээжийгээ гомдоосноо мэдэж байгаа үедээ заавал уучлал гуйж, эсвэл гэмшиж буйгаа илэрхийлэх ямар нэг үйлдэл хийж байгаарай. Эс бөгөөс гэмшсэн сэтгэлээ дотроо хадгалсаар энэ нь дараагийн удаа уурлаж, бухимдах бас нэг шалтгаан болон хувирна шүү.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн Туслах сэтгэл судлаач Б.Алтанцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх