"BLAST Rising Asia Spring 2025" тэмцээнд Монголын хоёр баг уригдлаа


А.Эрхэмбаяр | YOLO.MN
2025-02-05

#CS2 $400,000 шагналын сантай "BLAST Open Spring 2025" тэмцээний эрх олгох Азийн бүсийн дэд тэмцээнд Монголын "ATOX Esports", "The Huns" багууд шууд уригдлаа.

BLAST-аас 2025 онд шинээр зохиож буй томоохон тэмцээнүүдийн нэг нь гуравдугаар сард болох $400,000 шагналын сантай "BLAST Open Spring 2025" юм.

Нийт 16 баг оролцох тэмцээний 12-ыг нь Valve дэлхийн чансаанд эзэлж буй байраар нь шууд урина. Харин үлдсэн дөрвийг нь Европ, Хойд болон Өмнөд Америк, Ази гэсэн дөрвөн бүсийн дэд тэмцээнүүдээр тодруулах юм.

Азийн бүсийн дэд тэмцээн нь "BLAST Rising Asia Spring 2025" нэртэйгээр энэ сарын 10-12-ны хооронд болох ба GGMedia зохион байгуулна. Энэхүү онлайн тэмцээнд найман баг оролцох ёстойгоос дөрвийг нь Valve-ын Азийн бүсийн чансаагаар урьсан. Улмаар Монголын "ATOX Esports", "The Huns" багууд Хятадын "Lynn Vision Gaming", Австралийн "FlyQuest" багуудын хамт урилгаа авлаа.

Харин үлдсэн дөрвөн баг нь хаалттай урьдчилсан шатнаас эрхээ авах учиртай. Энэ сарын 7-9-ны хооронд болох урьдчилсан шатанд Монголын "Chinggis Warriors", монгол тоглогчтой "Akimbo Esports" багууд Азийн чансаагаар мөн уригдсан байна.

Урьдчилсан шатанд 16 баг тоглох ёстойгоос 12 нь ийнхүү Азийн чансаагаар уригдсан бол үлдсэн дөрөв нь Хятад, Монгол, Зүүн Өмнөд Ази, Номхон далайн орнууд гэсэн дөрвөн бүсийн нээлттэй сонгон шалгаруулалтаас эрхээ авна.

Монголын бүсийн нээлттэй сонгон шалгаруулалт өнөөдөр эхэлж маргааш дуусах учиртай.

#esport #Esports World Cup