АНУ-ын их сургууль болон коллежид суралцах хүсэлтэй уншигчдадаа зориулан тус улсын Охио мужийн их сургуулийг төгссөн, сурч мэдсэн зүйлээ бусадтай хуваалцах чин хүсэлтэй Addie-тай ярилцлаа. Түүний хувьд өөрийн төгссөн сургууль, өргөдлөө явуулахад юун дээр анхаарах болон хэл сурах талаар өөрийн туршлагаасаа хуваалцлаа.
-Та өөрийгөө танилцуулаач?
-Намайг Addie гэдэг. Одоогоор би Монгол Улсын Их Сургуулийн англи хэлний туслах багшаар ажиллаж байна. Би Охио мужийн Колумбус хотод өссөн. Энэ хот нь Америкийн төвийн бүсийн хот бөгөөд ойролцоогоор 900,000 гаруй хүн амтай. Би амьтад, урлаг болон бичих маш их дуртай.
- Охио мужийн их сургуулийн онцлог шинжүүдийг хуваалцаж болох уу? Анх нэгдүгээр курсэд орохдоо ямар сэтгэгдэлтэй байсан бэ?
-Охио мужийн их сургууль (OSU) нь Охио мужийн Колумбус хотод байрладаг улсын их сургууль. АНУ-ын том их сургуулиудын нэг бөгөөд 60,000 гаруй оюутан суралцдаг. Нийтдээ 175 бакалаврын мэргэжил санал болгодог. Ихэнх мэргэжлүүд дэд мэргэжлүүдтэй байдаг.
OSU нь судалгааны их сургууль учир байгууллагын судалгаануудад чухал үүрэг гүйцэтгэдэг. OSU-ийн эрдэмтэд хавдрын судалгаа, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон салбарт томоохон хувь нэмэр оруулсан. OSU нь 1,400 гаруй оюутны байгууллагатай. Түүний дотор олон хөгжилтэй клубууд бий. Жишээлбэл талханд дуртай оюутнуудын клуб, сармагчинд дуртай оюутнуудын клуб гэх мэт. Мөн эрдэм шинжилгээний (мэргэжлийн хөгжлийн боломжууд, нийгмийн үйлчилгээнүүд гэх мэт) клубууд бий.
Би OSU-д элсэн орохдоо академик сонирхолтой оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан. Тэгээд Олон Улсын Харилцааны Тэтгэлэг хөтөлбөрт элсэн орж чадсан. Тэгснээрээ оюутнуудтай хамт дотуур байранд амьдарч, олон сонирхолтой үйл ажиллагаанд оролцох боломжийг хүртсэн. Энэ нь надад адил сонирхолтой найзуудаа олоход үнэхээр их туслаж, сургуулийн амьдралд дасан зохицоход ихээхэн дэмжлэг болсон. Би төстэй хөтөлбөрт хамрагдахыг зөвлөж байна. Учир нь гадаад оюутнууд их байх ба бэхэжсэн харилцаа сайн тогтсон байдаг.
-Таны бакалаврын мэргэжил ямар мэргэжил байсан бэ? Яагаад сонгосон бол?
-Би хоёр бакалаврын мэргэжилтэй төгссөн. Нэг нь олон улсын судалгаа (даяаршлын судалгааны чиглэлээр). Нөгөө нь хятад хэлний мэргэжилтэн.
Би багаасаа дэлхийн соёлын ялгааг таньж мэдэх сонирхолтой байсан учраас коллежид орсноосоо хойш олон улсын судалгаа бол миний хүссэн сонголт байсан. Би өөрийн мэргэжлээ хэд хэдэн удаа өөрчилсний эцэст нь глобалчлалын судалгааг сонгосон. Эхэндээ дипломат харилцаанд төвлөрч байсан ч хоёрдугаар курстээ газарзүйн хичээл болон дэлхийн эдийн засгийг судалсан. Бид дэлхийн барааны сүлжээ судалж байхдаа нэг цамц үйлдвэрлэхэд хэд хэдэн улс оролцдог тухай судласан нь намайг их гайхшруулж глобалчлалын судалгаа руу хөрвөх болсон. Энэ үнэхээр сонирхолтой чиглэл байсан. Жишээ нь дэлхийн өөрчлөлтүүд дундаа уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн эрүүл мэнд, эдийн засгийн шударга ёс, хүн амын шилжилт хөдөлгөөн гэх мэт.
Гуравдахь жилдээ би Монголын дижитал орчныг интернет болон глобалчлалын тухай хичээлээрээ судалж байсан. Энэ нь намайг өнөөдөр энд ирэхэд нөлөөлсөн гэж хэлж болно.
Миний хоёр дахь мэргэжлийн хувьд гадаад хэл сурах их дуртай байсантай холбоотой. Би ахлах сургуульдаа Испани хэл, Хятад хэл хоёрыг сурч байсан. Ахлах сургуулиа төгсөхөд би Испани хэлэндээ сайн байсан ч Хятад хэл маань төдийлөн сайн байгаагүй. Тэгээд хичээл зүтгэлээ хий дэмий орхимооргүй байсан учир Хятад хэлийг хоёр дахь мэргэжлээр сонгосон. Одоогоор Хятад хэлний талаар бүрэн төгс биш байгаа ч би хичээл дээрээ олон найзтай болсон. Мөн хэл сурах төлөвлөгөө боловсруулж чадсан нь энэ нь намайг энд англи хэлний багш болон Монгол хэл судлахад тусалж байна.
-Охио мужийн их сургуульд олон улсын оюутнууд хэр олон байсан бэ?
-Олон байсан. Охио мужийн их сургуульд 120 гаруй улс орноос 6 мянга гаруй олон улсын оюутан суралцдаг. Би анх гадаад оюутнуудтай танилцсан. Жил бүр өөр улс орноос ирсэн найзууд, туслах багш, профессоруудтай хамт сурч байсан. Төрөл бүрийн оюутнуудын олон янз байдал нь намайг хөгжүүлсэн.
Би яг олон улсын оюутны туршлагагүй ч олон улсын оюутнуудад зориулсан олон клуб байдаг гэдгийг мэднэ. Жишээлбэл соёлын солилцоонд анхаарал хандуулдаг клубүүд гэх мэт. Сургуулийнхаа эхний долоо хоногт оюутнууд янз бүрийн клубуудтай танилцаж, бүртгүүлэх боломж олддог. Би олон улсын байгууллагуудын клубуудыг сонирхон, оюутнуудын янз бүрийн туршлага хуваалцах их дуртай.
-Олон Монгол оюутнууд АНУ-д суралцахыг хүсдэг. Тэдэнд өргөдлөө явуулахад нь ямар зөвлөмж өгмөөр байна вэ?
-Эхлээд коллежийн эсээтэй холбоотой 3 зөвлөмж хүргэе. Би эсээг таны өргөдлийг амжилттай болгох эсвэл амжилтгүй болгох том хүчин зүйл гэж боддог. Учир нь хэрэв таны шалгалтын оноо ба дүнгийн голч бусад оюутантай ижил бол эсээ тань тэнцэх эсэхийг шийдэх нэг гол хүчин зүйл болно.
Нэгдүгээрт эртхэн бичиж эхлэх. Хэрэв та өмнө нь АНУ-ын коллежид эсээ бичиж үзээгүй бол эсээгээ амжилттай болгохын тулд олон удаа засварлах шаардлагатай болно. Би олон удаа засварлаж байсан. Заримдаа бүр эхнээс нь дахин бичиж байсан. Хэрэв та 2026 оны 1-р сард өргөдлөө гаргах гэж байгаа бол 2025 оны зун эссээ бичиж эхлэх хэрэгтэй. Хэрэв эртчилсэн хугацаанд өргөдөл гаргах гэж байгаа бол бүр ч илүү эрт бичиж эхлэх хэрэгтэй.
Миний хоёр дахь зөвлөмж бол АНУ-ын коллежийн эсээ бичих шаардлагуудыг судлах явдал юм. Өөр улс орнуудтай харьцуулахад АНУ-ын коллежийн эсээ нь бүтээлч болон бодит байдлыг ихээхэн үнэлдэг. Эсээгээ академик биш харин өөрийн түүх хэлбэрээр бичих ёстой. Жишээ нь миний эсээ одоо цагтаа яриа хөөрөө оруулсан. АНУ-ын коллежийн эсээн дээр ихэнх хүн түүнийг хэрхэн бичихээ мэддэггүй. Тиймээс эхлүүлэхээсээ өмнө судалгаа хийх хэрэгтэй.
Гуравдугаарт бичихээсээ өмнө төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Би одоо оюутнууддаа эсээ бичихийн өмнө төлөвлөгөө хийхгүйгээр бичих нь суурьгүй байшин барихтай адил гэж хэлдэг. Хэрэв төлөвлөгөөтэй бол байшин нь илүү бат бөх байна.
Эсээгээс гадна өргөдөл гаргахын өмнө төлбөрийн талаар судалгаагаа хийх хэрэгтэй. Зарим коллежууд үнэхээр өндөр өртөгтэй байдаг. Ялангуяа олон улсын оюутнуудад. Санхүүгийн тусламж, тэтгэлэгт хөтөлбөрүүдийг өргөдлийн хугацаанаас өмнө судалж бүртгүүлэхээ мартуузай. Сургуулийн элсэлтийн албаныханд имэйл бичихэд санаа зовох хэрэггүй. Тэд туслахад бэлэн байдаг! Гэхдээ имэйлийг мэргэжлийн байдлаар бичээрэй.
Мөн зөвхөн алдартай, сонгогдсон сургуулиудад биш олон төрлийн сургуулиудад өргөдөл гаргахыг зөвлөж байна. Хэрэв сургуулийн хүлээн авах хувь 3% хүртэл байвал таны элсэх эсэх нь олон нарийн хүчин зүйлээс шалтгаална. Таны сонголт хийх боломжтой сургуулиудын хүлээн авах хувь 80%, 50% гэх мэтээр хайж үзээрэй. Ингэснээр та ямар ч сонголтгүй болохоос сэргийлэх болно. Нэмж хэлэхэд сургууль нэр алдартай байлаа гээд таньд хамгийн тохиромжтой сургууль гэсэн үг биш юм шүү.
Эцсийн зөвлөмж бол өргөдлийн үйл явцад өөртөө анхаарал тавиарай. Сайн хооллож, унтаж, ус ууж,амарч, өөрийнхөө үнэ цэнийг мэдрээрэй. Өөрийгөө хайрлаж, энэрэнгүй хандаарай.
-Та ямар нэгэн гадуур үйл ажиллагаа эсвэл клубт оролцсон уу? Хэрэв тийм бол тэд таны их сургуульд суралцах туршлагыг хэрхэн сайжруулсан бэ?
-Үнэнийг хэлэхэд би жаахан ичимхий байсан учир клубуудад орохдоо үргэлж бага зэрэг сэтгэл зовдог байлаа. Би хэд хэдэн бүлгийн уулзалтад оролцсож байсан. Жишээ нь Хятад хэлний ярианы клуб болон философийн клуб гэх мэт. Гэхдээ би бусад оюутнууд шиг их оролцож байгаагүй. Манай зарим найзууд ихээр оролцдог загварын шоу болон Грек амьдралын клубт их элсдэг байсан ч тэр нь миний хувьд биш байлаа.
-Та амрах цагаа хэрхэн академик үүрэгтэйгээ тэнцвэржүүлсэн бэ?
-Миний хамгийн сайн зөвлөгөө бол хэцүүгээр биш илүү ухаалаг ажиллах. Би тус бүр семестр эхлэхдээ 100% шаардлагатай бүхнийг хийхээр эхэлдэг байлаа. Бүх сурах номоо уншиж, бүх шалгалтандаа маш сайн бэлддэг байсан. Гэхдээ хэд хэдэн долоо хоног өнгөрсний дараа би бүх зүйлсийг дахин үнэлж, ямар ажлууд үнэхээр шаардлагатай болохыг мэдэж авдаг байсан. Зарим хичээлүүддээ 100% хүчин чармайлт шаардлагатай байсан ч заримд нь шалгалт амархан байсан учир 30 минут сураад ч А авах боломжтой байсан. Би ихэнхдээ төгс төгөлдөр байх гэж хичээдэг байсан ч өөрийгөө сэтгэл зүйн хувьд шатааж байх нь сүүлдээ хүндрэл болсон. Хичээлийн агуулгын гол хэсгийг судлах болон хангалттай оноо авахын тулд үнэхээр шаардлагатай ажлын хэмжээг сурах нь зарим тохиолдолд илүү тэнцвэржүүлэхэд тусалдаг.
Ерөнхийдөө хичээлийн хуваарийг товлохдоо чөлөөт цаг гаргах хэрэгтэй. Би өөртөө 10:00 цагаас өмнө хичээл хийхгүй гэж тогтоосон. Учир нь өөрийн тохиромжтой цагаа олж чадсан. Мөн би долоо хоногт нэг чөлөөт өдөр оруулж, тэр өдөртөө бүх хичээлээ хийж, өөрийнхөө төлөвлөгөөг зохиодог байлаа. Би хуваарьтаа ихэнхдээ өдөр нь хичээлээ хийх боломжтой байлгаж орой нь чөлөөт цаг гаргадаг байсан. Гэхдээ АНУ-ын коллежуудын ачаалал үнэхээр өндөр байдгийг хэлэх нь чухал. Ер нь та хичээлдээ нэг цагт 3 цаг сурах ёстой гэж бодох хэрэгтэй. Цаг хугацааг сайн зохион байгуулах нь амжилт гаргахад хэрэгтэй байдаг.
-Шалгалтанд бэлдэж байхдаа, ялангуяа стресстэй үеүүдэд хэрхэн урам зоригтой авдаг вэ?
-Би сонирхолтой хичээлүүдийг судалж байсан нь үнэхээр их тусалсан. Мэдээжийн хэрэг мэргэжлээ сонгохдоо бодит байх ёстой. Гэхдээ хэрэв та дургүй зүйлээ сурах гэж сонговол, шалгалт болон бусад даалгавар нь маш хэцүү байх болно. Миний ихэнх хичээлүүдийн хувьд шалгалтанд бэлдэх нь үнэхээр хөгжилтэй байсан. Яагаад гэвэл би хичээлийн агуулгад дуртай байсан учраас.
-Сурахдаа болон шалгалтад бэлдэхэд хүндрэлтэй санагдаж буй оюутнуудад ямар зөвлөгөө өгөх вэ?
-Эхлээд АНУ-ын олон коллежид оюутнуудад зориулсан сайн тусламж үйлчилгээ байдаг. Туслах төвүүд, номын сангийн нөөц, дижитал хэрэгслүүд гээд их зүйлс байна. Суралцах хүндрэлтэй оюутнуудад нэмэлт тусламж үйлчилгээ байдаг. Жишээ нь, дахин шалгалт өгөх боломж гэх мэт.
Миний хувьд ихэнх профессорууд оюутнуудаа амжилттай болгох их хүсэл эрмэлзэлтэй байсныг олж мэдсэн. АНУ-д профессорынхаа өрөөнд очиж, түүнтэй ярилцаж, хүнд даалгавар дээр тусламж хүсэх нь түгээмэл байдаг. Тиймээс та нэмэлт тусламж хүсэх эсвэл хичээлийн талаар тодруулга авах боломжтой.
Миний хамгийн сайн сурах арга бол хичээл дээр сайн тэмдэглэл авах явдал байлаа. Хэрэв та энэ талаар сайн мэдэхгүй бол, үр дүнтэй тэмдэглэл авах стратегиудыг судалж үзээрэй. Жишээ нь Корнелл тэмдэглэлүүд эсвэл ерөнхий төлөвлөгөөний арга хэрэглэж эхлэх хэрэгтэй. Мөн би унших бүх материалаа дэлгэрэнгүй тэмдэглэл авдаг байсан. Семестрийн хугацаанд бүх хичээл болон уншсан материалыг нэг газар дэлгэрэнгүй тэмдэглэлтэйгээр хадгалах нь семестр дуусахаар шалгалтдаа бэлдэхэд хялбар болгодог.
-Та Монгол оюутнууд болон АНУ-ын оюутнуудын хооронд ямар сурах хэв маягийн ялгааг анзаарсан бэ?
-Миний Монголд орж буй ангийн оюутнууд өөр өөр байсан ч ерөнхийдөө Монгол оюутнуудын суралцах арга барил нь илүү албан ёсных гэж бодож байна. Нэг талаар зарим оюутнууд илүү дуугүй эсвэл асуулт асуух нь бага байдаг. Мөн сурагчидтайгаа эерэг харилцаа тогтоож эхлэхээсээ өмнө тэд ойлгохгүй байгаа гэдгээ хэлэхэд маш хэцүү байж магадгүй гэдгийг анзаарсан.
Харин АНУ-д оюутнууд олон асуулт асууж, оюутнууд багштайгаа санал зөрөлдөж, зааж байгаа зүйлийн талаар харшлах нь түгээмэл байдаг. Мөн заримдаа АНУ-ын профессорууд маш тайван байж, чөлөөт хувцас өмсдөг (миний зарим профессорууд gym shorts өмсдөг байсан) эсвэл бүр бүдүүлэг үгс хэрэглэдэг. Гэхдээ би үнэхээр энэ хоёр төрлийн хэв маягийг аль аль нь сайн гэж үзэж байна. Нэг нь нөгөөсөө илүү сайн гэж хэлэхгүй, зүгээр л өөр өөр юм. Гадаадад суралцахаар төлөвлөж буй оюутнуудад өөрсдөд нь танил бус багшлах арга барилтай тулгарч магадгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
АНУ-ын хууль ёсны ёс зүй, хууль бус ажиллах талаар ойлголт нь бусад орнуудаас ялгаатайг ойлгосон. АНУ-д хууль бус байдал нь зөвхөн шалгалт авахдаа найзаасаа хуудсаа хуулах биш. Wikipedia-ийн өгүүлэлд ишлэл оруулахгүй эсвэл өөрийн гэсэн даалгаврыг найзтайгаа хамт хийж багшаас зөвшөөрөл аваагүй байх гэх мэт бүх зүйлсийг оролцуулдаг. Би хэрэв өөрийн өмнө нь бичсэн эсээгээ багшид өгвөл энэ нь өөрийгөө хуулбарлах гэж тооцогдох болно. АНУ-ын соёл нь хувь хүний эрх, оюуны өмчийн эрхийн дагуу даалгавар болон бусад асуудлуудад бусад орныхоос өөр байдаг нь их. Энэ нь зарим оюутнуудад сурах явцдаа олон зөрчилд орж болохыг би ойлгосон. Мөн оюутнуудыг хууль бус ажиллахад буруутгасан гэж үзвэл бид заримдаа өмгөөлөгч авдаг бөгөөд энэ нь маш ноцтой үр дагавартай байдаг. Оюутнуудад хууль бус байх нь сургуулийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж, тэдний зэрэг авах үнэлэмжийг бууруулна гэж үздэг. Шалгалт авах үедээ таны өрөөний зураг авсан эсвэл нүүрний зураг авдаг аппликейшн суулгасан байх магадлалтай. Энэ нь олон улсын оюутнуудад сонирхолтой байх болно гэж бодож байна. Тиймээс АНУ-д суралцах гэж байгаа бол академик ёс зүйн хүлээлтүүдийг сайн судалж өөрөө ямар нэгэн зүйлийг зориуд хулгайлахгүй байхыг анхаараарай.
АНУ-ын их сургуулиуд академик судалгаанд ихээхэн ач холбогдол өгдөг. Олон АНУ-ын сургуульд ерөнхий боловсролын шаардлагыг хангах ёстой гэж үздэг ба энэ нь таны мэргэжилтэй холбоогүй олон төрлийн хичээлүүдийг сонгох шаардлагатай байдаг. Миний ерөнхий боловсролын хичээлүүд хангагдсан учир би урлагийн түүх, эрдэнийн чулуу, хүний хөгжил, академик бичих зэрэг хичээлүүдийг судалж байлаа. Зарим найз маань шоколад судлах хичээлд орж, хоолны шинжлэх ухааны тэнхимээс шоколадны төрөл бүрийн төрлийг амтлан танилцуулах даалгавар хийдэг байсан. Миний хувьд эдгээр хичээлүүд нь их сургуульд суралцах хамгийн утга учиртай туршлагуудын нэг гэж боддог. Эдгээр хичээлүүд оюутнуудыг илүү уян хатан, ерөнхий мэдлэгтэй, илүү нээлттэй сэтгэлгээтэй болгодог.
-Та оюутан байхдаа ямар том сорилттой тулгарсан бэ?
-Би оюутан байхдаа хичээлдээ явахад сэтгэл санаа тавгүйтэх нэг сорилттой тулгарч байсан. Коллежийн хоёр жилийн хугацаанд миний хичээлд суух хүсэл багассан. Сонирхолгүй, шаардлагагүй хичээлүүдэд суух нь тийм ч таатай биш болсон. Гэвч нэг удаа хичээл таслахад тэр нь дадал болдог. Хичээлээс хэтэрхий их тасалсан бол таны дүнг муу байдалд хүрнэ. Яагаад гэвэл маш их цаг алдаж, мөнгө үрэх болно. Гуравдугаар курсынхаа үед би надад сайн тохирох төлөвлөгөө боловсруулсан. Би лекцийн танхим руу алхахдаа хэрвээ би ирээд орох хүсэлгүй байвал өөртөө гэртээ харих зөвшөөрөл өгдөг байсан.
-Гадаадад суралцах сонирхолтой, эсвэл англи хэлний ур чадвараа сайжруулахыг хүсэж буй Монгол оюутнуудад ямар зөвлөгөө өгөх вэ?
- Ярианы дасгал нь сайн ч миний хувьд сонсох нь чухал гэж боддог. Англи хэлний дуунуудыг сонс, англи хэл дээрх кинонуудыг үз, аудионуудыг сонс, Youtube-ийн бичлэгүүдийг үзэх гэх мэт. Гэхдээ маш өндөр түвшний зүйлсийг сонсохгүй байх хэрэгтэй. Бид хэл сурахдаа хамаагүй илүү өндөр түвшний хэл сонсвол бид юу ч сурч чадахгүй болно.
Та бас англи хэл сурах сонирхолтой байх ёстой. Хэл сурах нь таны хувьд хөгжилтэй байх ёстой. Судалгаагаар хэл сурахад хамгийн сайн сэтгэлзүйн үндэс шаардлагатай гэж үздэг. Хэрэв та хэл сурахдаа гунигтай, айж эсвэл уйддаг бол таны өсөлт удаашрах болно. Өөрөөр хэлбэл англи хэл сурахдаа хөгжилтэй болгох арга замуудыг хайж, алдаагаа хийсэн үедээ өөртөө битгий хатуу хандаарай. Мөн оюутнууд маань “Би англи хэлдээ муу” гэж хэлэх нь онцгүй санагддаг. Учир нь энэ нь худлаа шүү дээ. Энэ нь сурах явцдаа хохирол учруулж байгаа хэрэг юм.
-Ярилцсанд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх