ЗАХИДАЛ: Цаашид найз баймааргүй байгаагаа хэрхэн хэлэх вэ?


ССҮТөв | YOLO.MN
2018-09-19

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Цаашид найз баймааргүй байгаагаа хэрхэн хэлэх вэ?

Сайн байна уу? Намайг Э гэдэг. Би энэ жил 10-р ангид дэвшин суралцаж буй 16 настай охин. Тавдугаар ангидаа шинэ сургуульд шилжин орж, хэсэгтээ л өөрийгөө тусгаарласан. Харин 6-р ангийн шинэ жилээс нэг охин шилжиж ирсэн юм. Эхэндээ ч би нэг их тоохгүй байсан ч тэр надтай ярилцсаар нэг л мэдэхэд бид сайн найзууд болж хэдэн жилийг өнгөрүүлсэн. Энэ хугацаанд хэд хэдэн асуудал гарч байсан ч нэг их тоодоггүй байлаа. Гэтэл жил орчмын өмнөөс тэр охин илт онцгүй аашилдаг болчихлоо.

Өөрийгөө шилдэг нь гэж үргэлж шахуу хэлээд намайг байнга доош нь хийх юм. Зуны амралт болж хэсэг амарсан ч саяхнаас чат, утсаар байнга ярьдаг болсноос хойш улам таалагдахгүй байна.

Би өөрийн үзэл санааг хэлэхдээ тийм ч сайн биш. Тэгээд бараг дээрэлхүүлдэг шахуу байсан ч сүүлийн жилүүдэд өөрийгөө хамаагүй илүү хамгаалдаг болсон. Энэ өөрчлөлтөндөө сэтгэл хангалуун байсан ч тэр охин намайг буруу тал уруу нь өөрчлөгдсөн гэж байнга шүүмжилдэг. Тэр охины талаар бусад хүүхдүүд тийм ч сайн зүйл ярьдаггүй ч би тэдний бодлоор явахыг хүсэлгүй үл тоодог байв. Харин одоо би бусад хүүхдийн үг үнэн болохыг ойлгож эхэлж байна.

Саяхан би түүнтэй муудалцсан. Учир нь тэр надад өөрийн бодлоо тулгаад, өөр шиг нь сэтгэх ёстой юм шиг үгс хэлсэн. Түүнийг завтай байх үед би ч бас завтай байх ёстой юм шиг л... Би түүнтэй нэг ч үг нэмж дуугаралгүй фэйсбүүкээсээ гарсан. Хэд хоногтоо ФБ-д оролгүй байж, шийдвэр гаргаж толгойгоо цэгцэлсэн ч... яг өөрийн шийдвэрээ тэр охинд яаж ойлгуулахаа мэдэхгүй нь. Үнэндээ хэлж ч чадахгүй нь. Айгаад байх шиг байна.

Хэрхэн тэр охинд цаашид найз баймааргүй байгаа тухайгаа ойлгуулах вэ? Эсвэл дахиад гуравхан л жил гээд тэсэх ёстой юм болов уу? Хичээл сурлагадаа анхаарч найз нөхдийн асуудлаар цаг заваа үрмээргүй байна. Туслаач?

ЗӨВЛӨГӨӨ: Хоёр замаар нөхөрлөлөө зогсоох боломжтой

Сайн уу? Чамд энэ хариу очих өдрийн мэндийг хүргэе, захиагаа тодорхой бичиж илгээсэнд маш их баярлалаа. Нөхөрлөл бүр үүрдийх байдаггүй. Заримдаа нөхөрлөл гэж юу болохыг ойлгуулах гэсэн сургамж шиг түр зуурын харилцаанууд ч амьдралд тохиолдоно. Чиний хувьд өөрөө харилцаагаа дүгнээд шийдвэрээ гаргачихсан юм байна. Хамгийн гол нь хэрхэн зайгаа барьж, найзлахаа болих учраа олохгүй байгааг нь ойлголоо.

Хоёр замаар нөхөрлөлөө зогсоох боломжтой. Эхний алхам нь шулуун бөгөөд түргэн асуудлыг шийдвэрлэх. Үүнд:

  • Уулзах цаг, газар товлох. Чухал асуудлын талаар ярилцахдаа нүүр нүүрээ харж байгаад ярилцах нь мессеж болон мессенжер, утсаар ярихаас илүү үр дүнтэй.
  • Уулзаад юуны талаар ярихаа тодорхой бэлдэх. Яагаад энэ харилцааг дуусгахыг хүсч байгаа шалтгаанаа тодорхой бөгөөд тайвнаар хэлэх.

Хэлж болох өгүүлбэрийн санаа:

  • “Шудрагаар хэлэхэд бид хоёр найзууд байхаа болих цаг ирсэн юм шиг байна. Ямар нэгэн байдлаар холбоотой байхыг хүсэхгүй байна”.
  • “Бид нэг нэгэнтэйгээ хичээл дээр, анги хамт олны цуглаан дээр тааралдвал эвтэй байж, харилцан ярилцаж, инээлдэж болох ч гэсэн түүнээс дотноор хоёулхнаа цагийг өнгөрөөхөө болих цаг нь ирсэн байна”

Чамайг ингэж хэлсний хариуд нөгөө хүнээсээ хүчтэй сэтгэлийн хөдөлгөөнтэй нүүр тулна гэдэгтэй эвлэрч, эртнээс сэтгэл санаагаа бэлдэх.

Хоёрдугаар алхам нь аажим аажмаар харилцаагаа хөндийрүүлэх. Үүнд:

  • Тогтмол утсаар ярьж, мессеж бичихээ болих
  • Хамтдаа цагийг өнгөрөөх төлөвлөгөө гаргахаа болих, уулзахаа багасгах. Уулзъя гэж шалаад байвал би ажилтай, завгүй гэх зэргээр зайгаа барих, мөн шинэ санаа байвал нэмээд түүнийхээ дагуу хэргэжүүлээрэй.

Эцэст нь хэлэхэд хүсэхгүй байгаа харилцаандаа өөрийгөө хүчилж байлгахаас илүү, өөртөө итгэлтэй зоригтой байж өөрийн үзэл бодлоо шулуун хэлж чаддаг байх нь ирээдүйд чамд маш их хэрэг болох чадвар шүү. Тэр охин магадгүй одоо чамайг айлгаад байгаа мэт мэдрэмж төрүүлж байж болох ч хөндлөнгийн нүдээр бол чамтай адилхан л 10-р ангийн өсвөр насны охин байгаа. Түүнээс айх шалтгаан чамд ерөөсөө ч байхгүй. Тиймээс өмнө нь нэг удаа өөрийнхөө төлөө өөрийгөө хамгаалж сурсан шиг энэ удаад бас өөрийгөө хамгаалаарай гэж хүсье. Чамд амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

С.Цолмон

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Letter, #Friendship