Иргэний нийгэм байгаагүй бол энэ нийгэм ямар байх байсан бол гээд эсрэгцүүлээд та бодож үзсэн болов уу? Энэ асуултад та бидэнтэй л адил амьсгалж, бидэнтэй л адил амьдарч яваа нэгэн залуу, “Лантуун дохио” ТББ-ын төлөөлөл, Хүний эрхийн хамгаалагч Ганбаярын түүхийг та бүхэнд хүргэмээр байна.
Түүний хувьд иргэний нийгэмд жаахан байхаасаа эхлээд сайн дурын ажил хийж байсан нэгэн. Хүний эрхийн асуудлыг зургаар, бичгээр дамжуулж хүмүүст ойлгуулах төрөлхийн гэмээр авьяастай тэрбээр заримдаа талбай дээр жагсагч, цахим орчинд нөлөөлөгч, заримдаа хуульч мэт л олон дүрээр таны бидний хүүхдийн эрхийн төлөө тэмцэж буй. Түүнийг та бид Ид шидийн орон, ид шидтэй ах эгч, НҮДЭЭ НЭЭ-ийн Ганбаяр гэдгээр нь илүү таних биз ээ. Түүнтэй ярилцах боломж олдсон цөөн хэдэн хоромд бидний яриа иргэний нийгэм байгаагүй сэн бол гэсэн эсэргүү гэмээр асуултаар эхэлсэн юм.
Хэрвээ…
Иргэний нийгэм байгаагүй бол (бодохоос айж байна) ямар ч байсан зургаан ид шидийн орон байхгүй байсан. Бас олон олон хүүхдүүд хамгаалуулж чадалгүй, хөгжиж чадалгүй хэцүү хэвээр л байх байсан. Бидний хувьд өдийг хүртэл хүүхдийн төлөө санаа тавьдаг 50.000–60.000 иргэдийн дэмжлэгийг авсан байдаг. Тэгэхээр иргэдийн эв санааг нэгтгэж болох юм байна гэсэн мэдрэмжийг, урмыг бид ч бусад байгууллагууд ч мэдрэхгүй өнгөрөх байсан болов уу.
Бас Иргэний нийгмийн байгууллагын хамгийн чухал үүрэг болох төрийг хянах, төрд иргэдийн дуу хоолойг хүргэх ажил хийгдээгүй бол өнөөдөр таны болон миний хүүхдэд зориулагдах төсөв үүнээс бага, нөхцөл байдал илүү хүнд байх байсан. Энэ бүхэнтэй минь хамт байдаг олон мянган сайн дурын залуусын маань оролцоогүй, залуучууд нь идэвхгүй хэвээр байх нийгэм байх байсан болов уу. Бас 108 утсыг, хажуу айлд чинь асуудал гарвал хамгаалах нь миний үүрэг юм байна гэдгийг мэдээгүй байсан бол ямар байх байсан бол гэдгийг та ч нэг бодоод үзээрэй хэмээн хариулсан түүний яриа бидэнд олон зүйлийг ойлгуулсан.
Иргэний нийгмийн байгууллагууд өргөжиж, олноор гарч ирэхийн хэрээр шударга ёс, нийгмийн сайн сайхны төлөө үгээ хэлж, үйл ажиллагаа явуулж буй хүмүүсийн тоо олширдог.
Ганцхан иргэний нийгмийн байгууллага ийм их нөлөөлөл үзүүлж байгаа юм чинь олон олон иргэний нийгмийн байгууллага нийгэмд байх нь ямар их нөлөөтэйг та нэг эргэцүүлэн бодоод үзээрэй. Монгол улсад “Лантуун дохио” төрийн бус байгууллага шиг байгаль орчин, хүний эрх, хүүхдийн эрх, эмэгтэйчүүдийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон олон иргэний нийгмийн байгууллагууд байдаг.
ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал
Онч шийдэл ТББ-ын Гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир
Иргэдийн дуу хоолойг төрд хүргэх, иргэдийн эрхийг хангахад ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА чухал үүрэгтэй. Тийм учраас иргэний орон зайг хамгаалах ёстой.
Иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх хамгийн чухал орон зай бол иргэний нийгэм юм. Тиймдээ ч бидний өдөр тутмын амьдралд хамааралтай шийдвэр гаргаж буй төрд иргэд өөрсдөө санаачлан өөрсдийн саналыг илэрхийлэх боломжтой болсон. Үүний нэг сайн жишиг бол https://www.uih.mn/
Цогц хөгжлийн үндэсний төв ТББ-ын ахлах судлаач Г.Доржтүвдэн
Нөгөө талаас төр ч мөн ардчиллын үндсэн зарчмаараа олон бүлгийн иргэдийн төлөөлөлтэй хамтран ажилласнаар илүү амьдралд чухал нөлөөтэй зөв бодлогыг бий болгох ач холбогдолтой. Энэ бол иргэний нийгмийн мөн чанар.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал
Та ч хүчирхэг иргэний нийгмийн нэг хэсэг болж хүний эрх хамгаалагч болох боломжтой
Хажуу айлдаа хүүхэд уйлж байхад та цагдаа дуудаж байсан уу, тусламж гуйж ирсэн эмэгтэйг хамгаалан туслаж байсан уу, гэр хороололд амьдарч байгаа хүүхдүүдийг хамгаалж, хайрлах Ид шидийн оронд хандив өгч байсан уу? Эсвэл та өнөөдөр танд надад тулгарч буй утаа, түгжрэл, хүүхдийн хүчирхийлэл, зам тээврийн осолд өртсөн хүүхдийн асуудал, үерийн асуудалд гэр оронгүй болсон иргэдийн төлөө ямар нэгэн алхам хийж чадна гэж бодож байна уу?
Иргэний нийгэм гэдэг нэршлийг бид байнга хэрэглэдэг ч энэ нь энгийнээр тайлбарлавал хүний төлөө, аливаа нэг асуудлын төлөө нэгдсэн хүмүүсийг, хүний эрх хамгаалагч хүмүүсийн нэгдлийг хэлдэг. Тийм ээ танд бас надад ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧ БОЛОХ боломж бий.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх