Сайн найз, нөхөрлөлийн тухай сонирхолтой баримтууд


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-11-20

Таны бодлоор “Найз” гэж хэн бэ?

“Үргэлж миний нууцыг хадгалдаг хүн”, “Түүний хажууд өөрийнхөөрөө тэнэгтэж болох амар тайван түшигтэй хүн”, “Аз жаргалтай мөчүүдээс гадна асуудалтай үед ч дэмжлэг үзүүлдэг үнэнч хамтрагч”, “Муу зүйлийг минь шүүмжилж сайжрах боломж олгодог гэр бүлээс илүүтэй миний төрсөн найз” зэрэг хүн бүр өөр өөрийн туршлагад тулгуурлан найз гэх ойлголтыг тодорхойлох байх. Тиймээ, найзууд бол бидний амьдралын хамгийн чухал суперменүүд билээ. Тэр үргэлж чиний дэргэд байхгүй ч хэзээд чиний төлөө байж, хэрэгтэй үед гарч ирнэ.

Өнөөдөр бид тэрхүү суперменүүдийн тухай нийтлэлээ бэлтгэлээ. Ингээд сайн найз болон нөхөрлөлийн тухай сонирхолтой баримтуудтай танилцана уу.

7 жилээс дээш найзалсан бол жинхэнэ нөхөрлөл бий болно

Судалгаанаас харахад сайн найзууд долоон жилээс дээш найзалбал жинхэнэ нөхөрлөлийн түвшинд хүрсэн гэж үздэг байна. Та найзтайгаа хэдэн жил нөхөрлөж байгаа вэ?

Хамт байх тусам илүү адилхан болно

Удаан хамт байсан найзууд хоорондоо адилхан болдог гэнэ шүү. Зан ааш, сэтгэл хөдлөл, ярианы хэв маяг, тэр ч бүү хэл өдөр тутмын зуршлуудаараа хүртэл төстэй болж эхэлдэг.

Стресс бууруулах инээдийн хүч

Инээд бол хүний сэтгэцийн болон бие махбодын эрүүл мэндэд онцгой нөлөөтэй зүйл юм. Сайн найзуудтайгаа инээж хөхрөх нь зүрх сэтгэлийг дулаацуулж, харилцааг бат бөх болгон, стрессийг 39%-иар бууруулдаг нь шинжлэх ухаанаар батлагдсан байдаг.

Нөхөрлөл тархинд эерэг нөлөө үзүүлдэг

Найз нөхөдтэй байх нь тархины бүтцэд эерэг өөрчлөлтүүдийг бий болгодог. Гэхдээ эрүүл зөв, жинхэнэ нөхөрлөлийн харилцаанд л энэ боломжтой. Үргэлж нэгнээ доош нь хийж, болохгүй бүтэхгүй хэмээн ярьж буй найзуудтай хамт удаан байх нь дагаад л тархины өөрчлөлт муугаар эргэнэ. Тиймээс эрүүл зөв харилцааг бий болгоорой.

Удаан уулзахгүй байлаа гээд зүгээр дээ

Нөхөрлөл бол цаг хугацааны шалгуурыг даван туулж чаддаг үнэт зүйл билээ. Удаан уулзахгүй байлаа гээд найз чинь найз байхаа болино гэсэн үг огтхон ч биш. Хэдийгээр удаан хугацаанд холбогдоогүй, харилцаа тасарсан ч гэсэн дараа нь хуучин найзуудтайгаа уулзахад өнгөрсөн үеийн нандин дурсамжаа ярьж, хамтдаа туулсан мөчүүдээ ярилцах нь найзуудын бас туулах үе юм байна шүү. 

Хүн амьдралынхаа туршид дунджаар 4 - 6 сайн найзтай учирна

Хүн амьдралынхаа туршид 300-500 орчим хүнтэй ямар нэгэн харилцаатай байдаг гэсэн тооцоо бий. Үүнд ажил мэргэжлийн, сургуулийн, хөршийн болон сонирхлын гээд олон төрлөөр хүмүүстэй харилцана. Харин эдгээр хүмүүсээс ойролцоогоор 4-6 хүн л таны жинхэнэ сайн найз буюу илүү гүн гүнзгий харилцаатай болдог гэнэ.

Сайн найзуудын ДНХ нэг хувь нь ижилхэн байдаг

Судалгаанаас харахад сайн найзуудын ДНХ буюу удамшил нь ойролцоогоор нэг хувь ижил байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл сайн найз чинь таны холын хамаатантай ижил генетиктэй байж болох юм. Бид өөрийн сонирхолтой нийцэх хүмүүсийг сонгож найзалдаг нь үүнтэй холбоотой байж болох юм.

Эсрэг хүйстний найзууд бие биедээ татагдах нь элбэг

Эсрэг хүйстний найзууд бие биедээ татагдаж, хайрын харилцаанд шилжих нь нийтлэг үзэгдэл. Учир нь тэд бие биеийнхээ давуу болон сул талыг сайн мэддэг, нэг нэгнээ байгаагаар нь хүлээн зөвшөөрч, хамтдаа их цагийг өнгөрүүлэх нь романтик мэдрэмж төрүүлдэг аж.

Өсвөр насны найзуудын дийлэнх нь том болох үедээ найзлахаа больдог

Бага ангидаа найзтайгаа насан туршдаа найзлах юм шиг санагддаг байсан ч одоо та тэдний хэдтэй нь холбоотой байдаг вэ?

Флоридагийн Атлантын Их Сургуулийн (FAU) саяхан хийсэн урт хугацааны судалгаагаар өсвөр насныхны нөхөрлөл ялгаатай байдлаас болж салдаг гэдгийг нотолжээ. Тэд томрох тусам нийгмийн байр суурь, сонирхол, зан ааш, санхүүгийн асуудал, орчны хувьд нэгнээсээ ялгаатай болж холбоогоо тасалдаг байна.

Хосын харилцаанд орох үед та ойролцоогоор хоёр сайн найзаа алдаж магадгүй

Хосын харилцаа эхлүүлэх үед хүмүүс шинэ харилцаандаа илүү анхаарч найз нөхдөдөө цаг зав гаргах нь багасаж байгаа хандлага ажиглагддаг. Энэ нь найзуудтай уулзах, харилцах боломжийг багасгаснаар найзуудаа алдах магадлалтай гэнэ.  

Сүүлийн жилүүдэд сайн найзгүй хүмүүсийн тоо ихсэж байна

Сүүлийн 20 жилийн хугацаанд хийсэн судалгаагаар найз нөхөдтэй хүмүүсийн тоо буурч, ганцаараа байх үзэгдэл нэмэгджээ. Энэ нь технологийн дэвшил болоод завгүй амьдралын хэв маяг, утсандаа хэт их цаг зарцуулж буй зэрэг нөлөөлж байдаг аж.

Эх сурвалж: Leverage Edu, Radleys

#найз