Манай Улс Хүүхэд, залуучуудын театртай болсон. Өмнө нь байсан л даа, гэвч 1997 онд хувьчлалтай холбоотойгоор үйл ажиллагаа нь зогсож, Монгол Улс Хүүхэд, залуучуудынх гэх театргүй 27 жилийн нүүрийг үзсэн. Харин энэ онд шинэ театртай болоод буй.
Энэ театрт “18 дахь хаврын хайр” нэртэй хүүхэд, залуус тэр дундаа ахлах, төгсөх ангийн сурагчдад зориулсан сэдэвт жүжгийг тоглож байна. Шинэ театрыг зорьж арван жилийн сурагчдтай зэрэгцэн суугаад өчигдөр (2024.10.26) энэ жүжгийг үзлээ.
Жүжиг үзэхээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид анги, ангиараа иржээ. Тэднийг багш нь зохицуулж, “Боль, битгий”, “Хүүш, хөөе” гэсээр байлаа. Бүх зүйлийн учир шалтгааныг хаанаас л бол хаанаас олоод мэдчих, хүсвэл юуг ч үзэх боломжтой цаг үед өсөн торниж буй тэд театрын жүжиг үзэх гэж буйгаа тийм ч их ойшоохгүй л байгаа бололтой. Харин зүгээр л ангиараа бужигнаж, үеэрээ үймж шуугих боломж олдсон нь л тэдэнд сонирхолтой байх шиг.
Жүжиг эхлэхээс өмнө театрын захирал, жүжгийн зохиолч хоёр тайзнаа гарч ирж үзэгчидтэй ёслоод томоотой суугаад жүжгээ үзэхийг, жүжигчдийг болоод өөрсдийгөө хүндэтгэж соёлтой үйлчлүүлэхийг хичээнгүйлэн хүсэв.
Жүжиг эхэллээ. Энэ жүжгийн агуулга нь бүхэлдээ хүүхдүүдэд зориулсан. Тэдний үерхэл, нөхөрлөл, хайр, дурлал, үл ойлголцол, урвалт, гомдол. Бас арван жилийн сурагчдын дунд чухалд тооцогдох сагсны тэмцээн, хонхны баяр, ангиараа аймшгийн зүйл ярих...Энэ бүхнийг жүжигт шигтгэж, үзэгч хүүхдүүдийг өөрсдийг нь дунд нь оролцуулж чадсан нь сонирхолтой байлаа. Бас тайзан дээр мотоциклтой давхих, тэр нь огт дуу гаргахгүй байгаа нь сонин.
“Эд жүжиг үзэх гэж юу л болдог бол” гэж жүжиг эхлэхээс өмнө тэдний дунд сууж байхдаа бодсон ч сагсны тэмцээний үеэр Билгүүний багийг дэмжиж, байдаг чадлаараа алга ташиж байгаа тэднийг хараад “Хэдий техник, технологийн эрин үед амьдарч байгаа ч тэд чинь нээрээ хүүхдүүд шүү дээ” гэж хайрлав.
Анхны үнсэлтийн хэсэгт охид “Аааааа” гэж уулга алдаж, амаа даран инээлдэх бол урвах үед нь ард суусан охин “Ёоо ямар муухай юм бэ” гэж чин сэтгэлээсээ бухимдах аж. Харин хөвгүүд сагсны тэмцээний хэсэгт шүгэлдэж, бүхнийг эрх мэдлээр шийдэх гэсэн аавын үйлдлийг “Үүү” гэж буруутгаж байлаа.
Харин жүжгийн төгсгөлд олон хүүхэд уйлсан, би ч бас. Хэрэв энэ жүжгийг өөр хүмүүстэй өөр орчинд үзсэн бол магадгүй шүүмжлэлт нүдээр үзэх байсан болов уу. Харин цэв цэвэрхэн тунгалагхан сэтгэлтэй, жүжгийг зүрхээрээ мэдэрч, дүрүүдтэй нь хамт шаналж, шатах хүүхдүүдтэй хамт үзсэн болохоор “Нээрэн ийм л байдаг шүү дээ” гэж арван жилийн дурсамжаараа аялсаар дуусгав.
Эл жүжгийг үзсэн зарим сурагч танхимаас гарч ирсэн даруйдаа багшийгаа тэврээд уйлж байгаа харагдсан. Багш гэж ийм л хүн байдаг даа гэдгийг СТА, жүжигчин А.Гэрэлцэцэг тун сайн илэрхийлжээ. Жүжгийн зохиолыг Н.Уранзаяа бичиж Э.Ёндоншарав найруулсан юм байна. Сайн зохиолтой, сайн найруулгатай, сайн жүжиг болжээ. Жүжигчдийн микрофон үе, үе гацаж, яриа тасалдсаныг эс тооцвол шинэ театрын тайз, гэрэлтүүлэг, хөгжим зэрэг тохижилт олон улсын жишигт нийцжээ.
Хүүхдийнх гэх театртай болж тэнд хүүхдэд зориулсан жүжиг тоглож, алив зүйл төдийлөн сэтгэлийг нь хөдөлгөхөө больсон энэ цагт тэднийг уйлуулж, инээлгэж, багшийгаа хайрлах, хүндлэх сэтгэл өвөртлүүлээд гаргаж буй нь хэчнээн сайхан юм бэ дээ.
Бие даалтын долоо хоног эхэлж буй энэ өдрүүдэд энэ жүжгийг ахлах, төгсөх ангийн ер бүх сурагчид ирж үзээсэй, үзүүлээсэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх