“Pixar”-ийн анимейшны СУРГАМЖИТ санаанууд


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-10-25

Өмнөх нийтлэлээр бид Дисней болон DreamWorks-ийн хүүхэлдэйн киноны сургамжит санаануудыг хүргэсэн билээ. Харин өнөөдрийн нийтлэлд “Pixar” кино компанийг онцлон сургамжит санааг хүргэж байна.

Pixar-ийн анимейшин нь гэр бүл, нөхөрлөлийн үнэ цэнэ, өөрийгөө хүлээн зөвшөөрөх, хүсэл мөрөөдөлдөө үнэнч байх гэх мэт олон талын чухал сургамжийг харуудаг билээ. Анимейшнууд нь онцгой, уран сэтгэмжээр дүүрэн ертөнцөөр бүтээгддэг нь илүү сонирхолтой. Жишээ болгож “Monsters Inc”, “Inside Out” зэргийг нэрлэж болно. Эл киноны ертөнцүүд маш өвөрмөц, гайхамшигтай, бодит амьдралд байх боломжгүй мэт санагддаг ч бидний сэтгэлд хүчтэй сэтгэгдэл төрүүлнэ.

Ингээд  Pixar кино компанийн анимейшнуудын үзэгчдэд хүргэх гэсэн сургамжит санаа юу байсныг хамтдаа сонирхоцгооё.

Elemental: Ялгаатай байдал бол саад биш, харин боломж юм

Элемент хотод гал, ус, газар болон агаарын оршин суугчид хамтдаа амьдардаг билээ. Тус анимейшны гол санаа нь элементүүдийн хоорондын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх тухай юм.

Эмбер, Уэйд хоёр гүүрний доор нэгнийхээ гарт хүрч, бүжиглэдэг хэсэг. Тэд хамт орших боломжгүй хоёр өөр элементтэй боловч тэдний ялгаатай байдал хайр дурлалыг нь зогсоож чаддаггүй. Харин ч энэ ялгаатай байдал тэднийг бие биеэ илүү гүн гүнзгий ойлгоход тусалсан. Тэд өөрсдийн ялгаатай байдлыг үгүйсгэхийн оронд хүлээн авч, хамтдаа нэгдэж чадсан нь хайр дурлалд харилцан ойлголцол чухал гэдгийг харуулж байна.

The Good Dinosaur: Гэр бүл, найз нөхдийн дэмжлэг хамгийн чухал

“The Good Dinasour” нь өөрийгөө нээх, айдсыг даван туулах, гэр бүл, нөхөрлөлийн үнэ цэнийг ойлгуулсан хүн бүрийн үзэх ёстой гайхалтай бүтээл юм.

Гол дүр болох Арло хэмээх бяцхан үлэг гүрвэл болон Спот хүү хоёрын харилцаа нь гэр бүл, найз нөхөд амьдралд ямар их үнэ цэнтэйг харуулна. Арло жижигхэн биетэй, сул дорой, өөртөө итгэлгүй байсан ч гэр бүлийн дэмжлэг болон найз Спотын тусламжтайгаар өөрийн айдас, тулгарч буй саад бэрхшээлийг даван туулж чаддаг. Үүнээс бид заримдаа бусдын дэмжлэгийг авах нь хүн өөрийн айдсаа даван туулах, цаашлаад амжилтад хүрч болно гэдгийг ойлгож болно.

Monsters Inc: Сонссон болгондоо бүү итгэ

Монстрополис дахь мангасууд. Тэд хүний хүүхдээс айдаг. Хүүхдийн унтлагын өрөөнөөс мангас үсэндээ оймс наалдчихсан буцаж ирэхэд тэд бүгд айж сандарч, оймсыг ариутган, мангасыг тусгаарлаж буй хэсгийг санаж байгаа л биз дээ.

Хүний хүүхэд ямар нэгэн байдлаар аюултай, аймшигт амьтан гэж тэд тодорхойлдог. Мэдээжийн хэрэг Сулли Бүүтэй анх уулзахдаа түүнээс айж байсан ч хэсэг хугацааны дараа түүнийг аймшигт араатан биш өхөөрдөм хүүхэд гэдгийг ойлгоно. Бид ч гэсэн уулзаж үзээгүй хүнийхээ талаар хий дэмий цуурхал сонсож түүндээ итгэн, тухайн хүнийг дүгнэдэг. Гэтэл бодит байдал дээр тэр хүн цуурхлаас тэс өөр хүн байж гэдгийг ойлгох нь ч бий.

Мангасууд киноноос бид сонссон болгондоо итгэх хэрэггүй, ямар нэг зүйлийг олж мэдэх хамгийн сайн арга бол үүнийг өөрөө мэдрэх явдал гэдгийг ойлгосон биз ээ.  

Ratatouille: Таны хэн байх нь чухал биш өөрийгөө хэн болгож бүтээж буй нь чухал

Реми хулгана боловч дээд зэрэглэлийн тогооч болох мөрөөдөлтэй. Хэдийгээр олон хүн түүнд “Хулгана хоол хийж чадахгүй” гэж хэлсэн ч тэрээр мөрөөдлөө хаялгүй, өөрийн чадварт итгэж, шаргуу ажиллана. Тэр олон удаа бүдэрч, бэрхшээлтэй тулгардаг ч шантралгүй хичээснээр “Gusteau” рестораны тогооч болж чаддаг. Тиймээс чиний хэн байх чухал биш өөрийгөө хэн болгож бүтээж буй нь хамгийн чухал гэдгийг эл анимейшнаас ойлгож болно.

Cars: Амжилт бол зөвхөн хурд биш, энэ бол тэвчээр, багийн ажиллагааны үр дүн

Аянга Маккуин бол хамгийн хурдан уралдааны машин. Тэр өөртөө итгэлтэй, ихэмсэг бөгөөд хурд бол амжилтын гол түлхүүр гэж  боддог нэгэн. Гэтэл уралдааны үеэр The King гэгдэх машин осолд орно. Маккуин энэ үед түрүүлэх боломжтой байсан ч түүнд тусалж, хамтдаа барианд хүрдэг.

Энэ үед Маккуин түрүүлэх нь амжилт биш, бусдад тусалж, үнэнч байх нь илүү үнэ цэнтэй гэдгийг ухаардаг. Тэрээр зөвхөн өөрийнхөө төлөө амжилтад хүрэхээс илүү багийн ажиллагаа, нөхөрлөл, хүн чанар нь жинхэнэ амжилт гэдгийг ойлгож эхэлдэг. Тиймээс амжилт зөвхөн чамаас бус олон зүйлээс шалтгаалж болно гэдгийг санаарай.

Toy Story: Өөрийгөө үнэлж, бодит байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

Баз Лайтер анх өөрийгөө бодит сансрын нисгэгч гэж итгэдэг ч эцэст нь зүгээр л тоглоом гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

Энэ нь хүн өөрийгөө бодитойгоор үнэлж, өөрийнхөө хэн болохыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэйг харуулж байна. Өөрийн дутагдал, сул талаа ойлгож, хүлээн зөвшөөрснөөр бид илүү аз жаргалтай, өөртөө итгэлтэй амьдарч чадна гэдгийг тус анимейшин тод дүрслэн үзүүлжээ.

Coco: Мөрөөдлөө дага

Мигель бол хөгжимчин болох мөрөөдөлтэй өсвөр насны хүү. Харин гэр бүлийнхэн нь хөгжимтэй холбоотой муухай дурсамжтай учир түүнийг эсэргүүцэж гуталчин болоосой гэж хүснэ. Гэсэн ч Мигель энэ бүгдэд шантралгүй тэмцсээр эцэст нь гэр бүлдээ хүлээн зөвшөөрүүлж, хөгжимчин болж чаддаг билээ.

Мэдээж хэрэг мөрөөдлөө дагаж, түүндээ хүрэхэд амархан байхгүй. Үнэхээр мөрөөдлөө биелүүлж, түүндээ хүрмээр байвал ямар ч зүйл тохиолдсон чин сэтгэлээсээ хичээгээд нэг үзэх хэрэгтэй гэдгийг Мигель хүүгээс харж болно. Үүний үр дүнд ядаж л харамсахгүй амьдарч чадна шүү дээ.

Танд Pixar кино компанийн аль анимейшин илүү сургамжтай санагдсан бэ?

#Pixar #СУРГАМЖИТ санаанууд