Өдрийн цагаар багахан хугацаанд дугхийх дуртай хүмүүсийн хувьд нэгэн сонирхолтой судалгааны үр дүн гарчээ. Эрдэмтдийн тогтоосноор тогтмол өдрийн нойр авдаг хүмүүсийн тархины нийт хэмжээ бусад хүмүүсийнхээс харьцангуй том байх хандлагатай бөгөөд энэ ялгаа нь тархины хөгшрөлтийн 2.6-6.5 жилийн зөрүүтэй дүйцэхүйц байжээ.
Их Британийн Лондонгийн их сургуулийн коллеж (UCL) болон Уругвайн Бүгд Найрамдах Улсын их сургуулийн судлаачид хамтран хийсэн уг судалгаагаа 2023 онд Sleep Health шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн байна.
380 МЯНГА ОРЧИМ ХҮНИЙ МЭДЭЭЛЭЛД ҮНДЭСЛЭЖЭЭ
Судалгаанд Их Британийн UK Biobank мэдээллийн сангийн 40-69 насны нийт 378,932 хүний мэдээллийг ашигласан байна. Судлаачид өдрийн цагаар дугхийх зуршилтай холбоотой генетикийн 92 хувилбарыг судалж, оролцогчдын тархины бүтцийг MRI шинжилгээгээр үнэлжээ.
Үр дүнд нь өдрийн цагаар тогтмол унтах генетикийн хандлагатай хүмүүсийн тархины нийт хэмжээ дунджаар 15.8 см³-ээр илүү байгааг тогтоосон байна. Энэ нь тархины хэмжээгээрээ ойролцоогоор 2.6-6.5 жилийн хөгшрөлтийн ялгаатай дүйцэж байгаа аж. Учир нь хүний тархи нас ахихын хэрээр аажмаар жижгэрдэг бөгөөд энэ үйл явц зарим тохиолдолд ой санамж, танин мэдэхүйн чадвар буурахтай холбоотой байдаг.
ГЭХДЭЭ ӨДРИЙН НОЙР БҮХ ЧАДВАРЫГ САЙЖРУУЛДАГ ГЭСЭН ҮГ БИШ
Судалгааны нэг сонирхолтой тал нь өдрийн нойр болон тархины хэмжээний хооронд эерэг холбоо илэрсэн ч ой тогтоолт, хариу үйлдлийн хурд болон ой санамжтай холбоотой гиппокамп хэмээх тархины хэсгийн хэмжээнд мэдэгдэхүйц ялгаа илрээгүй явдал юм.
Түүнчлэн судлаачид өдрийн цагаар унтах нь тархины хөгшрөлтийг шууд зогсоодог, эсвэл хүнийг залуужуулдаг гэж дүгнээгүй. Харин тогтмол, богино хугацаанд дугхийх нь тархины эрүүл мэндийг хадгалахад тодорхой хэмжээгээр тусалж болохыг онцолжээ.

ХЭР УДААН ДУГХИЙХ НЬ ТОХИРОМЖТОЙ ВЭ?
Судалгааны багийн тайлбарласнаар өмнөх судалгаануудад 5-15 минутын богино нойр ч хүний анхаарал төвлөрөл болон сэтгэх чадварыг түр хугацаанд сайжруулах боломжтойг харуулж байжээ.
Мөн 30 минут хүртэлх богино нойр нь зарим хүнд сэргэлт өгөх боломжтой гэж үздэг. Харин хэт удаан унтах нь сэрсний дараа манарах, шөнийн нойронд нөлөөлөх эрсдэлтэй.
Гэхдээ тархины хэмжээнд ажиглагдсан үр дүнг бий болгоход яг хэдэн минут унтах шаардлагатайг одоогоор тогтоогоогүй байна.
Тэгэхээр өдрийн цагаар 10-20 минут нүдээ аниад амрахад гэмгүй бололтой. Заримдаа тархиа амраахын тулд хийх хамгийн энгийн зүйл нь түрхэн зуур дугхийх ч байж мэднэ.
Эх сурвалж: University College London (UCL); Sleep Health сэтгүүл; The Guardian



237











