Үргэлжлэл
Өмнөх нийтлэл дээр бид таны өмнө нь сонсож ч байгаагүй хачирхалтай арван эмгэгүүдийн тухай нийтлэлийг бичсэн. Газрын самар, шар өнгө, тоо, утасгүй байхаас айх гээд л хачирхалтай эмгэгүүд олон байсан шүү дээ. Тэгвэл өнөөдрийнхөө нийтлэлээр өмнөхөөсөө илүү хачирхалтай арван эмгэгийг танилцуулах болно.
Ephebiphobia (өсвөр настнуудаас айх эмгэг)
Ephebiphobia нь өсвөр настнуудаас болон залуу хүмүүсээс айх эмгэг юм. Ephebiphobia-той хүмүүс өсвөр настнуудыг удирдах боломжгүй, аюултай гэж үздэг бөгөөд тэднийг бүдүүлэг, дээрэнгүй гэдэгт итгэдэг. Энэхүү айдас нь цахим орчинд өсвөр үеийнхэн дандаа сөргөөр дурдагддагтай холбоотой. Өсвөр настнуудаас айдаг хүмүүс тэдэнтэй ойр байхыг огтхон ч хүсэхгүй бөгөөд өсвөр настнуудын олуулаа цуглардаг газар бол тэдний хувьд хэзээ ч очих ёсгүй жагсаалтын хамгийн тэргүүнд байвал гайхах зүйлгүй.
Omphalophobia (хүйсний нүхнээс айх эмгэг)

Omphalophobia нь хүйсний нүхнээс айх эмгэг юм. Omphalophobia-той хүмүүс хүйсний нүхэнд хүрэхээс, харахаас зайлсхийх бөгөөд өөрсдийнхөө хүйсний нүхийг ч харж чаддаггүй. Тиймээс зарим тохиолдолд тэд хүйсний нүхээ ямар нэг зүйлээр тагладаг байна. Тэгэхээр тэдний хувьд далайн эргийн үдэшлэг хар дарсан зүүд нь байх нь ээ.
Linonophobia (утаснаас айх эмгэг)
Гар утас биш утас зүүний утас шүү! Linonophobia-той хүмүүс утас унжсан байгааг харах нь байтугай бодох төдийдөө л маш хүчтэй хариу үйлдэл үзүүлдэг байна. Утас хараад л ухаанаа алддаг тэдний хувьд аливаа урагдсан хувцсыг оёх ч гэдэг юм уу утас зүү оролцсон зүйлийг хийх нь тун хүндрэлтэй байх юм. Зарим тохиолдолд гутлаа үдэх нь хүртэл тэдний эмгэгийг сэдрээдэг гэнэ.
Pogonophobia (сахлаас айх эмгэг)
Pogonophobia нь сахлаас айх эмгэг юм. Ийм төрлийн эмгэг өмнө нь сахалтай хүнээс болж үүссэн сэтгэл зүйн асуудалтай холбоотой байх нь элбэг. Эсвэл тухайн хүн зүгээр л сахал хүний царайны бараг хагас хувийг халхалчихдаг болохоор нь ч дургүй байж болно. Pogonophobia-той хүмүүс сахалтай хүмүүсийн дэргэд байж тэвчихгүй бөгөөд сахалтай хүнтэй харилцан яриа үүсгэнэ гэдэг хэзээ ч бүтэхгүй зүйлсийн нэг. Тэгэхээр харамсалтай ч гэсэн тэд өвлийн өвгөнөөс ч бас айдаг болж таарах нь.
Chaetophobia (үснээс айх эмгэг)

Chaetophobia нь үснээс айх эмгэг юм. Уг эмгэгийг туссан хүн хүний, өөрийн, амьтны үснээс ч айж болно. Хамгийн хэцүү зүйл нь тэд үсээ самнахаас ч бас айдаг байна. Тэд өөрсдөө үснээс айхаас гадна бусад хүмүүс үсэнд нь хүрэхэд дургүй тул үсчин рүү очиж үйлчлүүлэх нь хэзээ ч тэдний сонголт байдаггүй. Chaetophobia үүсэх гол нөхцөл нь өмнө нь үстэй холбоотой сэтгэл өвтгөм зүйл болж байсан эсэх болон муухан үсний засалт, их хэмжээгээр үс унахаас шалтгаалж болдог.
Vestiphobia (хувцас өмсөхөөс айх эмгэг)

Vestiphobia нь хувцас өмсөхөөс айх эмгэг юм. Ихэнх хүмүүст энэхүү эмгэг нь бүх хувцаснаас биш харин онцгой нэг хувцас өмсөхөөс айхаар илэрдэг ч заримд нь хэт бариу хувцас өмсөхөөс айх зэргээр илэрч болно. Хамгийн ховор тохиолдол нь бүх хувцаснаас айх явдал юм.
Ergophobia (ажлаас айх эмгэг)

Ergophobia нь ажлаас айх эмгэг юм. Ergophobia-той хүмүүс ажлаасаа эсвэл ажлын газраасаа маш ихээр айдаг. Зарим хүмүүс нь ажил хийх процессоос айх бол зарим нь ажил хайх процессоос айдаг байна. Гэхдээ эдгээрийн аль нь ч байсан еrgophobia хэмээн тооцогдоно. Ажлаас айх эмгэгээс болоод тухайн хүн ажилдаа өөрийн бүх хүчээ дайчлан ажиллаж чадахгүйд хүрдэг. Хүн амьдрахын тулд ажилхийх ёстой тул уг эмгэгийг хүний амьдралд учирч болох хамгийн хараалтай эмгэг гэж ч нэрлэж болно.
Ergophobia үүсэх нөхцөл нь хүн маш их ажлын ачаалалтай ажилласаар байгаад ажлаасаа ядарч, залхах үед үүсдэг. Хэтэрхий их ажил хийгээд байх нь тухайн хүнд ажил хэзээ ч дуусахгүй юм байна гэх мэдрэмжийг төрүүлдэг гэнэ. Эсвэл тун хортой ажлын орчинтой, ууртай даргатай, санаа нийлдэггүй ажлын хамт олонтой байхад ч үүсэж болно.
Decidophobia (шийдвэр гаргахаас айх эмгэг)
Decidophobia нь шийдвэр гаргахаас айх эмгэг юм. Decidophobia-тай хүмүүс өөрийнхөө гаргах шийдвэрт итгэдэггүй учраас ямар ч төрлийн шийдвэрийг гаргах нь тэдэнд боломжгүй мэт санагддаг. Тиймээс тэд аливаа шийдвэрийг бусад хүмүүсээр гаргуулдаг байна. Зарим тохиолдолд зөнч, мэргэчид дээр ч очдог гэнэ.
Eisoptrophobia (толиноос айх эмгэг)
Eisoptrophobia нь толиноос айх эмгэг юм. Энэхүү эмгэгээр өвчилсөн хүмүүс өөрсдийнхөө царайг толинд харж чаддаггүй. Зарим хүндэрсэн тохиолдолд зөвхөн толиноос ч биш аливаа зүйлийг ойлгох боломжтой бүхий л зүйлээс айдаг болж хувирдаг байна.
Eisoptrophobia нь тольтой холбоотой мухар сүсэгтэй холбоотойгоор үүсэж болно. Жишээ нь, аливаа хүн толь хагалах нь азгүйдлийг дагуулдаг гэж үздэг бол толиноос айж болно. Бусад хүмүүсийн хувьд тэд толинд ямар нэгэн далд ертөнцийн зүйлийг олж харахаас айсандаа ийм эмгэгтэй болдог гэнэ. Эмгэгийг олж авах хамгийн зүрх шимшрэм нөхцөл нь хүн өөрийнхөө гадаад төрхөд сэтгэл хангалуун бус явдгаас үүдэн үүсэх ч боломжтой байдаг.
Deipnophobia (бусадтай хамт хооллохоос айх эмгэг)
Deipnophobia нь бусад хүмүүстэй хамт хоол идэхээс эмээх эмгэг юм. Энэ нь магадгүй оройн хоолны үдэшлэгүүдээс улбаалан үүсэх боломжтой ба хоол идэх үеэрээ хажуудах хүнтэйгээ юу ярихаа мэдэхгүй байх айдсаас болж үүсдэг. Өөр нэг боломжит хувилбар нь тухайн хүн бага байхдаа хэрхэн хоол идэж буйгаасаа болоод бусдад дээрэлхүүлдэг байснаас ч үүсэж болдог байна.
Эх сурвалж: The recovery village



125











