Нийгмийн даатгалын багц хуульд 2026 оны 7-р сарын 2-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орсон. Энэ хуулийн өөрчлөлтөөр даатгуулагчдад ямар давуу талууд бий болсон талаар ГБХНХЯ-ны Нийгмийн даатгалын хуримтлалын сангийн орлогын газрын дарга В.Рэнцэнханд танилцууллаа.
Хуульд,
- Нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх хүрээнд анх удаа Нийгмийн даатгалд даатгуулбал тухайн иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг 2 жилийн хугацаагаар чөлөөлөхөөр тусгасан. Энэ заалт 2027 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
- Жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд Нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсэн 5 жилийн хугацаанд 5 хүртэлх ажилтантай ажил олгогчийн гурав хүртэлх ажилтны ажил олгогчийн төлөх тэтгэвэр болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг чөлөөлнө. Энэ хоёр шимтгэл нь нийт 9.5 хувь байдаг. Энэ зохицуулалт 2027 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
- Ажил гүйцэтгэх, Хөлсөөр ажиллах, Гэрээгээр ажиллах ажилтнуудын НДШ төлөлтийг уян хатан болгох зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, Хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг хүн давхар хөлсөөр ажиллах болон ажил гүйцэтгэх гэрээ байгуулбал нэмэлт гэрээт ажилдаа НДШ төлөхгүй байх зохицуулалт тусгасан. Жишээлбэл, МУИС-ийн багш хүн сургуультайгаа Хөдөлмөрийн гэрээтэй. Нэмэлт судалгааны ажил хийгээд, энэ хүрээнд хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан тохиолдолд НДШ төлөхгүй байж болно.
- Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажилладаг хүн байж болно. Энэ хүн хэд хэдэн гэрээгээр ажилладаг тохиолдолд зөвхөн өөрт тааламжтай нэг гэрээгээ сонгон, НДШ төлж болно.
- Ажил хөдөлмөр эрхэлж байгаа оюутан суралцагчид хүсвэл Нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэн, НДШ төлж болно. Төлөхгүй байж болно. Тэгэхээр ажил олгогч нь үйлдвэрлэлийн ослын буюу бага хэмжээний НДШ төлнө. Харин оюутан суралцагч НШД төлөхгүй, бүртгүүлээд ажиллаж болно. НДШ-ээс чөлөөлөгдсөн тохиолдолд нийгмийн даатгалын байгууллагад хандаж 26 наснаасаа өмнө тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж болно. Энэ зохицуулалт 2028 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
- Ажил олгогчдод НДШ-ийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг тусгасан. Тухайлбал, Ажил олгогчийн төлөх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний, тэтгэврийн даатгалын шимтгэл болох 0.5, 1.5, 2.5 гэж ажлын байрны эрсдэлээс шалтгаалсан хувь хэмжээг 0.2-0.3 хувиар бууруулсан.
- Нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авч буй эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 настай даатгуулагч суурь тэтгэврийг 2026 оны 11-р сарын 1-нээс эхлэн авна.
- Олон хүүхэдтэй эхчүүд буюу 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхчүүд 50 насандаа тэтгэвэр тогтоолгож болно. 50 насандаа тэтгэвэрт гарсан тохиолдолд ажилласан жил нь цөөн, бага хэмжээний шимтгэл төлсөн байдагтай холбоотой бага тэтгэвэр тогтоогддог. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2029 оноос тэтгэвэрт гарах насыг жил бүр 3 сараар нэмэгдүүлнэ. Тэгэхээр 2029 онд 1979 онд төрсөн эмэгтэй 50 нас 3 сартайдаа тэтгэвэрт гарна гэх мэтээр явсаар 2053 онд 1998 он болон түүнээс хойш төрсөн эмэгтэйчүүд 55 насандаа тэтгэвэрт гарах аажим зохицуулалтыг тусгасан. Олон хүүхэд төрүүлсэн эх 55 нас хүрсэн өдрөөсөө эхлэн суурь тэтгэвэр авч эхэлнэ.
- Эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрсэн хөдөлмөр эрхэлж буй тэтгэвэр авагчид НДШ төлөх эсэхээ өөрөө сонгоно. НДШ төлсөн тохиолдолд тэтгэвэр нь жилд 1.5 хувиар нэмэгдэнэ. Төлөхгүй гэсэн сонголт хийсэн бол 1.5 хувиар нэмэгдэхгүй.
- Даатгуулагчдын хувьд илүү шударга тогтолцоотой болох зорилт дэвшүүлсэн. Одоо дараалсан 5 жилийн дундаж цалингаар тэтгэвэр тогтоож байгаа бол 2029 оноос эхлэн энэ хугацааг нэг нэг жилээр сунгаж, 2033 он гэхэд тэтгэвэр тогтоох хугацааг 10 жилийн цалингийн дунджаар тогтоодог болно.
- Суурь тэтгэвэр нь удаан ажилласан жилийг урамшуулж, тэтгэврийг нэмэгдүүлнэ. Тэтгэврийн тогтолцоонд орсон бас нэг томоохон өөрчлөлт нь даатгуулагч хуримтлалын тэтгэвэр үүсгэх боломжтой.
- Даатгуулагч Тэтгэврийн даатгалын шимтгэлийнхээ 1 хувийг 2027 оны 1-р сарын 1-нээс эхлэн хуримтлуулах боломжтой. Хэрэв хуримтлуулах хүсэлт гаргавал Улсын төсвөөс 0.5 хувьтай тэнцэх урамшууллыг 10 хүртэлх жилийн хугацаанд олгоно. Хуримтлалын тэтгэврийг тэтгэвэрт гарахаас 5 жилийн өмнөөс үүсгэж болно. Хэрэв даатгуулагч нас барвал Хуримтлалын тэтгэвэр өвлөгдөнө. Хуримтлалын тэтгэврийг тэтгэвэрт гарахаас нааш захиран зарцуулах боломжгүй. Тэтгэврийн насанд хүрэхэд мөнгөн хуримтлалын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэн дүнгээс бага байвал тэтгэвэрт гарах үедээ нэг удаа тэтгэвэр болгон авч болно. Хэрэв энэ дүнгээс өндөр дүнтэй байвал НДЕГ-тай тохиролцсоны үндсэн 3-10 жилийн хугацаанд хуваарьт тэтгэвэр болгон авч болно.


176











