"Ээж нь бага ангийн багш болоорой гэж захисаар бага ангийн багш болсон эмэгтэй манайд хандаж байсан юм. Тэрбээр "Ээжийнхээ хүслээр бага ангийн багшийн мэргэжлийг сонгож МУБИС-ийг төгссөн. Ажлын байран дээр гараад ажиллахад яагаад ч миний байх ёстой газар биш мэт санагддаг байв. Их ядарч, стресстдэг байсан" гэж байв. Тэгээд тухайн хүний зан байдал, сонирхол, тохирох мэргэжлийг нь шинжилтэл дотогшоо зантай, зурах авьяастай байсныг нь олж мэдсэн. Хүнтэй харилцахаас зайлсхийдэг хүнд 40, 50 хүүхдийг даатгаад өгчихөөр өөрийнх нь суурь чадвартай тохирохгүй байх нь аргагүй" хэмээн Карьер хөгжлийн төвийн захирал Ц.Булган хэллээ.
Хүний амьдралын хамгийн чухал сонголтын нэг нь мэргэжил сонголт. Зарим нь аав, ээжийн зөвлөснөөр, зарим нь гоё харагдсныг нь, үлдсэн хэд нь цалин өндөртэйг гэх мэтчилэн хүн бүрийн мэргэжил сонголт ч мөн өөр түүхтэй. Нийслэлийн төрийн өмчит ерөнхий боловсролын сургуульд очиход ахлах ангийнханд зориулсан асуудлаа бичих самбар байв. Тэд ихэвчлэн "Ямар мэргэжилтэй болох вэ", "Мэргэжлээ хэрхэн сонгох вэ", "Заавал их сургуульд суралцах шаардлагатай юу" гэх мэт нийтлэг асуулт асуусан байлаа.
"ЮУНД СОНИРХОЛТОЙ, ЮУ ХҮСДЭГЭЭ МЭДЭХГҮЙ УЧРААС МЭРГЭЖЛЭЭ
СОНГОХОД ХҮНДРЭЛ УЧРУУЛДАГ"
Элсэлтийн шалгалт хаяанд тулж, амьдралынхаа дараагийн алхмыг хийх гэж буй хүүхдүүд бол 17-18 насныхан. Тэдний хувьд арван жилийн сүүлийн намар, ЭШ өгөх, мэргэжлээ сонгох, хүссэн сургуульдаа элсэх гээд л сэтгэл хөдөлгөм, сандарч тэвдэм өдрүүдээр дүүрэн үргэлжилдэг билээ.
"Би энэ жил төгсөх анги. Анх мэргэжлээ сонгох үед аав минь "Манай удамд эмч хэрэгтэй байгаа болохоор миний охин эмч болчих" гэсэн. Надад ч эмч таалагдаж, хими биологийн ЭШ-дээ бэлдэж буй. Сургууль дээр мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлох тест бөглөхөөс өөрөөр мэргэжлээ надад тохирох эсэх талаар шалгаж үзээгүй.
Өөрийн хүсэл болон гэр бүлтэйгээ ярилцаад шийдсэн учир мэргэжлээрээ сурахад төсөөлснөөс өөр байсан ч гүрийгээд төгсөнө гэж боддог. Миний бодлоор өөрийгөө яг юунд илүү сонирхолтойг ойлгоогүй, хангалттай сайн мэдэж аваагүйн улмаас мэргэжлээ сонгоход хүндрэл үүсэж буй.
Манай ангийн хүүхдүүдийн ихэнх нь мэргэжлээ сонгоогүй, эргэлзэж байна гэдэг. Мөн их сургуульд сурахгүй гэсэн хэсэг хүүхэд бий" хэмээн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын ерөнхий боловсролын сургуулийн 12б ангийн сурагч Э.Отгончимэг сэтгэгдлээ хуваалцлаа.
Тухайн анги нийт 25 сурагчтай бөгөөд асуулгын аргаар судалгаа хийж үзэв. Тэдний тав нь мэргэжлээ сонгосон гэсэн бол эргэлзсэн, сонгоогүй гэсэн хариултыг тус бүр найман хүүхэд өгчээ.
Ахлах ангийн сурагчид мэргэжлээ сонгохдоо ямар түгээмэл алдаа гаргадаг талаар Карьер хөгжлийн төвийн захирал Ц.Булгантай ярилцсан юм. Тэрбээр "Өнөөдөр Монголд өсвөр насныхан мэргэжлээ сонгохдоо таван нийтлэг алдаа гаргаж байна.
Нэгдүгээрт, өөрийгөө болон сонгох гэж буй мэргэжлээ хангалттай судалдаггүй. Хүүхэд бүр өөрийн гэсэн зан төлөв, сонирхол, авьяас, ур чадвар, үнэт зүйлтэй. Гэтэл хүүхдүүд эдгээр онцлогоо таньж мэдэхэд хангалттай цаг зарцуулдаггүй. Өөрийгөө таних үйл явцыг дунд анги буюу 7–9 дүгээр ангиасаа эхлүүлэх хэрэгтэй. Зуны амралт болон бие даалтын долоо хоногийг сайн ашиглаж, юм юм туршиж үзэхийг хүсэхгүй байна гэж хэлнэ.
Хоёрдугаарт, бусдын нөлөөгөөр мэргэжлээ сонгодог. Найз нөхдөө даган дуурайх, эцэг эхийнхээ хүсэлд нийцүүлэх, эсвэл өндөр цалинтай, ирээдүйд эрэлттэй гэх мэргэжлийг сохроор сонгох нь алдаа. Хүн бүр нэг ижил мэргэжлээр амжилт гаргах боломжгүй. Эрэлттэй, өндөр цалинтай байлаа ч тухайн ажил хүний сонирхол, чадварт нийцэхгүй бол амжилтад хүрэхэд хүндрэлтэй.
Гуравдугаарт, тухайн мэргэжлийн нэрийг мэддэг ч яг юу хийдгийг нь судалдаггүй. Хүүхдүүд эмч, хуульч, инженер, архитектор, веб дизайнер зэрэг мэргэжлийг нэрлэж чаддаг. Гэвч тухайн мэргэжилтэн ажлын байран дээр өдөр бүр ямар ажил хийдэг, ямар ур чадвар шаарддаг, ямар хичээлийг гүнзгийрүүлэн судлах хэрэгтэйг мэддэггүй. Мэргэжлийн нэр хүнд, гаднах төсөөллөөр сонголт хийх нь эрсдэлтэй.
Дөрөвдүгээрт, ЭЕШ-ын өндөр оноонд тулгуурлан мэргэжлээ сонгодог. Өөрийгөө хангалттай таниагүй хүүхэд шалгалтад сайн өгч чадах хэдхэн хичээлээ сонгож, хамгийн өндөр оноо авсан хичээлтэйгээ холбоотой мэргэжил рүү чиглэх нь бий. Гэвч тухайн хичээлдээ сайн байх нь тэр чиглэлээр насан туршдаа ажиллах хүсэл, тохирох чадвартай гэсэн үг биш.
Тавдугаарт, мэргэжил сонголтоо хэт орой эхлүүлдэг. Зарим хүүхэд 12 дугаар ангид орсныхоо дараа л ирээдүйгээ бодож эхэлдэг. Уг нь 9 дүгээр ангиасаа судалгаа хийж, 12 дугаар ангид орохдоо мэргэжлийн чиглэл, суралцах сургууль, элсэлтийн шаардлагаа тодорхойлсон байх хэрэгтэй" хэмээн хэлж байв.
УНТААД СЭРЭХЭД НЭГ МЭРГЭЖИЛ УСТАЖ БАЙГАА ҮЕД ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭ
СУДЛАХ ХЭРЭГТЭЙ
Хүүхэд хүсээгүй мэргэжлээрээ, эсвэл эцэг эхийнхээ зөвлөснөөр суралцахаар шийдвэл сургуульдаа дургүй болох, суралцах явцдаа сургуулиа орхих, эсвэл диплом авахын тулд хүсэлгүйгээр төгсөх эрсдэлтэй. Ингэснээр мэргэжлээ бүрэн эзэмшээгүй, тухайн салбарт ажиллах сонирхолгүй, ажлын бүтээмж муутай төгсөгчид бий болж болно. Мөн дипломтой атлаа эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахгүй байх тохиолдол гардаг.
Тиймээс мэргэжил сонголтыг зөвхөн элсэлт, диплом авах асуудал гэж ойлгож болохгүй. Энэ бол хүний цаашдын суралцах, ажиллах, хөгжих замыг тодорхойлох чухал шийдвэр юм.
- Хүүхэд мэргэжлээ сонгохдоо юуг анхаарах ёстой вэ?
- Мэргэжил сонгохдоо анхаарах ёстой гурван хүчин зүйл бий.
- Зан төлөвөө таних. Би нээлттэй, нийтэч хүн үү, эсвэл ганцаараа төвлөрч ажиллахдаа илүү бүтээмжтэй байдаг уу? Хүнтэй харилцах, удирдан зохион байгуулах ажил надад тохирох уу, эсвэл бие даан судалгаа хийх, бүтээл туурвих ажил илүү нийцэх үү гэдгээ бодох хэрэгтэй. Мөн өөрийнхөө эрхэмлэдэг үнэт зүйл, баримталдаг зарчмыг тодорхойлох нь чухал.
- Сонирхлоо мэдэж авах. Зарим хүүхэд судалгаа хийх, унших, туршиж үзэх дуртай. Зарим нь зураг зурах, шинэ зүйл бүтээх, төсөөлөн бодох сонирхолтой. Тоо, баримт, өгөгдөлтэй ажиллах, багаж техник ашиглах, хүнтэй харилцах, манлайлах, урлагийн чиглэлээр өөрийгөө илэрхийлэх сонирхол ч бий. Сонирхол бүрийг таньж, аль нь давамгай байгааг мэдэх хэрэгтэй. Жон Холландын мэргэжлийн сонирхлын хэв шинжийн онол зэрэг аргачлалыг ашиглан хүүхдийн сонирхлыг судалж болно. Хүүхэд өөрийн сонирхол, давуу талд тулгуурлан суралцвал илүү идэвхтэй хөгжих боломжтой.
- Хөдөлмөрийн зах зээлээ судлах. Технологийн хөгжил ажлын байрыг өөрчилж, зарим мэргэжлийг автоматжуулан, шинэ чиглэлүүдийг бий болгож байна. Тиймээс зөвхөн өнөөдрийн эрэлтэд бус, ирээдүйн чиг хандлагад анхаарах хэрэгтэй.
Тухайн мэргэжил Монголд болон олон улсад хэр эрэлттэй байх, ямар цалинтай, ажлын байрны боломж нь ямар, өөр салбар руу шилжин ажиллах боломжтой эсэхийг судална. Мөн ямар мэдлэг, ур чадвар, хичээлийн суурь шаарддагийг мэдэх хэрэгтэй. Цаашид нэг мэргэжлээр хязгаарлагдахгүй, хэд хэдэн чиглэлийн мэдлэг, ур чадварыг хослуулах шаардлага ч нэмэгдэнэ.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 115 дугаар тогтоолын хавсралтаар Монгол Улсын дээд боловсролын хөгжлийн тэргүүлэх 83, эрэлттэй 38 мэргэжлийн чиглэлийг баталсан байна.



Тэргүүлэх мэргэжил нь төрөөс хөгжлийн бодлогын хүрээнд онцгойлон дэмждэг, улс орны ирээдүйн хөгжилд чухал ач холбогдолтой мэргэжлийг хэлдэг. Ийм мэргэжлээр суралцагчид тэтгэлэг, сургалтын төрөл бүрийн дэмжлэг авах боломж харьцангуй өндөр. Мөн төгсөгчдийн ажил эрхлэлт тогтвортой байх хандлагатай бөгөөд улсын хөгжилд нэн шаардлагатай салбаруудад ажиллах боломж бүрдэх нь бий.

Эрэлттэй мэргэжил гэдэг нь хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн их хэрэгцээтэй, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн байнга эрэлхийлдэг ур чадвар, мэдлэгийг эзэмшүүлэх чиглэлийг хэлнэ. Ийм мэргэжлийг сонгосон хүн төгсөөд ажлын байр хайхаас илүүтэйгээр, зах зээл өөрөө түүнийг хүлээж байдаг давуу талтай. Гэхдээ хүн бүр тэргүүлэх эсвэл эрэлттэй мэргэжлээр сурах албагүй. Өөрт тохирсон өөрийн хүсэж буй мэргэжлээрээ суралцах нь л чухал юм.
ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДИЙНХЭЭ СОНГОЛТЫГ ХҮНДЭЛНЭ "ӨӨРӨӨ МЭД" ГЭЭД
ХАЯЖ БОЛОХГҮЙ
Өмнөх үеийн олон эцэг эх мэргэжил сонголтын талаар хангалттай мэдээлэлгүй, өөрсдөө хүссэн мэргэжлээ сонгох боломж хязгаарлагдмал байсан. Тиймээс өнөөдөр хүүхдээ өөрийнх нь сонирхол, чадварт тулгуурлан сонголтоо хийхийг дэмждэг болсон нь сайн талтай.
Гэхдээ өсвөр насны хүүхэд өөрийгөө бүрэн таниагүй, хаанаас мэдээлэл авч, хэнд хандахаа мэдэхгүй байж болно. Ийм үед “Өөрөө мэд” гээд орхиж болохгүй. Эцэг эх, багш, мэргэжлийн зөвлөхүүд хүүхдэд мэдээлэл өгч, зөв чиглүүлэх үүрэгтэй.
Эцэг эх хүүхдээ сайн мэддэг ч түүний сонирхол, ур чадвар, зан төлөвийн онцлогийг мэргэжлийн түвшинд үнэлж чадна гэсэн үг биш. Тиймээс мэргэжлийн зөвлөгөө авах, сонирхож буй салбарын хүнтэй уулзуулах, ажлын байртай танилцуулах, боломжтой бол дадлага хийлгэх зэргээр дэмжих хэрэгтэй.
Орон нутагт мэргэжил сонголтын талаарх мэдлэг, мэдээлэл хомс байх тохиолдол бий. Багш нарын ажлын ачаалал их учраас хүүхэд бүртэй ганцаарчлан ажиллаж, мэргэжлийн чиг баримжаа олгоход хүндрэлтэй байдаг.
Эцэг эхчүүд ажил, амьдралын завгүй хэмнэлээс шалтгаалан хүүхэдтэйгээ хангалттай ярилцаж, тэднийг таньж мэдэх боломжгүй байх нь бий. Мэдээлэл дутмаг байснаас буруу сонголт хийсний дараа л асуудлаа ойлгох тохиолдол ч олон. Тиймээс мэргэжлийн байгууллагад хандаж, хүүхдийнхээ хөгжлийг эртнээс дэмжих нь чухал.
Карьер хөгжлийн онолын үүднээс авч үзвэл 15–25 нас бол хүн өөрийгөө таньж, суралцаж, ирээдүйнхээ чиглэлийг эрэлхийлдэг чухал үе. Гэхдээ бэлтгэл үүнээс ч эрт эхэлнэ.
Дунд ангид хүүхдийг олон төрлийн дугуйлан, секц, сонгон хичээлд хамруулж, өөрийгөө туршиж үзэх боломж олгох хэрэгтэй. Ингэснээр юу сонирхдог, юунд авьяастайгаа таньж мэднэ.
9–11 дүгээр ангид сонирхож буй хоёроос гурван салбараа сонгож, илүү нарийвчлан судлах нь зөв. Жишээлбэл, эрүүл мэнд, боловсрол, мэдээллийн технологийн салбараас өөрт тохирох чиглэлийг хайж, тухайн салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж, ажлын байрыг нь үзэж, боломжтой бол дадлага хийж болно.
- Сүүлийн үед зарим сурагч ахлах сургуулиа төгсөөд нэг жил завсарлах буюу gap year авах болсон. Энэ нь зөв сонголт мөн үү?
- Миний хувьд зорилготой бол зөв, зорилгогүй бол эрсдэлтэй гэж хэлнэ.
Нэг жилийг хэлний мэдлэгээ ахиулах, мэргэжлээ илүү сайн судлах, сайн дурын ажил хийх, дадлагаар туршлага хуримтлуулах, тэтгэлэгт дахин өргөдөл гаргахад бэлдэхэд ашиглаж болно. Энэ тохиолдолд завсарлага нь хүүхдийн сонголтыг бататгах, өөрийгөө хөгжүүлэх боломж болно.
Харин ямар ч төлөвлөгөөгүй завсарлавал цаг хугацаагаа үр дүнгүй өнгөрөөх, суралцах дадал, хэмнэлээ алдах эрсдэлтэй. Түр хугацаанд ажиллаж мөнгө олох нь илүү амар санагдаж, эргээд суралцахаа хойшлуулах тохиолдол ч бий. Тиймээс завсарлага авахаасаа өмнө яг юу хийх, ямар үр дүнд хүрэхээ тодорхойлох хэрэгтэй.

- Хүүхдүүдийн дунд заавал их, дээд сургуульд сурах шаардлагатай юу гэсэн асуулт их гардаг. Энэ талаар та юу гэж боддог вэ?
- Хүн бүр заавал их, дээд сургууль төгсөх албагүй. Өөрийн зорилго, боломж, сонирхолд тулгуурлан мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмших, коллежид сурах, мэргэжлийн сертификат авах, ажлын байран дээрээ суралцах, бизнес эрхлэх зэрэг олон зам бий.
Жишээлбэл, тодорхой мэргэжлийн сургалтад хамрагдаж, шаардлагатай ур чадвараа эзэмшээд ажилд орж болно. Мөн мэдээллийн технологийн чиглэлээр бие даан суралцаж, чөлөөт ажил хийх боломжтой.
Гэхдээ эмч, багш, инженер зэрэг тодорхой мэргэжилд зохих боловсрол, мэргэжлийн бэлтгэл зайлшгүй шаардлагатай. Тиймээс ямар зам сонгох нь тухайн мэргэжил, хүрэх зорилгоос хамаарна.
Өнөөдөр ажил олгогчид зөвхөн дипломоос гадна тасралтгүй суралцаж, өөрийгөө хөгжүүлдэг, шинэ мэдлэг эзэмшиж чаддаг хүнийг эрэлхийлж байна. Хамгийн чухал нь их сургуульд сурах эсэхдээ бус, хаана хүрэхийг хүсэж байгаа болон түүнд хүрэхэд ямар зам тохирохыг бодож шийдэх юм. Хүүхдийн ирээдүйн карьерын удирдлага өөрийнх нь гарт байдаг. Харин эцэг эх, багш, мэргэжлийн хүмүүс боломжийг нь нээж, чиглүүлэх ёстой.
Тиймээс хүүхэд бүрийг бусадтай харьцуулахын оронд өөрийнх нь онцлогийг таньж, тохирох чиглэлээ олоход нь туслах хэрэгтэй. Мэргэжил сонголт бол нэг удаагийн шийдвэр төдий биш. Өөрийгөө таних, судлах, туршиж үзэх, тасралтгүй суралцах үйл явц юм" хэмээн ярилаа.



529











