Монголд баавгай суурьшлын бүсэд ойртох, хүн рүү дайрах тохиолдол нэмэгдэж байгаа билээ. Гэхдээ энэ нь зөвхөн манай улсад тохиолдож буй асуудал биш юм. Тухайлбал, Японд 2025 онд баавгай үзэгдсэн тохиолдол өмнөх оноос 2.5 дахин өсөж, хүн рүү дайрсан 216 тохиолдол бүртгэгджээ.
Монголтой хил залгадаг ОХУ, БНХАУ, Казахстан болон баавгайтай холбоотой зөрчил огцом нэмэгдсэн Япон улсын тоо баримт, шалтгаан, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг харьцуулан хүргэж байна.

2025 онд баавгай үзэгдсэн бүртгэл өмнөх оноос 148 хувиар өсөж, 50,801-д хүрчээ. Мөн 216 удаагийн халдлагад 238 хүн өртөж, 13 хүн амиа алдсан нь хүн, баавгайн зөрчил хурцадсаныг харуулж байна. Тус улсад идэш тэжээлийн хомсдол, баавгайн тархац тэлэх, хүний хүнсний хаягдал нь анхаарах асуудал болсон байна.

ОХУ-д хүрэн баавгайн тоо толгой 2020–2024 онд 2.5 хувиар нэмэгджээ. Харин хүн рүү халдсан тохиолдол 2025 онд өмнөх оноос 78.9 хувиар өссөн байна.

Зүүн Казахстан мужид баавгай суурьшилд ойртсон тухай 2026 оны улиралд 50 гаруй дуудлага иржээ. Мөн 2025 онд тоо толгойг зохицуулах зорилгоор 185 агнуурын зөвшөөрөл олгосон нь тус бүсэд баавгайн асуудал хурцаар тавигдаж, зохицуулах шаардлага үүссэнийг харуулж байна.
Хятадад Азийн хар баавгай хүн рүү дайрахаас илүү тариалангийн ургац, зөгийн үүр, малд хохирол учруулдаг байна. Жэжян мужид 2020–2023 онд зөгийн үүр гэмтээсэн 186 тохиолдол бүртгэгдэж, 312 мянган юаниас давсан хохирол учирчээ. Мөн учирсан хохирлыг барагдуулах арга хэмжээ авсан аж.
Улс орнууд баавгайтай холбоотой зөрчлийг бууруулахын тулд хог хаягдлыг баавгай хүрэхээргүй хадгалах, амьтныг эрт илрүүлэх, суурьшлын бүсээс үргээх, хүн рүү дайрсан аюултай баавгайг устгах зэрэг арга хэмжээ авч байна. Зарим улс камер, дрон, хиймэл дагуулын хүзүүвч ашиглан баавгайн хөдөлгөөнийг судалж, хүний аж ахуйд учирсан хохирлыг нөхөн төлөх тогтолцоо хэрэгжүүлжээ.
Монголд ч баавгай суурьшлын бүсэд орж ирсний дараа хариу арга хэмжээ авахаас гадна идэш тэжээлийн нөхцөл, хог хаягдал, хүний үйл ажиллагаанаас үүдсэн амьдрах орчны өөрчлөлтийг хамтад нь авч үзэх шаардлагатай юм.


129











