Монголын Маркетингийн Холбооноос арав дахь жилдээ зохион байгуулж буй “Smart Festival of Creativity” арга хэмжээ есдүгээр сарын 28-29-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Маркетер, бизнес эрхлэгч, брэндийн удирдлага, агентлагийн мэргэжилтэн, дизайнер, контент бүтээгч болон бүтээлч чиглэлээр суралцаж буй залуусыг нэг дор цугалдаг тус арга хэмжээний эхний өдөр “Insight Day” нэрийн дор илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөв.
“Insight Day”-ийн хүрээнд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатай мэргэжилтнүүд хиймэл оюун ухаан, орчин үеийн дизайн, брэндинг болон маркетингийн шинэ чиг хандлагын талаар өөрсдийн туршлагаа хуваалцсан юм. Тус өдрийн илтгэл, хэлэлцүүлгүүдээс бүтээлч салбарт ажиллаж буй болон энэ чиглэлийг сонирхон судалж буй залууст хэрэг болохуйц онцлох санаа, чухал зөвлөмжүүдийг тоймлон хүргэхээр бэлдлээ.

GENERATIVE AI-ААС AGENTIC AI ХҮРТЭЛ
Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг “From Generative AI to Agentic AI” илтгэлээрээ хиймэл оюун ухааны дараагийн шат болох агентлагт суурилсан хиймэл оюун ухаан маркетингийн салбарт хэрхэн ашиглагдах боломжтой талаар танилцууллаа.
Агентлагт суурилсан хиймэл оюун ухаан нь зөвхөн асуултад хариу өгөхөөс гадна тодорхой зорилгын хүрээнд хэд хэдэн ажлыг дараалалтайгаар гүйцэтгэх боломжтой. Тиймээс байгууллагуудын хоорондоо уялдаатай, олон шаттай ажлуудыг автоматжуулах боломж нэмэгдэж байгааг онцлов.
Мөн маркетерууд хиймэл оюун ухааны төрөл бүрийн хэрэгслийг зөв ашиглаж сурах нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна ирээдүйн ажлын арга барилыг өөрчлөх чухал хүчин зүйл болохыг хөндлөө.
Хэлэлцүүлэг: Agentic AI in Marketing&PR


AI ашиглахын зэрэгцээ хариуцлагаа мартаж болохгүй
“Agentic AI in Marketing & PR” хэлэлцүүлэгт Мобиком Корпорацийн Маркетингийн газрын захирал Б.Эрдэнэ-Очир, AIGOGO-ийн үүсгэн байгуулагч А.Гончиг, IT Insight ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Агиймаа, Скайтел группийн маркетингийн захирал М.Сарнай нар оролцов.
Б.Эрдэнэ-Очир хэрэглэгчийн үйлчилгээний салбарт хиймэл оюун ухаан бодит үр өгөөж бий болгож буй талаар болон AI-аас гарсан мэдээллийг шүүн тунгаах, үнэн зөв эсэхийг нягтлах чадвар улам чухал болж байгааг онцоллоо. Маркетингийн үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг ашигласнаар контент бүтээх ажил илүү үр ашигтай болж буйг тодотгов. Мөн үүнийг “AI Sense” буюу хиймэл оюун ухаантай ажиллах мэдрэмж, чадвар хэмээн тодорхойлов.
А.Гончиг “Хэн биднийг орлох вэ?” гэсэн асуултад хүний өөрийнх нь хиймэл оюун ухааныг хэр сайн эзэмшсэнээс шалтгаална гэсэн санааг дэвшүүлсэн юм. Харин Ч.Агиймаа байгууллага дотор өгөгдөлтэй ажиллах нэгдсэн стандарт, хэллэг, системтэй байх шаардлагатайг онцоллоо. Учир нь хиймэл оюун ухааны үр дүн шууд утгаараа байгууллагын ашиглаж буй өгөгдлийн чанараас хамаарна. Мөн хиймэл оюун ухаанд оруулж буй мэдээлэл, өгөгдлийн аюулгүй байдлыг анхаарах шаардлагатайг ярьж байлаа.
Ерөнхийдөө Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид хиймэл оюун ухаан өөрөө шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээхгүй учраас түүнийг ашиглаж буй хүмүүс мэдээллээ нягталж, хариуцлагатай хандах нь чухал гэдэг дээр санал нэгдэв.
Идо: Гоо зүй ба хэрэглээний тэнцвэрийг олох нь

Visual designer, illustrator Идо “Хариултын тэмдэг” илтгэлээрээ дизайны үүрэг, гоо зүй болон хэрэглээний харилцааны талаар сонирхолтой санаануудыг хуваалцлаа. Түүний үзэж буйгаар дизайн гэдэг зөвхөн хувь хүний гоо зүйн үзэл, сайхан харагдах тухай ойлголт биш. Дизайн нь тодорхой асуудлыг шийдэхийн зэрэгцээ агуулга, бэлгэдэл, гоо зүй, хэрэглээ, ойлгомжтой байдлыг хооронд нь уялдуулах бүтээлч үйл явц юм.
Сайн дизайнер эсвэл хамгийн шилдэг дизайн гэхээс илүү тухайн бүтээл зорилгодоо хэр нийцэж байгааг авч үзэх хэрэгтэй. Зарим тохиолдолд ойлгомжтой мэдээлэл давамгайлах бол өөр нөхцөлд бэлгэдэл, сэтгэл хөдлөл илүү чухал байж болно. Тиймээс бүх дизайнд яг 50:50 харьцаатай тэнцвэр барих шаардлагагүй бөгөөд тухайн зорилгод тохирсон харьцааг олох нь чухал.
Мөн Монголын дизайны онцлогийг зөвхөн монгол хээ, бэлгэдлээр хязгаарлахгүй байх хэрэгтэйг онцоллоо. Монголчуудын нүүдлийн болон суурин амьдралын хосолсон уламжлал, дөрвөн улирал, говь, хангай, тал нутаг зэрэг байгаль, амьдралын онцлог нь өөрөө дизайны эх сурвалж болж чадна.
Түүний дурдсан “хумигдах, дэлгэгдэх” зарчим ч үүнтэй холбоотой. Монгол гэрийг задлан авч явах боломжтойн зэрэгцээ буцаан дэлгэж барьдаг шиг Монголын түүх, ахуй, соёлд хаалттай болон нээлттэй байх хөдөлгөөн зэрэгцэн оршдог. Энэ хэмнэл нь өөрөө Монголын дизайны нэг онцлог болж болохыг тэрээр тайлбарлав. Товчхондоо, уламжлалыг хуулбарлах бус, түүний цаадах зарчим, сэтгэлгээг ойлгож, орчин үеийн нөхцөлд дахин загварчлах нь чухал юм.
Хэлэлцүүлэг: Тэнцвэр
“Тэнцвэр” хэлэлцүүлэгт brand designer Б.Тамир, visual designer INKMONK, graphic designer, illustrator АБО болон visual designer, illustrator Идо нар оролцож, ялгарал, тренд, брэндийн онцлог болон дизайнер, захиалагчийн харилцааны талаар ярилцлаа. Ялгарал гэдэг нь бусдаас зориудаар өөр харагдах бус, тухайн брэнд өөрийн гэсэн зорилго, байр суурь, онцлогийг тодорхойлохтой холбоотой. Үүнд тухайн цаг үеийн нөхцөл байдал, нийгмийн сэтгэл зүй, хэрэглэгчдийн хандлага ч нөлөөлдөг.
Трендийг дагах эсэх тухайд хэлэлцүүлэгч Идо онцлохдоо ялгарал нь гаднаас хайх зүйл биш, тухайн брэнд болон дизайнерын доторх онцлогоос бий болдог гэсэн байр суурийг илэрхийлэв. Тэрээр хэлбэр, дүрсийг задлан шинжилж, өөрийн зохиомж, бүтэцтэй хослуулах замаар бодит болон биет бус ялгарал бий болгож болно гэж тайлбарлав.
Мөн гар ажиллагаатай, хүний гараар бүтсэн дизайн хиймэл оюун ухаан эрчимтэй хөгжиж буй энэ үед өөрөө ялгарах нэгэн арга байж болохыг хөндлөө. Хэлэлцүүлгийн үеэр дизайнер болон захиалагчийн харилцаа чухал болохыг онцолсон юм. Ялангуяа брэндийн цогц дүр төрхийг боловсруулах үед зөвхөн стандарт асуулт бүхий богино танилцуулга хангалтгүй. Дизайнер тухайн байгууллага, бизнесийнхээ асуудлыг өөрийнх мэт ойлгож, судалсны үндсэн дээр шийдлээ боловсруулах шаардлагатай.
Брэндийг нэг удаагийн лого, өнгө, фонтын сонголтоор хязгаарлах бус, цаашид өсөж хөгжих урт хугацааны систем гэж харах хэрэгтэй гэсэн санаа мөн онцлог байлаа.
Маркетинг бол ганц хүний бүтээл биш

“Маркетингийн шинэ үе” хэлэлцүүлэгт ЦоглогсоZ-ийн хамтран үүсгэн байгуулагч Э.Мөнхжаргал, Black Noise agency-ийн үүсгэн байгуулагч С.Галхүү, АПУ ХК-ийн байгууллагын харилцааны менежер Б.Мөнхтэнгэр нар оролцлоо. Б.Мөнхтэнгэр маркетингийг эцсийн бүтээл, сурталчилгаагаар хэмжих боломжгүйг онцолсон юм. Зах зээл болон хэрэглэгчийн судалгаа, орчны шинжилгээ, тренд, бүтээгдэхүүний хөгжил, брэндийн хөгжил зэрэг олон ажлын үр дүнд маркетингийн шийдэл бий болдог.
Тиймээс аливаа ажлыг эхлүүлэхийн өмнө “Яагаад үүнийг хийх гэж байгаа вэ?” буюу үндсэн ойлголт, судалгаа, insight-аа тодорхойлох нь чухал гэв.
Харин С.Галхүү өнөөдөр агентлаг, маркетерууд хэт олон контент үйлдвэрлэж, гоё харагдах зүйл хийхэд анхаарах хандлага бий болсон талаар ярив. Түүний үзэж буйгаар бүтээлч санаа нь зөвхөн анхаарал татах бус тодорхой асуудлыг шийдэх, хүмүүст ямар нэг зүйл бодогдуулах утга учиртай байх шаардлагатай.
Мөн маркетеруудад сониуч зан, судалгаа хийх чадвар улам чухал болж байгааг онцлов. Хиймэл оюун ухааны хэрэгслүүдийг ашиглаж болох ч энэ явцад дизайнер, маркетерийн өөрийн бүтээлч сэтгэлгээг алдахгүй байх нь чухал гэсэн санаа хэлэлцүүлгээс гарлаа.
Өөрийгөө хэрхэн таниулах вэ?

“Ready for What’s Next?” ярилцлагад Sarah Clay Social-ийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч Sarah Clay оролцож мэргэжлийн хүрээллээ бий болгох, LinkedIn дэх өөрийн профайлыг хөгжүүлэх болон ирээдүйн боломжуудтай эртнээс холбогдохын ач холбогдлын талаар ярилцлаа.
Тэрээр хүмүүс өөрсдийгөө сонсож, үнэлж, итгэл хүлээж байна гэж мэдрэх үедээ санаа, туршлага, түүхээ илүү нээлттэй хуваалцдаг гэж онцолсон юм. Энэ нь мэргэжлийн орчинд өөрийн байр суурь, нэр хүндээ бий болгох үндэс болдог байна. Бүтээлч салбарынхан нэг дор цугласан хоёр өдрийн арга хэмжээний эхний өдөр ийнхүү хиймэл оюун ухааны хөгжлөөс эхлээд дизайн, брэндинг, маркетингийн ирээдүй, мэргэжлийн харилцаа хүртэлх олон сэдвийг хөндлөө.




4171






