Жил бүрийн 10-р сарын 31-нд тохиодог Халловины баяр нь АНУ-д өргөнөөр тэмдэглэгддэг. Яг энэ л үеэр маш олон төрлийн Халлловинтой холбоотой бүтээгдэхүүнүүд борлогддог бөгөөд хэдэн тэрбум ам.доллар эргэлтэд ордог гэсэн баримт ч бий.
Харамсалтай нь өөрийн хүссэн хувцасаа чөлөөтэй өмсөж болдог энэ ганц л өдрийг бүх улс тэмдэглэдэггүй байна.
ХАЛЛОВИНЫ БАЯРЫГ ХЭЗЭЭНЭЭС ТЭМДЭГЛЭХ БОЛСОН БЭ?

Халловины баяр нь эртний Кельтүүдийн “Самхайн” хэмээх наадмаас үүсэлтэй. Энэхүү баяр нь ургац хураалтын улирал дуусаж, жилийн харанхуй хугацаа эхэлснийг тэмдэглэдэг Гаелчуудын уламжлал байв.
9-р зууны үе гэхэд Христийн шашны нөлөөгөөр эртний олон зан үйл орхигдсон ч зарим ижил төсөөтэй зан үйлүүд хадгалагдан үлдсэн байдаг. Улмаар 11-р сарын 2-ны “Нас барагсдын өдөр” болон 11-р сарын 1-ний “Гэгээнтнүүдийн өдөр” гэх зэрэг Христийн шашны тэмдэглэлт өдрүүд нь “Самайн” наадамтай уусан нэгдсэнээр өнөөгийн Халловины баярыг үүсгэжээ.
ХАЛЛОВИН ТЭМДЭГЛЭДЭГГҮЙ УЛС ОРНУУД
Хятад

Хятадад Америкийн соёлд дуртай цөөхөн хүмүүсээс бусдаар Халловины баярыг тэмдэглэдэг хүн байхгүй. Гэсэн ч Хятадад “Өлсгөлөн сүнсний баяр”, эсвэл 08-р сарын 15-ны үеэр болж өнгөрдөг “Джон Юан” наадам зэргүүдийг тэмдэглэдэг.
Эдгээр өдрүүдэд нас барсан өвөг дээдсүүдээ санан дурсаж, хүндэтгэл үзүүлэн, цаасан мөнгө шатаадаг байна.
Орос

Яг л бусад олон маргаантай асуудлуудын нэгэн адил Халловин нь Орост тэмдэглэгдэх тухай асуудал нь ардаасаа маргаан дагуулдаг. Хүүхэд залуучуудын хувьд энэхүү баяр нь зугаацан, баясах боломж болдог бол хөгшчүүл, засгийн газрынх нь хувьд Халловиныг баяр гэж хүлээж авахаас татгалздаг.
2019 онд хууль тогтоогч Витали Милонов Халловины баярыг “Чөтгөрлөг шинжтэй аюултай байгууллагуудын үйл ажиллагаа”-тай холбон тайлбарлаж, уг баярыг тэмдэглэх нь Оросын хууль тогтоомжийг зөрчиж байна хэмээн мэдэгдэж байжээ.
Португал

Даяаршил болон АНУ-ын соёлын хүчтэй түрэлтийн үр дүнд Португалийн зарим нэг хэсэгт Халловины баярыг тэмдэглэдэг ч Халловинтой төстэй улс даяар хүлээн зөвшөөрөгдсөн “Гэгээнтнүүд болон Гэгээн золиослогчдын” өдөр 11-р сарын 01-нд болдог.
Энэ өдөр иргэд улс орон даяар оршуулгын газруудыг зорьж, нас барсан төрөл төрөгсдийнхөө шарилыг цэвэрлэж, янзалдаг байна. Мөн яг л Халловинтай адилаар хүүхдүүд чихэр цуглуулдаг гэнэ.
Гана

Ганагаас гадна маш олон Африкийн улс орнууд Халловин тэмдэглэдэггүй. Хачирхалтай нь тус улс нь шулмын шидтэй гүн холбогдсон улс билээ.
Рванда

Африкийн олон улс орнууд Халловиныг тэмдэглэдэггүй ч Рванда улсын хувьд Халловин тэмдэглэхийг хуулиараа хорьсон. Тодруулбал, 2013 онд тус хориг тавигдсан бөгөөд шалтгааныг олон хүмүүс Рванда улсын уламжлалт соёлыг мартаж буйтай холбон тайлбарлажээ.
Узбекистан

2011 онд тус улсад Халловин тэмдэглэхийг бүрэн хорьсон. Учир нь тус баярын агуулгыг зүй зохисгүй, чөтгөрийг магтан дуулсан хэмээн Узбекистаны засгийн газар үзсэн байна.
Эх сурвалж: Daily Jang



568











