Захидал 1:
Миний найз залуугийн хуучин найз охин нь гадаад яваад өөр хүнтэй болсон учраас салсан. Сарын дараа нь бид хоёр ярилцаж нөхөрлөөд нэгэндээ сэтгэлтэй болж үерхэхээр шийдсэн. Бид 8 сар үерхсэн юм аа. Үерхэх явц дунд хэд хэдэн удаа надаас нууцаар хуучин найз охинтойгоо харилцаатай байж намайг мэдэх үед надаас салж байсан. Хуучин найз охин нь нэгэнт өөрийг нь гомдоосон гээд эргээд ирэхэд нь би уучилсаар л байсан. Харин энэ удаа тэр охин гадаадаас ирсэн. Ирсэн өдрөөс нь эхлээд л бид хоёр хөндий болж би ч уурлаж муухай үг хэлж гомдоосон, эцэст нь надтай танихгүй юм шиг л зөрж дуудлагыг минь ч авахгүй боллоо. Би яах вэ?
Зөвлөгөө:
Сайн уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Чи захидалдаа найз залуу нь үерхэж байх хугацаандаа хэд хэдэн удаа хуучин найз охинтойгоо харилцаатай байж чамайг мэдэх үед салсан гэж бичсэн байна. Үүнээс үзэхэд найз залуу нь өмнө хосын харилцаандаа цэг тавьсан хэдий ч түүнийгээ хараахан хүлээн зөвшөөрөөгүй байсан болов уу гэж ойлголоо. Хосуудын харилцаанд өмнөх харилцаанаас үүдэлтэй үл ойлголцол, зөрчил үүсдэг хэдий ч үүнийг хосууд харилцан бие биетэйгээ нээлттэй ярилцаж, шийдвэрлэх нь чухал байдаг. Харин чиний хувьд өмнө нь найз залуугаа уучилж харилцаагаа цааш үргэлжлүүлэх шийдвэрийг гаргасан нь хосын харилцааныхаа төлөө хийсэн том алхам юм. Гэсэн хэдий ч тухайн шийдвэрийг гаргахын тулд та хоёрын хувьд асуудлын талаар нээлттэй ярилцаж, харилцан ойлголцолд хүрч чадсан болов уу? Мөн хосын харилцаандаа хэн хэн нь сэтгэл ханамжтай байгаа эсэх талаар эргэцүүлж ярилцаад үзээрэй. Үүнээс гадна тухайн хүн үнэхээр чамтай хамт байхыг хүсэж байгаа эсэхийг мэдэх нь чухал. Хэрвээ үнэхээр хамт байхыг хүсэж байгаа бол энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар нээлттэй ярилцаж дундын нэг шийдэлд хүрээрэй. Харин тухайн хүн хамт байхыг хүсэхгүй байгаа бол бид хэнийг ч, яаж ч хүчлээд нэмэргүй гэдгийг ойлгоорой. Тиймээс хосын харилцаандаа тодорхой шийдэлд хүрэхийн тулд өөрийн бодол мэдрэмжийг эргэцүүлж илэрхийлэхээс гадна хосынхоо санаа бодлыг танин мэдэж, сонсож ярилцах нь чухал юм шүү.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач А.Энхжавхлан
Захидал 2:
Крашдаа хэрхэн сайн гэдгээ хэлэх вэ?
Зөвлөгөө:
Сайн уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Бид сэтгэл татагдаж, дурласан хүндээ сэтгэлээ илчилнэ гэдэг тийм ч амар зүйл биш бөгөөд энэ нь биднээс их зориг бас хүлээцтэй, тэвчээртэй байдлыг шаарддаг. Юун түрүүнд бусдад сэтгэлээ илчлэх эсэх нь хүн бүрийн өөрсдийн сонголт гэдгийг ойлгоорой. Гагцхүү ямар ч үр дүнг хүлээж авч чадна гэсэн үедээ сонголт хийгээрэй. Хэрэв өөрийн сэтгэлийг ойлгуулахыг үнэхээр хүсэж байвал мэдрэмжээ нуух хэрэггүй болов уу. Энэ нь сэтгэлээ шууд хэл гэсэн үг биш бөгөөд түүнтэй сайхан харилцаж, мэндэлж, юу хийж байгааг нь асууж байгаарай. Эдгээр энгийн үйлдлүүд бидэнд сайхан мэдрэмж төрүүлдэг шүү дээ. Харин чиний сэтгэлийг хүлээж авсан үгүйгээс үл хамааран чи түүнд сэтгэлээ илчлэх зоригтой байгаа шиг ээ мөн хүлээцтэй, тэвчээртэй байх хэрэгтэй юм шүү. Дараагийн удаа захидал бичихдээ нас, хүйс болон асуудлаа дэлгэрэнгүй бичиж илгээвэл илүү дэлгэрэнгүй, чамд тохирсон захидлын хариу илгээх боломжтой юм шүү. Амжилт хүсье.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач А.Энхжавхлан
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх