Кэмбриджийн шинжлэх ухааны хичээлийн уралдаанд Монголын баг ТЭРГҮҮН БАЙР эзэлжээ


Б.Азбаяр | YOLO.MN
2024-02-21

Монгол Улсаас анх удаа биологийн багш, сурагчдын бүтээл Кэмбриджийн шинжлэх ухааны судалгаат хичээлийн уралдаанд тэргүүн байрын шагнал хүртжээ.

Cambridge International хөтөлбөрийг дэлхийн 10 мянга орчим сургууль хэрэгжүүлдэг. Манай улсад Улаанбаатар хотын 27 сургууль, Эрдэнэт хотын 2 сургууль, Дархан хотын 1 сургууль, Хэнтий аймгийн Бэрх сумын 1 сургууль буюу нийт 31 сургууль бүрэн болон хэсэгчилсэн байдлаар (үүнд, улсын 4 сургууль болон хувийн 27 сургууль) хэрэгжүүлдэг байна.

Жил бүр эдгээр сургуулиудын шинжлэх ухааны хөтөлбөрүүдийн (Cambridge IGCSE and Cambridge O Level science curriculum) биологи, хими, физик, газарзүй болон хүрээлэн буй орчны менежмент зэрэг хичээлүүдийг сонгон суралцдаг 14-16 насны сурагчид 3-6 хүнтэй баг бүрдүүлэн жил бүр Cambridge Science Competition-д оролцох боломжтой ажээ. 2023 онд дэлхийн хэмжээнд зургаан шалгууртай үнэлгээгээр алтан шалгуурт тэнцсэн буюу нийт 36 онооноос 27-оос дээш үнэлэгдсэн 270 орчим сурагчдын судалгааны бүтээл улсын, бүсийн, дэлхийн шилдэг гэсэн номинацид өрсөлджээ. Энэ жил манай улсаас 9 баг оролцсон байна.

Европын бүсийн шилдгээр шалгарсан багийн мэдээлэлтэй танилцвал тэд энэ амжилтыг гаргасандаа баяртай байсан ба энэ хэмжээний амжилт гаргах нь хэцүү, бас боломж багатай гэдгийг онцолсон байна. Ийм л өрсөлдөөнтэй шалгуурууд дундаас “Шинэ үе” сургуулийн багш С.Тамир болон Д.Чинзориг нарын удирдсан 9-р ангийн сурагчдын “Сэлбэ голын усны чанарыг биологийн аргаар үнэлэх нь” (Biological Assessment of Water Quality of the Selbe River in Ulaanbaatar, Mongolia) сэдэвт судалгааны бүтээл Монгол Улсаас анх удаа тэргүүн байр эзэлжээ.

Монгол Улсаас анх удаа "Cambridge Science Competition 2023"-д Монголын багш, сурагчдын судалгааны бүтээл Зүүн Азийн шилдэг шагналын эзэн болсон төдийгүй дэлхийн шилдгээр шалгарсан нь онцлог байв. Эл хөтөлбөрийн шинжлэх ухааны хичээлүүдийн нэг чухал бүрдэл хэсэг нь туршилт болон судалгаа бөгөөд түүнийг сурагчдаар бодитоор гүйцэтгүүлж, чиглүүлж, академик загвараар бичүүлж дэлхийн хэмжээнд өндрөөр үнэлэгдсэн анхны тохиолдол болж байна.

Тус уралдаанд оролцсоноор суралцагчдад дараах боломжийг олгодог аж:

  • Эрдэм шинжилгээ, дадлага, туршилтын ажлаар дамжуулан шинжлэх ухаанд сонирхолтой, хүсэл тэмүүлэлтэй болох.
  • Хичээл дээр судалсан байгалийн шинжлэх ухааны мэдлэг, ур чадварыг баяжуулах.
  • Сурч мэдсэн зүйлээ үе тэнгийнхэн болон олон нийтэд танилцуулах.
  • Кембридж суралцагчийн шинж чанар болох өөртөө итгэлтэй, хариуцлагатай, шинийг санаачлагч, оролцоотой, өөрийн хийсэн үйлдэл үйл ажиллагааг эргэцүүлэх чадваруудаа хөгжүүлэх.
  • Амьдралд хэрэгтэй суурь чадварууд болох судалгаа шинжилгээний ажил хийж эргэцүүлэн бодох, хамтран ажиллах, өөрийгөө зөв илэрхийлэн бусадтай харилцаа холбоо тогтоож, бүтээлч сэтгэхүйгээ хөгжүүлэх.
  • Коллеж, их дээд сургуульд элсэн суралцах, ажлын байранд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх.
  • Олон улсын хэмжээнд өрсөлдөх боломжийг олгох зэрэг давуу талуудыг эзэмшинэ.

Энд дарж эх сурвалжийн дэлгэрэнгүй мэдээллийг уншина уу.

#мэдээ