"Түүнийг НАДАД САЙН ЭСЭХИЙГ би яаж мэдэх вэ?"


ССҮТөв | YOLO.MN
2017-01-20

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би түүнийг надад сайн эсэхийг яаж мэдэх вэ?

Намайг М... гэдэг би 7-р ангийн сурагч. 12 настай. Бидний насныханд үнэхээр тохирсон гоё зөвлөгөө өгдөг болохоор би танай сайтын мэдээ, мэдээллийг унших дуртай. Энэ удаад би өөрт тулгараад буй асуудалдаа зөвлөгөө авах гэсэн юм. Манай ангийн нэг хөвгүүн надад сайн гэсэн боловч хааяа түүний гаргаж байгаа зан, үйлдэлд будлиад надад яг сайн юм болов уу гэж бодох хүртлээ гайхдаг. Тэр хүнийг надад сайн эсэхийг яаж мэдэх вэ, яавал дээр вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Хайртай гэж хэлсэн л бол хайртай гэсэн үг биш юм шүү

Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе.

Өөрийн асуудлаа хуваалцсанд баярлалаа. Өсвөр насанд та бүхний хүсэл сонирхол нэгэндээ татагдах байдал нэмэгдэж эргэн тойронд байгаа хүмүүсээ сониучирхаж эхэлдэг. Энэ үед хайр дурлал гэхээс илүү биенээ сонирхож шохоорхдог. Харин ийнхүү сонирхон бодож байгаагаа хайртай болчихсон хэмээн эндүүрдэг тал бий.

Хайр гэдэг зүгээр таалагдахаас гадна санаа тавин нөгөө хүнийнхээ төлөө жижиг ч гэсэн үйлдэл хийж байж хайр болдог. Хайртай гэж хэлсэн л бол хайртай гэсэн үг биш юм шүү. Тийм учраас өөрийгөө болон тухайн хүний байр сууринд өөрийгөө орлуулан бодоорой. Магадгүй ангийн хөвгүүн чинь өөрөө ч сайн болсон эсэхээ мэдэхгүй байж магад. Тиймээс түүнд болон өөртөө цаг олгоорой. Хэтэрхий яарч түүнийг болон өөрийгөө бүү шамдуулаарай. Хичээл сурлага, хийх зүйлсдээ анхаарлаа хандуулж бусдад халамж тавих нь энэ насны хамгийн чухал ажил юм шүү. Чамд амжилт хүсье.
 

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.  

 

Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач Б.Номин-Эрдэнэ

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Teenagers #Friends #love