Сургууль дээрээ сурагч, гэртээ хүүхэд, хөл бөмбөг тоглоод тамирчин...


ССҮТөв | YOLO.MN
2016-04-22

Дэлхий ертөнц дээр амьдарч буй ухамсарт хүн бүр өөр өөрийн гэсэн онцлог шинж, мөн чанартай. Тэдгээр хоорондоо ялгаатай хүмүүсийг ижил төстэй байлгадаг зүйл нь нийгэм буюу нийгмийн дүрэм журам юм. Хүмүүс хоорондын ялгаатай байдал болон нийгмийн дүрэм журмууд хоорондоо зөрчилдөж байдаг бөгөөд энэ нь өсвөр насныханд ихээхэн бэрхшээл болдог. Өөрийгөө илэрхийлэх болон бусдад таалагдах гэсэн хоёр хэрэгцээ нэгэн зэрэг бий болж дараах бэрхшээлүүдийг үүсгэж байдаг. Эдгээр нь:

  • Өөрийгөө бүрэн ойлгох гэж эрэл хайгуул хийж эхэлнэ. Ингээд нэг талаараа бусдаас ялгаатай байхыг хүсэх боловч ямарваа нэг бүлэгт харъяалагдахыг хичээнэ.
  • Бүх асуудалд ижил тэгш байх эрхтэйгээр оролцохыг хүсэх боловч аливаа дүрэм журмыг эсэргүүцдэг.
  • Өөрийн хүссэн зүйлийг хийхийг хүсдэг ч бусад хүмүүс юу гэж бодох бол гэж эмээдэг.

Эдгээр асуудлуудын эцэст өсвөр насныхан өөрийгөө илэрхийлэх, өөрийнхөөрөө байх гэж хичээдэг. Хэдийгээр энэ ойлголтыг хаанаас ч хамаагүй харж эсвэл сонсож болох боловч энэ үгний цаад утга санааг буруугаар ойлгох нь элбэг. Бид дийлэнхдээ яг одоо юу мэдэрч байгаагаа шууд илэрхийлэх, зүгээр л хүсч байгаа бүхнээ хийхийг өөрийнхөөрөө байна гэж боддог. Үнэндээ энэ бол өөрийнхөөрөө байх биш харин өөрийгөө бусдаас илүүд үзэх, бие хүн болж төлөвшөөгүй байна гэсэн үг.

Бидний амьдралд маш олон асуудал, саад бэрхшээл тулгардаг. Тэдгээрийн заримыг нь чи даван туулж чадах бол зарим нь чиний огт мэдэхгүй шинэ асуудал байдаг. Тэглээ гээд чи бууж өгч, өөрийгөө голж болохгүй. Харин ч энэ бүхнийг даван туулж дараагийн саад бэрхшээл тулгарахад түүнийг ялан дийлэх чадварт суралцах ёстой. Загниул, муулуул гэхдээ үр дүнд нь магтуул, хүндлэгд. Хариуцлагаа хүлээж чадаж байгаа бол юу хүссэнээ хий.

Сэтгэл судлалын шинжлэх ухаанд “нийгмийн дүр” гэдэг ойлголтыг өөрийнхөөрөө буулгавал ямар нэг бүлэгт хамаарагдаж байгаа /гэр бүлийн гишүүн, анги хамт олон, сонирхлоороо нэгдсэн клуб гэх мэт/, хийж буй ажил /багш, эмч, захирал, сурагч, оюутан гэх мэт/-с  шалтгаалан нийгэмд биеэ авч буй байдал юм.

Хүн бүр л өглөөнөөс орой болтол өөр өөр дүрд хувирч сургууль дээрээ сурагч, гэртээ хүүхэд, хөл бөмбөг тоглоод тамирчин болж байдаг билээ. Мэдээж дүр болгон өөр өөрийн гэсэн онцлог шинж, үүрэг хариуцлагыг хүлээж байдаг. Тиймээс л бид дүрдээ орж, үүрэг хариуцлагаа хүлээж чадаж байвал өөрийнхөөрөө байж чадна. Бодоод үзье л дээ, чи сайн найздаа гомдоод хэлэхийг хүссэн бүхнээ юу ч бодолгүй хэлчихвэл маргааш нь чамд маш хүнд санагдана. Учир нь чи найзыгаа гомдоосон бөгөөд чамд таагүй үр дүн авчирлаа шүү дээ. Энэ бол чи өөрийнхөөрөө байгаагүй ээ гэсэн үг. Ингээд бодохоор өөрийнхөөрөө байна гэдэг шүүж тунгаалгүй бүхнийг гадагшлуулах гэсэн үг огт биш бөгөөд харин нийгэмд ямар дүр эзэлж байна түүнийхээ үүрэг хариуцлагыг хүлээж, эцсийн үр дүнг зөв тооцоолж байж шийдвэр гаргана гэсэн үг аж.

aБидний амьдралд маш олон асуудал, саад бэрхшээл тулгардаг. Тэдгээрийн заримыг нь чи даван туулж чадах бол зарим нь чиний огт мэдэхгүй шинэ асуудал байдаг. Тэглээ гээд чи бууж өгч, өөрийгөө голж болохгүй. Харин ч энэ бүхнийг даван туулж дараагийн саад бэрхшээл тулгарахад түүнийг ялан дийлэх чадварт суралцах ёстой.

ССҮТ-ийн Сэтгэл судлаач Б.Ганзул

#СэтгэлСудлал #Psychology #ӨсвөрНас #teen #Хариуцлага #Responsibility