Ахлах ангид орох жилээ гадаадад боловсрол эзэмшинэ гэх том зорилгыг өвөртлөн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Нийслэлийг зорин ирсэн энэ охиныг М.Номинжин гэдэг. Түүний хувьд арваннэгдүгээр ангиа төгсөөд сурагч солилцооны хөтөлбөрөөр АНУ-ыг зорьсноос гадна, улс төр, ардчиллын талаар бие даан судалгаа хийж, тун саяхан хүссэн сургуульдаа 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар болсон билээ.
Ингээд Yolo.mn сайт энэ удаагийн ярилцлагын буландаа Томүжин Альтернатив сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч М.Номинжинтой сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдсан туршлага болоод сурах арга барил, судалгааны ажлынх нь талаар ярилцлаа.
YOLO: Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу.
-Томүжин Алтернатив сургуулийн 12 дугаар ангийн сурагч, FRANKLIN & MARSHALL коллежийн 2028 оны төгсөгч М. Номинжин байна.
YOLO:Өнгөрсөн зун сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдан АНУ-ыг зорьсон. Энэ хөтөлбөрийнхөө тухай бидэнд дэлгэрэнгүй танилцуулаач?
-Би 2022 оны намар Зориг сангийн сурагч солилцооны хөтөлбөрт тэнцэн хувь хүний хөгжил, улс төр, ардчилал гэх сэдвээр сургалтад хамрагдсан. Улмаар хоёр дахь шатанд шалгаран АНУ-ыг зорих таван сурагчийн нэг болсон. Энэ хөтөлбөр 20 дахь жилдээ тасралтгүй үргэлжилж буй бөгөөд жил бүрийн найман сарын сүүлээр бүртгэл нь эхэлдэг. Хөтөлбөрт тэнцсэн сурагчид найман сарын турш сургалтад хамрагддаг бөгөөд энэ хугацаандаа нийгэмд ээлтэй төсөл хэрэгжүүлдгээрээ онцлог. Бид багаараа ярилцан хөтөлбөрийн хугацаанд “ Мөрөөдөл судлал хөтөлбөр” гэх ахлах ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох нөлөөллийн төсөл санаачилсан. Тухайлбал ахлах ангид ороод сурагчид мэргэжил сонголт гэх том шийдвэрийн өмнө нүүр тулдаг. Тиймээс бид ахлах ангийн 12 сурагчийг сонгон, сонирхсон чиглэлээрээ МУИС, АШУҮИС, ШУТИС-д хоёр долоо хоногийн хугацаанд суралцах боломжийг олгосон.
YOLO: Сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдсанаар чиний хувьд олж мэдсэн сайн туршлага юу байв?
- Нэн тэргүүнд би ардчиллын талаарх суурь мэдлэгээ нэмэгдүүлсэн. Мөн хоёр долоо хоногийн хугацаанд өнөр өтгөн айлын гишүүн болж Америк гэр бүлийн соёлоос суралцан, адал явдалтай басхүү дурсамж дүүрэн цаг хугацааг өнгөрөөсөн. Хөтөлбөрт хамрагдсанаар “Залуучуудын улс төрийн оролцоо” сэдвийг ихэд сонирхож энэ талаар бие даан судалгааны ажил бичсэн. Миний хувьд АНУ-руу явахаас илүүтэй найман сарын турш хамрагдсан сургалт хамгийн чухал нь байсан. Учир нь мэргэжлийн хүмүүсээс олон зүйлийг сурч, мэдлэгийн цар хүрээгээ тэлэх онцгой боломж олдсонд талархалтай байгаа.
YOLO: Мөн хүссэн сургуульдаа 100 хувийн тэтгэлэгтэй суралцах болсонд нь баяр хүргэе. Сургуулийн талаар болон суралцах чиглэлийнхээ талаар бидэнтэй хуваалцаач?
-Би АНУ-д 35-д жагсдаг Пранклин Маршил коллежид тэнцсэн. Миний хувьд улс төр болоод хот төлөвлөлтийн чиглэлээр суралцах бодолтой байгаа. Учир нь би багаасаа хамгийн нарийн төвөгтэй зүйлийг зурах сонирхолтой хүүхэд байсан. Тиймээс өөрийн бүтээлч чадвараа асуудлын шийдлийг олоход чиглүүлж мэргэжлээ сонгохоор шийдсэн. Энэ хүслийг минь хамгийн хөндсөн мэргэжил бол хот төлөвлөлт-архитектур.
Улс төрийг нарийн төвөгтэй, хэрүүл маргаантай сэдэв учир хүмүүс ойлгохыг хүсдэггүй бүр төвөгшөөдөг. Би ч мөн ялгаагүй ингэж боддог байсан. Харин сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдсанаараа улс төрд залуучуудын оролцоо чухал гэдгийг сайн ойлгосон. Хүмүүс сонгууль өгснөөрөө л улс төрд оролцож байна гэх үндсэн ойлголттой байдаг. Гэвч бид сонгууль өгөхийн тулд анхан шатны ямар мэдлэгийг шингээсэн байх вэ, түүнийг хэрхэн ойлгож ухамсарлах вэ гэдэгт анхаардаггүй. Сургуулийн орчинд ч энэ талаарх мэдлэгийг хангалттай өгч чаддаггүй учир бид өөрсдөө анхааралдаа авч ойлголтоо нэмэгдүүлэх шаардлагатай гэж бодох болсон.
YOLO: Өөрийн бие даан хийсэн судалгааны ажлынхаа талаар бидэнд хуваалцаач?
-Би 15-17 насны сурагчдын улс төрийн мэдлэг, оролцоо сэдвээр судалгааны ажлаа хийсэн. Хүүхдүүдээс судалгаа авах явцад улс төрийн талаарх мэдлэг, оролцоо дутмаг төдийгүй сургуулийн зүгээс хангалттай ойлголт өгдөггүй гэх дүгнэлт гарсан. Судалгаанд хамрагдсан нийт сурагчдын 89 хувь нь фейсбүүкээс улс төрийн талаар мэдээлэл авдаг бол 10 орчим хувь нь сурах бичиг, сургуулийн орчноос мэдээлэл авдаг гэж хариулсан. Америк, Норвеги зэрэг улсуудад дөрөвдүгээр ангиас нь улс төрийн мэдлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Гэтэл манайд улс төрийн боловсролыг 9-12 дугаар ангид нэг сэдвээр оруулж ирдэг нь хангалтгүй санагдсан. АНУ-руу сурагч солилцооны хөтөлбөрөөр явах үедээ мөн энэ хүрээнд багахан судалгаа хийхэд судалгаанд хамрагдагсад бүгд улс төрийн талаар сонирхдог гэж хариулсан шүү.
YOLO: Орон нутгаас нийслэлийг зорьж ирэхэд өөрт тань ямар ялгаа мэдрэгдсэн бэ?
-Би аравдугаар ангид орох жилээ хүрээллээ өөрчилье, гадаадын их сургуульд өргөдлөө илгээе гэх зорилгоор Сүхбаатар аймгаас Томүжин сургуулийг зорьж ирсэн. Шилжиж ирснээрээ би самбар дээрх хичээлийг дэвтэр дээр хуулж суухаас илүүтэй, төсөл хэрэгжүүлж амьдрал дээр хэрэгжүүлэх нь тухайн сэдвийг илүү баттай ойлгодог болохыг мэдсэн.Томүжин сургуульд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс олон талын сонирхолтой, өөр өөр зорилготой хүүхдүүд цугладаг. Гол нь тэдгээр хүүхдүүд чанартай боловсрол эзэмших, түүнийхээ хэргийг гаргах чин хүсэлтэй. Тийм хүрээлэл дунд орохоор хүн өөрийгөө илүү дайчилж, хөгжих боломжоо эрэлхийлж эхэлдэг.
YOLO: Томүжинд сургуульд суралцсан нь чамд ямар давуу талыг нээж өгсөн бэ?
- Багаар ажиллаж, бусдыгаа манлайлах ур чадвар маань сайжирсан гэж бодож байна. Мөн их сургуульд өргөдлөө илгээхэд сургуулийн зүгээс бүрэн дэмжлэг үзүүлдэг. Энэ дэмжлэг төгсөх ангийн сурагчдад хүссэн сургуульдаа тэнцэхэд нь том хөшүүрэг болдог. Аравдугаар ангид анх хоёр долоо хоногийн хугацаанд хөрөг нэвтрүүлэг хийх төсөл эхлүүлж байв. Давчуу цаг хугацаанд үйл ажиллагаагаа хуваарилж гүйцэтгэх нь тийм ч амар байгаагүй. Анхны төслийнхөө ард гарахад дараа дараагийн төслүүд илүү дөхөм санагддаг юм байна лээ. Төслийн гүйцэтгэлийн явцад хүн алдаагаа олж, шийдлийг тодорхойлж тасралтгүй суралцдаг болохыг өөр дээрээ мэдэрсэн. Энэ бол маш том давуу тал.
YOLO: Сурах арга барилаасаа бидэнтэй хуваалцаач?
-Би багаасаа хичээлдээ их мэрийлттэй хүүхэд байсан. Тиймээс хийх даалгавруудаа хуваарилж дадсан хэрэг. Хүүхдүүд дүн гарах дөхөхөөр маш их ачаалалтай болдог. Үнэндээ өгсөн даалгавраа цаг тухай бүр нь хийгээд явбал ачаалал бага шүү дээ. Суралцахын хамгийн чухаг нь цагийн зөв менежмент. Хичээлдээ бүрэн төвлөрөхөөс гадна өөрийгөө олон зүйлд сорьж нийгмийн ажлуудад идэвхтэй оролцож, хоббигоо хөгжүүлэх нь чухал. Энэ бүхэнд төлөвлөлт хамгийн чухал. Миний сурах арга барил бол өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрд нь гүйцэтгэж, хойш тавихгүй байх. Гаргасан төлөвлөгөөгөө ягштал мөрдөж, өөртөө үлдээж, сэтгэлээ гаргаж хийх нь чухал. Хийх зүйлээ жагсаан бичээд, дуусах хугацаа хүртэл нь цагийн хуваарь гарган тухай бүр нь зоон тэмдэглээд, нүдэнд харагдахуйц байршуулах амар байдаг шүү.
YOLO: Англи хэлээ хэрхэн сайжруулж байна вэ?
-Би цар тахлын үеийн гэрийн хориог хэл сурахад бүрэн зориулсан. Өөрийн сонирхол дээрээ тулгуурлан өдөржин шөнөжин англи хэл дээр кино үзэж, ном уншисан нь хэлний чадварыг минь мэдэгдэхүйц сайжруулсан. Карантины дараа Томүжин сургууль руу шилжихэд англи хэлээр чөлөөтэй ярьдаг шинэ хүрээлэл угтсан нь өөрийгөө хурцалж, хэлээ улам сайжруулахад нөлөөлсөн.
YOLO: Ирээдүйгээ хэрхэн төлөвлөж байна вэ?
-Бакалаврын түвшинд суралцах хугацаандаа нарийн судалгааны ажлуудыг хийх хүсэлтэй. Мөн мэргэжлийнхээ хүрээнд сайн газар дадлагажиж ур чадварын хувьд нямбайрна гэх бодолтой байгаа.
YOLO: Үе тэнгийн найзууддаа хандаж юу гэж хэлэх вэ?
-Үнэт цагаа үр ашиггүй зүйлд зарцуулахын оронд эсвэл боломжийг хүлээж суухаас илүүтэй зорилго тавьж түүнийхээ хүрээнд өөртөө боломжийг нээж өгөх нь чухал санагдсан. Бид хүсвэл хаанаас ч хүссэн ур чадвараа, дуртай хэлээ эзэмших боломжтой шүү дээ. Тиймээс хүн бүрд ижил олгогдсон 24 цагаа зөв төлөвлөж, өөртөө, оюундаа хөрөнгө оруулаарай.
Ярилцсанд баярлалаа. Сурах үйлсэд тань амжилт хүсье.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх