Захидал: Би зүгээр л заримдаа цайлган, догь харагдахыг хүсдэг


ССҮТөв | YOLO.MN
2023-09-01

YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Амьдрал минь орвонгоороо эргэж, хүсэл мөрөөдлийг минь найзууд  булаагаад авчихсан юм шиг санагдаад байна 

Сайн байна уу ? Намайг Х гэдэг. Би 13 настай, эмэгтэй.Би мэргэжлийг өөрийн сонирхол болон дуртай зүйл дээрээ тулгуурлан сонгодог гэж боддог. Харин гол асуудал нь би өөрийнхөө сонирхол, дуртай зүйлээ юу болохыг мэдэхгүйн дээр бусдад атаархах юм.Учир нь миний эргэн тойрны найзууд бүгд мэргэжлээ сонгочихсон бас дугуйлан, сургалт гэх мэт зүйлсэд хангалттай явдаг.Би ч бас сургалтад явдаг байсан юм л даа, гэхдээ гэр бүлийн санхүүгийн байдлаас болоод түр тасалдчихсан. Заримдаа би өөрөөсөө "юунд дуртайгаа асуудаг" хэр нь өөрийн сонирхлоо олчихдог юм санагддаг. Миний сонирхолын түвшин тогтворгүй. Би олон зүйлд сонирхолтой гэдгээ мэднэ. Харамсалтай нь эдгээрээс нэгийг сонгож, ирээдүйн мэргэжилээ бүтээх ёстой.Тийм ч учраас би өөрийн хамгийн сонирхолтой гэсэн хоббинуудаа ялгаж авсан юм. -Би дуулах дуртай. Тиймдээ ч өөрийгөө гайгүй дуулдаг (Манай ангид үнэхээр гоё дуулдаг охин гарч ирэхээс өмнө) гэж боддог байсан. 

-Би бүжиглэх дуртай ч надаас илүү амжилттай яваа хүүхдүүдийг харахаар хааяадаа шантраад байх юм.(Бүжгийн сургалтын найз маань надаас хавьгүй гоё бүжиглэдэг гэж би хувьдаа боддог.) 

-Би бага ангидаа бичиг үсэг сураад л шууд дуу зохиож эхэлсэн. Яагаад ч юм тэр үеийн байдлын сэтгэл хөдлөлөөсөө болоод аяаа зохиогоод дуулчихдаг байсан.Одоо ч тэр минь хэвээрээ.Гэвч том болох тусам олон янзын дуунууд сонсдог болоод , бага байхад зохиодог байсан дуунуудын минь гэнэн цайлган өнгө аяс тодрохоо больсон ч юм шиг. Гэтэл нэг өдөр би хичээл дээрээ найзуудтайгаа ярьж байгаад , нэг найз маань надтай адил дуу зохиодог болохыг нь мэдсэн.Тэгсэн тэр дуунууддаа ая оруулаад Юүтүб дээр байршуулна гэснийг сонсоод тухайн үедээ маш их гайхсан.  

Ер нь л миний амьдрал орвонгоороо эргэж, миний хүсэл мөрөөдлийг найзууд маань булаагаад авчихсан юм шиг санагдаад байх юм. Би бодохдоо миний ингэж явж байгаа маань өөртөө итгэлгүй , арчаагүй , сул дорой , атаархуу занд минь л болсон байх. 

Би яг ч өөрийгөө тийм дорой амьтан гэж хэлэхгүй. Үнэндээ би зүгээр л цайлган , заримдаа догь харагдахыг хүсдэг. Зарим хүмүүс ч намайг тэгж боддог байх.  

Би яг яах ёстой юм бэ? Зөвлөгөө өгч туслаач !

ЗӨВЛӨГӨӨДуртай зүйлээ хийгээд ямар гоё мэдрэмж авдаг вэ? гэдэгтээ илүү анхаарлаа төвлөрүүлээрэй

Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Захидлаас уншихад, өөрийн хобби сонирхлоо тодорхойлж, олон зүйлс туршиж буй нь их сайшаалтай санагдлаа.Чиний чаддаг зүйлийг өөр нэг хүн чаддаг, өөр хэн нэгний чаддаг зүйлийг чи бас хийж чаддаг байх нь хэвийн зүйл юм шүү. Чиний дуртай, чиний чаддаг зүйлийг маш их хүн чаддаг бас дуртай байдаг. Чамаас илүү сайн чаддаг ч хүн байгаа. Гэхдээ олон хүн чаддаг, дуртай байснаар өрсөлдөөн бий болж илүүг хийж бүтээж, сэтгэж байдаг юм шүү дээ. Тиймээс чи юугаараа онцлог байна вэ? чи хэр тууштай байх вэ? Дуртай зүйлээ хийгээд ямар гоё мэдрэмж авдаг вэ? гэдэгтээ илүү анхаарлаа төвлөрүүлээрэй. Хүн ямарваа нэгэн өөрийнхөө дуртай зүйлээс эрч хүч, энергиэ авч, түүнээсээ хамаарч сэтгэл ханамж нэмэгдэн, амьдралын чанар дээшилдэг юм шүү. 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв  

Туслах сэтгэл судлаач Г.Золжаргал  

 

 

 

АСУУДАЛ: Сарын тэмдэг санаа зовоох боллоо 

Сайн байна уу? Миний сарын тэмдэг 6 сараас эхлээд сард хоёр удаа ирэх болсон. Би яаг яах ёстойгоо мэдэхгүй байна. Сард хоёр ирэх болсон нь намайг айдаст автуулах болсон.  

ЗӨВЛӨГӨӨ: Мэргэжлийн эмчид хандаад үзээрэй

Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Сарын тэмдэг нь хэвийн бус ирж байгаад санаа зовж буйг ойлголоо. Ойр дотнынхоо хэн нэгэнд энэ тухай хэлсэн үү? Энэ талаар мэргэжлийн эмч нараас асуугаарай. Гэрийнхэндээ хэлж мэргэжлийн охидын эмчид үзүүлж болно шүү.  

Сэтгэл Судлалын Үндэсний Төв  

Туслах сэтгэл судлаач Г.Золжаргал  

 

АСУУДАЛ: Эрч хүчгүй, хийх юмгүй, хүсэл мөрөөдөл, зорилгогүй, хүрээлэлгүй. Би яах ёстой вэ? 

Сайн байна уу. Танай сайтын уншигчдын нэг. Ялангуяа захидлуудыг бүр ч их уншиж хэрэгтэй мэдээлэл авдаг. Тэгээд өөрт тулгараад байгаа асуудалдаа зөвлөгөө хүсэж ийнхүү мэйл бичлээ. Би 17 настай, удахгүй 18 хүрнэ. Зуны амралт эхэлж би өдөржин гэртээ байх болсон. Уг нь ийш тийшээ гарч юм үзье гэхээр цаанаасаа л гарах хүсэл төрөхгүй. Гэртээ байхдаа өдөржин буруу гэдгийг мэдсээр байж интернэт хэснэ. Надад сурах юм их байгаа, интернэтийг зөв ашиглах ёстой гэж бодож байгаа хэр нь холдож чадахгүй. Юм суръя гэсэн ч хүсэл төрөхгүй. Нэг л хийцгүйрээд, назгайраад байдаг боллоо. Хэвтээд л, унтаад л баймаар санагдана. Сүүлдээ утас, интернэтээсээ ч уйдаж залхаж байна. Залхлаа гээд яах билээ, утасгүй бол өөр хийх юм байхгүй. Ядаж байхад найз нөхөд цөөхөн, 3,4-хөн. Тэд маань хөдөө явцгаасан болохоор яалт ч үгүй ганцаараа. Хийж чадах юм байхгүй болохоор ажил, дадлага ч хийдэггүй. Эрч хүчгүй, хийх юмгүй, хүсэл мөрөөдөл, зорилгогүй, хүрээлэлгүй. Би яах ёстой вэ? Яавал энэ байдлаасаа гарч чадах вэ? Хэлж өгч туслаач? 

ЗӨВЛӨГӨӨ: Аливаа зүйлийг шинээр сурч болдог гэдгийг битгий мартаарай.

Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Өөрт тулгараад буй асуудлаа шийдвэрлэх арга зам хайж байгааг уншихад таатай байна. Захидлаас та өөрийн урт хугацааны зорилгоо тодорхойлж, бодит алхмуудыг хийн өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй байгаа гэж ойлголоо. Урт хугацааны зорилго гэдэг нь цаг хугацааны хувьд ойролцоогоор 10 жил түүнээс дээш хугацаа шаардлагатай таны хүрэхийг хүсэж буй тэрхүү зорилго, мөрөөдлийг хэлж байгаа юм шүү. Хүн өөрийн урт хугацааны зорилгоо тодорхойлсноор түүнд хүрэх богино, дунд хугацааны зорилгоо тавьж бодит алхмыг хийхэд сэтгэл зүйн хувьд өөрийгөө бэлддэг. Бид юуны төлөө, ямар учраас гэсэн асуултынхаа хариултыг мэдсэнээр өдөр тутамдаа хийж буй үйлдлүүд, цаашдаа ямар зүйл хиймээр байгаагаа анзаардаг юм шүү. Та өөрийгөө 20 жилийн дараа хэрхэн төсөөлж байна вэ? Та энэхүү төсөөлөлдөө хүрэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?, Танд ямар ур чадварууд шаардлагатай вэ? зэрэг асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй. Аливаа зүйлийг шинээр сурч болдог гэдгийг битгий мартаарай. Амжилт хүсье.  

Сэтгэл Судлалын Үндэсний Төв  

Туслах сэтгэл судлаач У. Цэцэнсанаа 

 

 

АСУУДАЛ: Нас биед хүрч шийдвэр гаргах чадвартай гэдгээ аав ээждээ ойлгуулмаар байна  

Сайн байна уу? Захидлыг минь хүлээн авсанд баярлалаа. 
Би 18 настай, эмэгтэй саяхан сургуулиа төгссөн. Хятадын их сургуульд суралцана гэж төлөвлөж байсан ч тэтгэлгүүдээс хоцроод, өнгөрсөн тавдугаар сард өөрийн хүсэж байснаасаа арай өөр төстэй мэргэжлийн хөтөлбөрт бүртгүүлсэн боловч энэ сард тэнцээгүй гэсэн хариу хүлээн авсан. ЭЕШ-д дажгүй оноо авсан ч гэсэн монголын их сургуулиудад бүртгүүлээгүй байсан болохоор одоо ингээд орох ямар ч сургуульгүй болчихсон. Gap year-г би өөрөө хувьдаа болно гэж бодож байгаа боловч гэр бүлийнхэн маань дэмжихгүй, Японд байдаг ах эгч дээрээ очиж амьдрангаа хэл сурахыг санал болгосон. Харин gap year гэж дэмий, энд нэг жил өнгөрөөхийн оронд япон хэл сураад байж бай л гэх юм. Би яарч буруу шийдвэр гаргаж байснаас нэг жил алдсан ч хамаагүй, дараа жилийн өөр олон тэтгэлэгт apply хийж оролдож үзээд, дахиад л бүтэлгүйтчихлээ гэсэн үедээ л японыг сонгомоор байна. Одоо ингээд японыг сонголоо гэхэд хүсэж байгаа мэргэжлээрээ цаашдаа сурч чадах боломж маш бага учраас хүсэхгүй байгаа. Харамсалтай нь гэрийнхэн маань огт дэмжихгүй, би өөрөө гэрийхнийхээ үгийг үл тоож чадахгүй болохоор шийдвэр гаргаж чадахгүй явсаар л байх юм шиг байна. Gap year-н оронд эхний жил монголд сураад үзье, тэр хугацаандаа мөн л тэтгэлэг хөөцөлдье гэсэн ч дэмжихгүй. Намайг 18 хүрсэн ч гэсэн ажил хийхийг зөвшөөрдөггүй. Тэдний намайг шинэ зүйл туршиж үзэх, эрсдэлтэй алхам хийх зэргийг хорьдог нь санаа зовсоных л гэж боддог. Гэхдээ одоо ингээд байж болохгүй шүү дээ гэдгийг л аав ээж, ах эгчдээ ойлгуулмаар байна. 

ЗӨВЛӨГӨӨ: Та хиймээр байгаа зүйлдээ дэмжлэг авахын тулд таны ярих гэж буй зүйл үндэслэлтэй, төлөвлөгөөтэй, аль болох тодорхой байх хэрэгтэй шүү

Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Захидлаас гэр бүлийнхэн тань таны шийдвэрийг дэмжээсэй гэж хүсэж байгаа гэж ойлголоо. Та өөрийн хийхийг хүсэж буй зүйлээ гэр бүлийнхэндээ хэрхэн илэрхийлдэг вэ? Ямар сургуульд, хаана суралцах, ямар мэргэжил сонгон элсэх вэ зэрэг болон бусад шийдвэрийг гаргахдаа ярилцдаг уу? Аливаа шийдвэрийг гарган хэрэгжүүлж байх явцад гэр бүлийнхэн маань хэрхэн хүлээж авсан, дэмжиж байгаа эсэх нь үр дүнтэй байхад тодорхой хэмжээнд нөлөө үзүүлдэг нь үнэн. Харин хэрхэн дэмжлэг авах вэ гэдэг маань та хэд хэр хоорондоо ярилцдаг вэ? гэдгээс тодорхой хэмжээнд шалтгаалдаг. Та хиймээр байгаа зүйлдээ дэмжлэг авахын тулд таны ярих гэж буй зүйл үндэслэлтэй, төлөвлөгөөтэй, аль болох тодорхой байх хэрэгтэй юм. Мөн заавал нэг талыг барьсан шийдвэр гаргахгүй байсан ч болно. Яавал таны болон гэр бүлийнхнийх нь саналыг тусгасан байдлаар шийдэж болох гэдгийг бодож үзэж болно шүү. 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв  

Туслах сэтгэл судлаач У. Цэцэнсанаа 

 

#нийтлэл