Тусдаа гарах үедээ хэрэгжүүлж болох 12 дадал


YOLO.mn | YOLO.MN
2023-08-16

Бид бүгдээрээ насанд хүрч өөрийн замаар амьдралаа эхлүүлэх нь гарцаагүй. Тиймээс өөрөө хоолоо хийж, гэрээ цэвэрлэж, хүнс худалдаж авах шаардлагатай тулгарах болно. Харин тэр үед эдгээр зөвлөгөө танд тус болно гэж найдаж байна.

Органик vs Байгалийн гаралтай

Өдөр тутамдаа байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь мэдээж маш эрүүл сонголт. Гэвч “Natural” буюу байгалийн гаралтай бүтээгдэхүүний түүхий эдийг химийн бордоогоор бордсон байх магадлалтай. Тиймээс хамгийн зөв сонголт бол органик бүтээгдэхүүн юм. “Organic” тэмдэглэгээтэй бүтээгдэхүүний түүхий эдийг ямар ч химийн бордоогоор бордоогүй байдгаараа онцлогтой.

Цагаан хувцас бүхэн цагаан биш

Бид хувцсаа угаахдаа цагаан цайвардуу өнгөтэй л бол бүгдийг нь хамт нэг угаалтаар угаах нь их байдаг шүү дээ. Ингэж угаах үед бусдаасаа илүү цагаан өнгөтэй хувцасны өнгөнд нөлөөлж илүү хурдан өнгөө алдаж гандахад хүргэдэг байна. Тиймээс цагаан цайвар хувцаснуудыг угаахдаа мөн дотор нь ялгаж угаах нь эдэлгээг уртасгаж өнгийг нь хэвээр хадгалах нэг арга юм.

Хүнсний сода бол шидэт ус

Нэг их хэрэг болохгүй юм шиг хэр нь маш ид шидтэй бүтээгдэхүүн бол хүнсний сода юм. Жимс ногоог угаахдаа хүнсний содатай усанд удаан байлгаснаар бохирдлыг нь илүү сайн цэвэрлэж болно. Мөн аяга угаахад ашиглаж болох ба аливаа гадаргуу дээр дагтаршиж толбо үлдээсэн бохирдлыг сайн арилгадаг. Үнэ ч хямд учир үнэтэй олон төрлийн цэвэрлэгээний бодисын оронд ганц хүнсний сода байхад л гэрээ бүхэлд нь цэвэрлэж чадна.

Нэг тоосго

Суултуурын ус цуглах хэсэгт нэг ширэг тоосго эсвэл 500 мл жижиг хуванцар саванд ус дүүргэж хийгээд тавьчихвал ус татах бүртээ усаа хэмнэх боломжтой болно. Энэ нь таны эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх арга биш ч гэлээ бага багаар хэмнэх арга юм. Үүнээс гадна байгаль орчинд үзүүлэх нөлөөг ч мартаж болохгүй.

Хөлдөөсөн ногоо

Өвөл, хаврын улиралд ногооны үнэ маш их өсдөг. Мэдээж намрын цагт хүнсний ногоо,жимс боловсордог учир жилийн бусад үетэй харьцуулахад илүү хямд байдаг. Энэ үед нь ногоогоо ихээр аваад маш сайн угааж цэвэрлэж хатаагаад, өөрийн хүссэнээрээ хэрчиж жижиглээд аль болох агааргүй орчинд хөлдөөчихвөл маш удаан хэрэглэх боломжтой. Үүнээс гадна үрлэн “berry” жимснүүдийг хөлдөөж хадгалах нь их тохиромжтой байдаг. Гэхдээ төмс, хаш гэх мэт цардууллаг ногоог хөлдөөвөл харлачихдаг учраас энэ арга тохиромжгүй шүү.

Варианы шил

Эмээ нар варианы шил хадгалдаг гэж их шоолуулдаг даа. Гэхдээ энэ ямар хэрэгтэй дадал гээч. Эдгээр шилийг юунд ч ашиглаж болно. Хоолны амтлагч, цэвэрлэгээний материалаа хадгалж болохоос гадна ариутгаж байгаад ногоо даршилж болно. Ариутгахдаа жигнүүр дээр доош нь харуулж тавиад буцалж буй усны уураар сайтар жигнээрэй.

Жүржийн хальс

Хувцсаа хэдий угаасан ч гэсэн шүүгээнд удаан хадгалах үед дарагдсан хувцасны үнэр үнэртдэг шүү дээ. Энэ үнэрээс сэргийлэх нэг арга нь хувцсандаа сүрчиг түрхэж хадгалах байдаг. Гэвч үнэртний үнэрээ барих хугацаа тогтворгүй. Харин нэг гайхалтай арга бий. Энэ бол жүржийн хальс юм. Шинэхэн жүржийн хальсыг шүүгээндээ хадгалбал таны хувцаснаас үргэлж сэнгэнэсэн жүржийн үнэр үнэртэх болно.

Хувцсаа хөлдөөх

Бага насанд аав ээж, ах эгч нар маань өвлийн хүйтэнд яагаад хувцсаа гаргаж хөлдөөчхөөд дараа нь гэртээ оруулж хатаадгийг гайхдаг л байсан биз дээ. Харин энэ нь хувцсыг маш сайхан өвлийн агаарын сэнгэнэсэн үнэртэй болгодог гэнэ. Үүнээс гадна нэг хоёр удаа л өмссөн угаах эсэхдээ эргэлзэж буй хувцсаа хөлдөөснөөр угаах хугацааг нь хойшлуулах боломжтой юм. Мэдээж нян бактерийг нь бүрэн устгаж чадахгүй ч гэсэн (бактери -80 хэмд л устдаг) үржлийг нь бууруулдаг арга юм.

Дахиад л хөргөгч

Гоо сайхны бүтээгдэхүүн ч хүнстэй адил хадгалах горим нь алдагдсан үед амархан мууддаг. Халуун орчинд, нарны шууд тусгалд хадгалахаас зайлсхийж сэрүүн нөхцөлд байлгах хэрэгтэй. Харин хадгалахад хамгийн тохиромжтой орчин бол хөргөгч юм. Таны гоо сайхны бүтээгдэхүүн муудахгүйгээс гадна хөргөгчинд хадгалсан нүүрний тос, маск, тонер нь арьсыг эмзэгшүүлэхгүйгээр үйлчилгээгээ сайн үзүүлдэг. 

Шал үнэхээр эмзэг

Паркетан шал, будагтай модон шал, хулдаасан шал зэрэг дээр хүн үргэлж гишгэж байдаг тул эдгээр материалууд өнгөө алдаж муудах нь амархан байдаг. Үүнээ гадна хувцас угаадаг угаалгын нунтаг, аяга угаагч шингэн гэх мэт бодисуудаар арчих үед улам амархан өнгөө алдана. Учир нь эдгээр бодисууд хэтэрхий хүчтэй тул шалны будгийг арилгачихдаг. Тиймээс шал арчдаг зориулалтын бүтээгдэхүүн байхгүй тохиолдолд зүгээр цэвэр усаар арчиж, усаа бохирдох үед нь солиход хангалттай. 

Ор хөнжлийн даавуу

Өглөө босоод шууд ороо хураахын оронд 5-10 минут орчим хугацаанд нарны тусгалд байлгаснаар арьсны хачгийн үржлийг бууруулах боломжтой. Мөн гадуур хувцастайгаа даавуун дээрээ хэвтэж, сууж огт болохгүй бөгөөд 7 хоног тутамд угааж хэвших хэрэгтэй. Энэ нь цаашдаа таны биеийн арьсанд маш эерэг нөлөө үзүүлэх нь гарцаагүй.

Арчилгаа багатай ургамал

Өөрийн гэр орондоо өөрийн гэсэн ургамал тарьж арчлах нь манай үеийнхний бараг л мөрөөдөл шүү дээ. Хэрвээ гэртээ ургамал тарьж үзэхийг хүсвэл “Мөнхрөө”-г санал болгоё. Хоногийн 24 цаг хүчилтөрөгч ялгаруулдаг тул шөнөдөө өрөөний агаарыг булаацалдахгүй. Байнгын хүчилтөрөгч болон чийгшлээр таныг хангах болно. Арчилгаа маш бага шаарддаг бөгөөд маш хурдан маш өндөр ургадаг. Үүнээс гадна үзэсгэлэнтэй тод ногоон судалтай, маш хөөрхөн цагаан цэцгээр цэцэглэдэг учир өрөөний өнгө үзэмжийг ч нэмэх болно.

 

#нийтлэл