"Дэрэн" клубийн тамирчид олон улсын хөлбөмбөгийн тэмцээнд түүхэн амжилт гаргажээ


О.Батхишиг | YOLO.MN
2023-08-01

  • U11 насны  хөлбөмбөгийн тамирчид Швед, Финлянд, Дани улсын таван тэмцээнд оролцжээ 
  • Тэд дөрвөн тэмцээнээс  медаль, цом хүртэн, түүхэн амжилт үзүүллээ 
  • 70 орны 1870 баг өрсөлдсөн тэмцээнд шилдэг 8 багийн нэг боллоо 

“Дэрэн” клубийн U11 насны  тамирчид Европын дөрвөн улсад зохион байгуулагдсан,  олон улсын хөлбөмбөгийн таван тэмцээнд оролцжээ. Тэд нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль, гурван цомын эзэн болсон байна. Хөл бөмбөгчин хөвгүүд өнөөдөр эх орондоо ирэв. Тэд өсвөрийн хөлбөмбөгчдийн 15  жилийн түүхэн дэх томоохон амжилтын эзэд боллоо. Тодруулбал,   

  • Pitea summer games тэмцээнээс мөнгөн медаль, мөнгөн цомын эзэд 
  • Storsjöcupen тэмцээнээс алтан медаль, алтан цомын эзэд 
  • Helsinki cup тэмцээнээс хүрэл медаль  
  • Gothia cup тэмцээнд 8-р байр 
  • Dana cup тэмцээнээс хүрэл медаль, хүрэл цомыг тус тус хүртжээ.   

Мөн “Дэрэн” клубийн тамирчид Шведийн  Гётеборг хотноо зохион байгуулагдсан  70  орны 1870 баг оролцсон, “Gothia Cup - The World Youth Cup” тэмцээнд шилдэг наймд шалгарчээ. Тус тэмцээн нь дэлхийд чансаагаараа  тэргүүлдэг өсвөрийн хөлбөмбөгийн хамгийн том тэмцээнүүдийн нэг юм.     

Тамирчид болон багийнхантай өнөө өглөө онгоцны буудалд ярилцав.  

Ж.Суубилиг  “Би хөлбөмбөгөөр хичээллээд дөрвөн жил болсон. Сүүлийн хоёр жил Европ руу хөлбөмбөгийн тэмцээнд явлаа. Эхний  жил сандарч, биеэ бариад сайн тоглож чадаагүй. Харин энэ жил зүүн жигүүрээс өөрийн хэмжээнд сайн довтолсон. Гоол оруулах, ялалт байгуулах хамгийн гоё  байсан”.  

Багийн ахлагч Б.Анх-Эрдэнэ “Би хөлбөмбөгөөр хичээллээд долоон жил боллоо. Өнгөрсөн жил арван настай байхдаа энэ тэмцээнд дээд насандаа орж байлаа. Харин энэ жил  насны ангилалдаа тоглосон учир том амжилт гаргасан. Европ хүүхдүүд биерхүү,  хурдтай ч бид дутахааргүй сайн тоглосон. Олон гадаад хүмүүсийн өмнө цомоо өргөөд зогсох хамгийн гоё байсан. Дараа жил багаараа улам их хичээн, үүнээс ч том амжилт гаргана”. 

Дасгалжуулагч Ц.Бат-Эрдэнэ “Бид тэмцээнд тогтмол оролцсоор ирсэн. Энэ жил U11 насныхан маань  онцгой амжилт үзүүллээ. Манай тамирчид ур чадварын хувьд  гадны тамирчдаас дутах зүйл байсангүй. Гэр бүлээсээ хол сар гаруй хугацаанд гадаадад байх хүүхдүүдэд амар байгаагүй. Асран хамгаалагчийн хувьд тамирчдаа сэтгэл зүйгээр дэмжин, урам зориг өгөхийг зорьсон. Хүүхдүүдийнхээ бахархам тоглолтуудыг сэтгэл догдлон үзээд монголын хөлбөмбөгийн ирээдүй гэрэлтэй байна гэх бодол өөрийн эрхгүй төрж байсан” гэв.  

 Амжилт гаргасан 16 тамирчин дараа жил Европын олон улсын  хөлбөмбөгийн тэмцээнд  U12 насны ангилалд өрсөлдөх юм.  

   

#нийтлэл