“Сувилагчаар ажиллана гэдэг сэтгэл шаарддаг ажил. “Би юу хийж чадах вэ” гэдгийг өөрөөсөө асууж, түүндээ хүрэхийн төлөө ажиллаад, үр дүн нь гарсны дараа ингээд бахархалтай яриад суух цаг ирнэ шүү” гэж ярих энэ хүнийг Д.Баасанжаргал гэдэг. Тэрээр Ахлах зэрэгтэй,“Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Мэс заслын тасгийн ахлах сувилагчаар ажиллаж байна.
Монгол хүн эрүүлжин илааршихад үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан олон гавьяатай сувилагч нарын төлөөлөл болох түүнтэй Дэлхийн сувилагчдын өдрийг тохиолдуулан ярилцлаа.
-Та анхнаасаа мэс заслын сувилагчаар ажиллаж эхэлсэн үү?
-Тийм. Би 1986 онд Улаанбаатар хотын Сувилагчийн сургууль төгсөөд ажлын гараагаа Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгээс эхлүүлж, одоо 37 дахь жилдээ мэргэжлээрээ “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт ажиллаж байна.
Анх мэс заслын тасагт нэг жил ээлжийн сувилагч, боолтын сувилагчаар ажиллаж байгаад жилийн дараа нарийн мэс засалд ордог болсон.
-Хагалгааны сувилагчийн ажил бусад сувилагчийнхаас юугаараа онцлог ялгаатай вэ?
-Мэс засал бол багийн ажил. Хүний амь нас аврахын төлөө тодорхой хугацаанд хариуцлагатайгаар ажиллаж, өөрт ногдсон үүргээ алдаагүй, зөв, эцэст нь тултал биелүүлэн, эмч нарынхаа хамтрагч болж ажиллах ёстой.
Цаг хугацаагаар хэмжигддэг, дээд зэргийн хариуцлагатай, нарийн мэргэжлийн мэдрэмж шаардсан ажил. Орох болгонд мэс засал эрсдэл дагуулж байдаг учраас юуг яаж хийх, ямар эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх вэ гэдгийг урьдчилан харж, бэлтгэлээ маш сайн хийж орох шаардлагатай. Одоо ч гэсэн ямар ч мэс засалд орсон яг л анхныхаа ойлгоцоороо бэлдэж, хариуцлагатай ханддаг.
Би олон жил ажиллахдаа олон сувилагч сургасан. Тэд нартаа ч эрсдэлээс урьдчилан сэргийлж, үйлдэл болгоныг харж, зүүгээр хатгаад оёсон ч судас дайрах вий гэж хардаг, маш нарийн мэдрэмжтэй, хараа хурц, хурд сайтай ажиллах ёстой гэж хэлдэг дээ.
-Сувилагчаар ажиллаж байгаад төрөл бүрийн шалтгаанаар мэргэжлээ сольсон олон хүн бий. Та 30 гаруй жил мэргэжлээрээ ажилласан. Сувилагч мэргэжлийн юу нь таныг хамгийн их татдаг вэ?
-Зах зээлийн үед ч, эрүүл мэндийн салбар хэцүү байх үед ч мэргэжлээ сольё гэж бодогдоогүй. Мэс засал бол ажиллах тусам, ойлгох гэж хичээх тусам сонирхол төрүүлдэг, шинэ юм хийх сэдэл төрүүлдэг ажил. Хариуцлагатай байгаад мэс засал амжилттай болоход хүнд дараагийн ажлын урмыг өгч байдаг. Тасралтгүй ажиллана гэдэг тасралтгүй урам авч байна гэсэн үг. Тиймээс хэзээ ч өөр ажил хийе, ажлаа өөрчилье гэсэн сэдэл төрж байгаагүй.
Мэдээж хүнд цаг үе бий. Эрсдэлтэй ажил учраас мэс засал амжилтгүй болох үед эмч нартай адилхан сэтгэл санаагаар унадаг. Мэс засал амжилттай, амжилтгүй болсон эсэх үр дүн нь тэр дороо гардаг. Сэтгэл хөдлөл ихтэй ажил даа. Хүнд хэцүү гэхээсээ илүү яаж болгох вэ гэж бодож ажилласан. “Энэ болохгүй нь ээ, яана аа” гэж шантарч байсан үе байхгүй. Сэтгэл зүрхээрээ ажилдаа дурлана гэдэг хүнийг ийм болгодог юм байна.
Энэ олон жилийн дараа эргээд харахад ажилласан газраа, хамт олноо, гэр бүлийнхээ хүрээнд ч эргээд дурсахад ямар гоё ажил сонгосон юм бэ гэж бахархдаг. Хүнийг идэвхтэй залуугаар нь байлгадаг, сурч мэдэх, бүхий л мэдрэмжийг идэвхтэй сэргэг байлгадаг. Үнэхээр дурласан болохоор их гоё ажил гэж боддог юм.
-Та ажлынхаа нэг өдрийг танилцуулахгүй юу. Өдөрт ямар ажлууд амжуулж байна вэ?
-Одоогоор би мэс заслын ахлах сувилагчаар ажиллаж байгаа учраас миний нэг өдөр ажилчдын хуваарилалт, мэс заслын бэлтгэл, аюулгүй байдлын хангалт, урьдчилан сэргийлэлт, тасгийн үйл ажиллагааны хангалт зэрэг менежментийн ажил хийж байна.
Мөн хүмүүсийн бичиг баримтын хөтлөлт, мэс засалд орж байгаа хүмүүс өндөр өртөгтэй эм хэрэглэдэг учраас тэрийг хянах, эдийн засгийн хүнд байдалд оруулчихгүйн тулд зөв зарцуулах, хяналт тавих ажил одоогоор хийж байна. Өглөөнөөс эхлээд тийм ажлаа хийгээд, өдөржин мэс засалтай байдаг учраас цагийн болон өрөөний хуваарилалтыг цаг тутамд хянаж зохицуулж байдаг.
Мэс заслын үйл ажиллагаанд оролцдог сувилагчаар ажиллаж байхад мэс заслын төлөвлөгөө гарснаас эхлээд хэрэгтэй зүйлс, нэмэлт нөөцөө бэлдэнэ. Мөн үйл ажиллагааны чиглэл дараалал гэж байдаг. Тэр дарааллаа дахин дахин эргэж санах шаардлагатай. Хагалгааны сувилагч зогсолтгүй бэлтгэлээ хийж байх хэрэгтэй. Тэгж байтал ажлын найман цаг өнгөрдөг.
Ялангуяа гаднын эмч нар ирэхэд монгол сувилагч нарынхаа нэр хүндийг унагаачихгүй юм сан гэж үйлдэл болгондоо анхаарч, бараг хурууных нь хөдөлгөөн болгоныг харж, хөдөлгөөнийг нь угтуулж үйлчилье гэсэн бодолтой ажилладаг.
-Монгол сувилагч нарын ур чадвар дэлхийн түвшинд хаагуур байгаа бол. Та сувилагч нарынхаа ур чадварыг хэрхэн үнэлж дүгнэх вэ?
-Монголын сувилагч нар дэлхийн түвшинд хангалттай хүрнэ гэж боддог. Маш мэдрэмж сайтай, мэргэжилдээ чин сэтгэлээсээ дурлаж ажилладаг. Чин сэтгэлээсээ дурласан хүн тэр мэргэжлийнхээ ирээдүйг харна, дэлхийн түвшинд яаж ойртох вэ, олон улсын сувилагч нар яаж ажиллаж байна, наад захын технологийг яаж нутагшуулж, нэвтрүүлэх үү гэдэг эрэл хайгуул хийж явдаг учраас дэлхийн түвшинд гарахад асуудалгүй гэж бодож байна. Ялангуяа нарийн мэргэжлийн сувилагч нар маш сайн.
ХАРИЛЦАА ХАНДЛАГА ГЭХЭЭР МАНАЙХАН САЙХАН ИНЭЭХИЙГ ХЭЛЭЭД БАЙДАГ. ЗӨВХӨН ТЭР БИШ, ХҮНИЙХЭЭ СЭТГЭЛ РҮҮ ӨНГИЙЖ ХАРЖ ЧАДДАГ ХАНДЛАГЫГ Л ХЭЛЖ БАЙНА ГЭЖ БИ БОДДОГ
-Сувилагч хүн харилцаа, хандлага зан чанарын хувьд ямар хүмүүс байх ёстой вэ?
-Эмнэлэгт аврал эрсэн хүмүүс л эмчлүүлэх гэж ирдэг. Би элэгний өвчнөөр өвдөөд эмчийн, сувилагчийн амнаас гардаг үг ямар их эдгэх хүч өгдөг вэ гэдгийг ойлгосон. Сувилагч хүн хүнтэй мэндлэхээс эхлээд өвчтөнийхөө санааг амрааж үйлчилж байх ёстой. Харилцаа хандлага гэхээр манайхан сайхан инээхийг хэлээд байдаг. Зөвхөн тэр биш. Хүнийхээ сэтгэл рүү нь өнгийж харж чаддаг хандлагыг л хэлж байна гэж би боддог. Эмнэлэгт ирэхэд нь маш сайхан, ах дүү нар шиг нь хүлээж авахад тухайн хүний эдгэрэлтийн нэлээн олон хувьд нь нэмэр болно шүү. Ялангуяа мэс засалд хүмүүс өлөн орж ирнэ. Ядарчихсан байдаг. Хоосон байж сураагүй хүн бачимдуу байна. Дээр нь үл ойлгогдох нөхцөлд орж ирнэ. Мэс заслын өрөө “Гаднын хүн орохыг хориглоно” гэсэн бичигтэй нарийн бүс учраас айдас ихтэй байдаг. Тэрийг нь л маш сайн ойлгож, хүлээж авах хэрэгтэй. Найз нөхөр нь юм шиг харилцах ёстой.
-Хагалгааны үеэр эмч, сувилагч нар өвчтөнтэйгөө ярилцаж, айдсыг нь мартуулах, сатааруулах арга хэрэглэдэг юм болов уу гэж боддог.
-Эхний ээлжид ямар сэдвээр юу яривал орчиндоо сайхан тайвширч өгөх бол гэдгийг мэдэрч байдаг. Өвчтөн ч бас бидэнд туслах хэрэгтэй. Хагалгааны өрөөнд айж ороод инээгээд гарч байгаа хүнийг харах сайхан шүү.
-Ажил дээрээ ямар үед аз жаргалыг мэдэрдэг вэ?
-Эмч нар олон цагаар мэс засал хийж зогсоод, ар гэрт нь итгэл төрүүлж, тайлбарлаж байгааг харах л надад маш сайхан санагддаг. Мэс заслын дараах 24-72 цаг эрсдэлтэй үе байдаг. Миний удирдлага дор ажиллаж байгаа охид ямар ч шинэ хагалгаа ирсэн түүртэхгүйгээр эмч нартайгаа хамтарч ороод нутагшуулж чадаад байгаад нь үнэхээр их баярлаад хайр хүрдэг.
Нэгдүгээр эмнэлэгт би 23 жил ажилласан. Улсын эмнэлэг мэс заслын чиглэлээр суралцаж байгаа сувилагч нарыг орон нутгаас авдаг байсан болохоор хөдөө орон нутгийн сувилагч нарыг “гар угааж”, сургаж явуулсан. Мөн Сонгдо эмнэлэгт би 14 жил ажиллаж байна. Энэ хугацаанд маш олон сувилагч өөр газруудад сонгогдоод, мэргэжилдээ эзэн болчихсон байхыг нь хараад тэр охидоороо бахархдаг.
-Сувилагчдын ур чадварыг сайжруулахад юун дээр анхаарч ажиллах шаардлагатай вэ?
-Хамгийн гол нь ажил дээр нь тогтвор суурьшилтай ажиллуулах хэрэгтэй. Хүн тасралтгүй тогтвортой ажиллаж, мэргэшиж байж ур чадвар нь дээшилнэ. Тогтвортой ажиллахын тулд ажлын байран дээрх нөхцөлийг сайжруулах хэрэгтэй. Ялангуяа олон жил ажилласан миний хувьд яаж ар гэрийг нь орхигдуулахгүйгээр, ажлыг нь алдагдуулахгүйгээр тогтвортой ажиллуулах вэ гэж боддог. Ажил дээрээ сэтгэл ханамжтай, ар гэртээ санаа зовохгүй ажиллана гэдэг тогтвортой ажиллах нэг үндэс. Тогтвортой байсныхаа хэрээр ур чадвар сайжирна. Ур чадвар сайжрахын хэрээр тэр хүн мэргэжилдээ дурлаж эхэлнэ. Дурлахаар илүү хөгжинө гэсэн үг.
-Сувилагч нарын ажлын ачаалал өндөр, сувилагч дутагдалтай гэх мэт олон асуудал бий. Энэ асуудалд та ямар бодолтой байдаг вэ?
-Сувилагч дутагдалтай байна, нийгмийн асуудал хүнд, цалин бага байна гээд байхаар хүнд буруу ойлголт суулгачхаад байх шиг. Сувилагчаар ажиллах хүнд юм байна, ирээдүйгүй ажил байна гэх мэт ойлголт төрүүлж байна. Анхнаас нь сувилагчийн ажлын үнэлэмжийг зөв эерэг талаас нь ярих ёстой. Эерэг зүйл их бий. Тийм ч их сул тал байхгүй гэж бодож байна. Төгсөж байгаа хүмүүстээ буруу ойлголт төрүүлээд байхаар ажиллах итгэлгүй болгоод байна уу даа гэж боддог. Сувилагчаар олон ч хүн төгсөж байгаа, ажиллахыг хүссэн хүн ч олон бий. Эхнээс нь зөв ойлгоц өгөх хэрэгтэй болов уу.
-Энэ мэргэжлийн үнэ цэн, ач холбогдол нь юунд оршдог вэ?
-Сувилагч нар маань боловсролтой болсон. Бүгд бакалавр зэрэг авч байна. Ажиллаж байх хугацаандаа магистрын зэрэг хамгаалж байна. Эрүүл мэндийн салбартаа эмчтэйгээ адилхан хамтрагч байх мэргэжил. Маш хэрэгтэй тулгуур хоёр баганын нэг нь л гэсэн үг. Эрүүл мэндийн салбартаа үнэнч ажиллахад аяндаа энэ мэргэжлийн үнэ цэн, ач холбогдол, яагаад энэ мэргэжилд дурласан бэ гэдэг ухагдахуун нь гараад ирнэ.
Сувилагчаар ажиллана гэдэг сэтгэл шаарддаг. "Болно оо" гээд мэргэжлээ сонгосон бол дор хаяж таван жил ажиллаад үзээрэй. Тэгэхээр энэ мэргэжлийн ач холбогдлыг ойлгоно. Цалин бага ажлын нөхцөл хэцүү, ачаалал их гэхээс илүү би энэ мэргэжлээр юу хийж чадах вэ гэдгийг өөрөөсөө асууж, түүндээ хүрэхийн төлөө ажиллаарай. Үр дүн нь гарна. Гарсны дараа ингээд бахархалтай яриад суух цаг ирнэ шүү, залуус аа.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх