Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Би түүнд сэтгэлээ илчилбэл яах бол?
Сайн байна уу? Намайг Ц гэдэг. Би өмнө нь танайд захидал бичиж байсан. Тэгээд үнэхээр хэрэгтэй зөвлөгөө авч чадсан. Би одоо 12 настай 7-р анги юм л даа. Тэгээд ангийнхаа нэгэн хөвгүүнд сайн. Тэр болохоор өмнө нь намайг анх шилжиж ирэхэд надад сайн байсан юм. Тэр үед нь манай найз түүнд сайн харин би өөрийгөө найзын хувиар л хардаг гэж бодоод харьцаагаа хөндийрүүлсэн юм. Гэтэл дараа жил буюу энэ жил би түүнд сайн болсон гэдгээ мэдэрч эхэлсэн. Бас анхнаасаа л би түүнд талтай байсан ч өөрийгөө хуураад байжээ гэдгээ ч мэдсэн.
Ингээд л хэцүү байдалд орчихсон доо. Гэтэл тэр хөвгүүн аль хэдийн намайг мартчихсан байдаг. Тэгээд нэг өдөр бид үнэнээ хэлж тоглосон юм. (тэр хөвгүүн бид хоёр) Тэгээд намайг хэнд сайныг асуухад нь өөрт нь сайн гэдгээ хэлсэн л дээ. Харин тэр нэг их ноцтой хүлээж аваагүй юм. Би дараа нэг өдөр бас асуухад нь хүнд сайн байхаа больсон гэд хэлсэн. Гэхдээ юу ч болоогүй. Тэр хөвгүүн одоогоос сар гарангийн өмнө нь манай нэг найзад сэтгэлээ илчилсэн л дээ. Тэгээд тэр хоёр ч үерхэж, харин би... Тэд салсан бас нийлсэн.
Одоо ч тэр манай найзад сайн байх. Би яах вэ?? Хэрэв түүнд сэтгэлээ илчилвэл яах бол? Анх түүнээс хөндийрөх шалтгаан болсон найз минь тэр хөвгүүнээс болоод шилжсэн л дээ гэхдээ бидэнтэй холбоотой байдаг. Одоо ч сайн байх. Харин би яах вэ!?
ЗӨВЛӨГӨӨ: Өсвөр насанд хайр дурлал, шохоорхол, хэн нэгэнд сайн болсон мэт мэдрэмж бий болдог ч...
Чи юу хүсэж байна, түүнийгээ л хийгээд үз. Чамд хоёр төрлийн л зам байгаа юм байна шүү дээ. Нэгт, ахиад түүнд сайн гэдгээ хэлээд өөрөөс нь, амнаас нь ямар бодолтой байгааг нь асууж дотроо байлгаад байгаа асуултдаа хариулт авах, энэ мэдээж эерэг эсвэл сөрөг байх тул бэлтгэлтэй байх хэрэгтэй. Эсвэл тэр чигтээ зүгээр л энгийн харилцаж, цаашид ангийн нэг хүүхэд гэдгээр харилцаж ч болох юм.
Чи алийг нь сонгох байлаа ч дараа нь харамсаж болохгүй, учир нь чи сонголтоо өөрөө хийсэн, хэн нэгнээр юу хийлгэхээ заалгах нь дараа нь тэр хүмүүст бурууг тохож, миний амьдралд оролцоод, буруу зүйл хийлгэсэн гэж бодоход хүргээд байдаг сул тал ч бий. Эцэст нь сануулахад өсвөр насанд хайр дурлал, шохоорхол, хэн нэгэнд сайн болсон мэт мэдрэмж бий болдог ч эдгээрийг хооронд нь ялгаж салгаж ойлгож, хэрэв хэн нэг хүнтэй хамт байхаар бол хамтдаа сайн байхын тулд л хамтдаа явах хэрэгтэйг мартуузай.
Өсвөр насныхан үерхэж байна гэдгийг өдөр тутам уулзах мэтээр л хязгаарладаг бол үнэн үерхэл тэднийг хамтдаа бие биедээ тусалж, дэмжин, улам сайн хүн болоход нь хамт ярилцаж, шийдвэрээ хамтдаа гаргаж байгаа цагт л бий болдог юм шүү.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач И.Тогтуун
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх