“TEEN Хуралдай” Байгальд ээлтэй залуусын чуулганыг Өвөрхангай аймагт зохион байгууллаа


YSC | YOLO.MN
2023-03-29

Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Өлзийт сумдын ЕБС-ын 9-12 дугаар ангийн сурагчид болон Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн оюутнуудыг хамруулсан “TEEN Хуралдай - Хархорин” арга хэмжээг өнгөрсөн ням гаригт Хархорин сумын Соёлын төвд зохион байгууллаа. Өнгөрсөн онд Монгол Экологи Төвөөс Улаанбаатар хотод зохион байгуулсан анхдугаар “TEEN Хуралдай” байгальд ээлтэй залуусын чуулганд нийслэл болон 21 аймгийн нийт 90 сурагч оролцож байсан билээ. Энэхүү арга хэмжээг Европын Холбооны санхүүжилтээр Монгол Экологи Төвөөс хэрэгжүүлдэг “Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус” (YSC) хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг байна.

Өнгөрсөн онд анхдугаар Хуралдайд Өвөрхангай аймгаас оролцсон сурагчид энэхүү арга хэмжээний үр шимийг орон нутгийнхаа сурагчдад хүргэж, сурсан мэдсэнээ хуваалцах, аймагтаа тулгарч буй байгаль орчны асуудлуудыг олон нийтэд таниулах, шийдэл эрэх зорилгоор “TEEN Хуралдай - Хархорин” жишиг арга хэмжээг санаачлан зохион байгуулсан нь энэ юм. Арга хэмжээг сурагчид Монгол Экологи Төв болон аймгийн ГХУСАЗСЗ-ийн "Хүрээлэн буй орчныг хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, БОАЖГ, Хархорин, Арвайхээр сумын засаг дарга, Хархорин сумын засаг даргын дэргэдэх "Хүүхдийн төлөө зөвлөл", Жем Хужирт ХХК, Хужирт УАЗ Клуб, Инвескор Хэтэвч ББСБ ХХК зэрэг байгууллагуудын дэмжэгтэйгээр зохион байгуулсан байна.

Өвөрхангай аймгийн сумдын дунд суруулиудын 160 гаруй сурагч энэхүү чуулганд оролцох өргөдөл илгээснээс 80 оролцогч шалгаруулж, 8 багт хуваан эртний овгуудын нэрээр нэрийджээ. Багууд Өвөрхангай аймагт тулгарч буй байгаль орчны томоохон асуудлыг хэлэлцэн шийдэл боловсруулж түүнийгээ тогтоолын төсөл хэлбэрээр бичин хуралдайн үеэр танилцуулжээ. Оролцогчдоос хамгийн олон санал аван дэмжигдсэн 1 тогтоолын төслийг хамтран баталсан байна. Ингэснээр сурагчид байгаль орчны асуудлуудыг таньж мэдэхээс гадна шийдэл дэвшүүлж, шийдвэр гаргах үйл явцад биеэр оролцож үзэх боломжтой болсон юм.

Энэхүү арга хэмжээгээр дамжуулан Өвөрхангай аймгийн сурагчдад Монголын түүх соёл, өв уламжлалыг сонирхолтой арга хэмжээ, багийн ажиллагаануудаар дамжуулан сурталчлах, бахархлыг төрүүлэхээс гадна байгаль орчноо хайрлан хамгаалах боловсролыг дэмжих, цаашлаад XIII зууны Хуралдайн зарчмыг ойлгуулах, шийдвэр гаргах үйл явцыг таниулах, байгаль орчны асуудалд залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилготойг зохион байгуулагчид онцоллоо.

Арвайхээр сумын Лаборатори Мэргэд сургуулийн 11дүгээр ангийн сурагч Энхжин: “Байгаль орчны асуудал дан ганц холбогдох дээд албан тушаалтнуудад хамаатай биш залуус бидний оролцоо ч чухал нөлөөтэй гэдгийг тогтоолын төслийнхөө судалгааг хийж байхдаа ойлгож авлаа. Монгол улсынхаа ирээдүй болсон залуус бид бүгдээрээ нэгдээд байгалиа хамтдаа хамгаалах хэрэгтэйг ойлголоо.”

Хужирт сумын Ерөнхий Боловсролын сургуулийн сурагч Анужин: “Өнөөдрийн үйл ажиллагаанд оролцсон нь миний хувьд олон талын туршлага болж байна. Бусад сумын хүүхдүүдтэй танилцан нэг баг болж ‘Хулгайн ан, Бэлчээрийн талхагдал, Уул уурхай ” гэсэн 3 том сэдвийн хүрээнд судалж, холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл цуглуулж, Хуралдайн үеэр бусад багийнхны тогтоолын төслийг сонссон болохоор аймгийнхаа байгаль орчны асуудлуудын талаар мэдлэг мэдээлэлтэй болж чадлаа.”

Бат-Өлзий сумын Ерөнхий Боловсролын сургуулийн сурагч Бүжинлхам: “Хуралдайд өргөдлөө явуулаад тэнцсэн гэсэн хариугаа хараад үнэхээр их баярласан. Олон хоног догдолсны эцэст “TEEN Хуралдай”-даа орж байгаадаа үнэхээр баяртай байна.”

Хархорин сумын Ерөнхий Боловсролын Гүнзгий сургуулийн 12А ангийн сурагч Бат-Эрдэнэ: “Хэрвээ Teen Хуралдай шиг арга хэмжээ олон газар, давтамжтайгаар зохиогдвол Байгаль орчны чиглэлээр залуус дуу хоолойгоо илүү ихээр хүргэх боломж нээгдэх юм шиг санагдлаа.”









#YSC