Миний санал болгох ном: "Амьтны ферм"


Х.Көгершин | YOLO.MN
2023-02-02

Шинэ сарын эхний өдрүүд өнгөрч байна. Уншигч та энэ хоёрдугаар сард унших номоо сонгож амжаагүй байна уу. Номын дэлгүүр, номын санд хэдэн мянганаараа байдаг номыг хавтаснаас нь хараад амт шимийг нь мэдэх аргагүй. Тэгвэл "Миний санал болгох ном" контентийн энэ удаагийн дугаараар утга зохиолын орчуулагч, редактор Б.Сувддулам урьж оролцууллаа. 

Нэр: Б.Сувддулам

Эрхэлж буй ажил: Утга зохиолын орчуулагч, редактор. “Шидэт бяцхан ертөнц” номын дэлгүүрийн үүсгэн байгуулагч

Сошиал хуудсууд: Suvdaa Edelweiss /фэйсбүүк/

-Хамгийн анх ямар ном уншиж байсан бэ?

-Нуруун дээрээ “Бэгзийн Явуухулан” гэсэн бичигтэй ногоон ном. Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан гуайн яруу найргийн түүвэр л дээ. Анх үсэг бичиг сурчхаад, юу таарснаа унших гэж хорхойсож явахдаа ээжийн номууд дундаас олж авсан нь тэр. Тэндээс аль урт шүлэг, найраглалуудыг нь түүгээд л уншдаг байлаа. “Тэхийн зогсоол”, “Сохор зоосны дууль”, “Би хаана төрөө вэ?” гээд л. Уншсаар байгаад үг үсэггүй цээжилчихсэн. Харин дараа нь сургуульд номын сан гэж газар байдгийг мэдээд, чухам эрдэнэсийн арал олсон юм шиг л баярлаж билээ. Номын сангаас анх уншсан ном маань “Маргад эрдэнэ хотын илбэчин”. Яг л ид шидтэй учирсан мэт үнэнхүү догдлон байж уншсанаа санадаг. Одоо ч эргээд санахад тэр мэдрэмж дотроос арилаагүй байдаг. Амьдралын минь эгэл бор, хүнд хатуу өдрүүдийг өнгө гэрэлтэй, эерүү зөөлөн болгосон болохоор энэ номд үнэхээр их хайртай. 

-Номын тэмдэглэл хөтөлдөг үү. Хэрэв тийм бол хэрхэн хөтөлдөг вэ?

-Нэг хэсэг их идэвхтэй хөтөлдөг байсан. Фэйсбүүк өргөн хэрэглээнд нэвтэрч, номын бүлгэмүүд анх гарч ирж байхад уншсан номынхоо тэмдэглэлийг бичиж оруулдаг байлаа. Одоо бол хөтлөхгүй байгаа. Номон дээрээ тодруулаад, тэмдэглээд л явчихдаг болсон. 

-Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу. Номыг цахимаар эсвэл цаасаар уншиж байна уу?

-Нэг номоо уншиж дуусаж байж дараагийнх руугаа ордог зуршилтай. Уншаад эхэлбэл унд хоолоо ч мартчихдаг төрлийн хүн. Ном уншаад нойргүй хоносон шөнүүдийг тоолж баршгүй. Одоо гэхдээ тэгж чадахаа больсон байна лээ. Бас нэг амьсгаагаар уншихаас илүүтэй аажуухан мэрж, бодож тунгааж уншихыг чухалчилдаг болсон. Ажлын шаардлагаар ч юм уу хэд хэдэн ном зэрэг унших тохиолдол цөөнгүй л дээ. Гэхдээ нэг л тухгүй байдаг. Болж өгвөл цаасан ном уншихыг эрмэлздэг. Гэхдээ яах аргагүй Монголоос олдохгүй байгаа номуудаа киндлээр уншина. Бас Granta, New Yorker, Asymptote зэрэг сэтгүүлийн дижитал хувилбарыг худалдаж аваад утсан дээрээсээ уншдаг. 

-Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

-Ганц ном нэрлэхэд хэцүү л дээ. Өнөөдрийн би бий болоход уншсан болгон маань их бага хэмжээгээр нөлөөлсөн нь дамжиггүй. Мэдээж номоос өөр хүчин зүйлс ч байгаа. Гэхдээ заавал нэг ном нэрлэ гэвэл Монтенийн “Сонгомол эсээнүүд”-ээ л хэлнэ. Энэ талаар би өмнө нь хэд хэдэн ярилцлагадаа ч дурдаж байсан. Гэхдээ өмнө нь ярьчихсан юм чинь гээд өөр ном нэрлэлтэй нь биш. Үнэхээр чухал нөлөө үзүүлсэн гэж хэлж болохуйц ном яах аргагүй мөн учраас ийм асуулт таарах болгонд л хэлдэг. Яагаад гэвэл миний амьдралын хамгийн хүнд үед энэ ном надад хань болж байлаа. Тэгэхэд би хориодхон настай байж. Амьдралаас хагацах тухай ч бодож явсан үе. Тухайн үед дааж давшгүй зовлонтой учирлаа л гэж бодсон хэрэг л дээ. Харин “Сонгомол эсээнүүд”-ийг уншаад тархин дундуураа татуулаад авах шиг л болсон. Уй гуниг, үхлийн тухай илүү гүн гүнзгий эргэцүүлсэн. Тэгээд амьдралаас хэзээ ч сайн дураар хагацахгүй гэж шийдсэн. Тэгэхээр яах аргагүй хамгийн гүн гүнзгий нөлөөлсөн ном мөн болж таарч байна. 

-Яг одоо ямар ном уншиж байна вэ?

-“Улбар” паблишнгаас эрхлэн гаргасан “Орчин үеийн Монголоос илгээв: Dispatches from Modern Mongolia” хэмээх хос хэлээрх ном уншиж байна. Энэ цаг үед бидэнтэй мөр зэрэгцэн аж төрж яваа арван монгол залуугийн эсээ, өгүүллэгээс бүрдсэн ном. Ажил мэргэжил, хүсэл сонирхол, үзэл бодол, амьдралын замналаараа ялгаатай энэ залуус орчин үеийн МОНГОЛ хүн болохын хувьд юу эргэцүүлж, юунд тэмүүлж, юуг даван туулж, юунд эмзэглэж, юуны төлөө амьдарч явааг энэ номоос уншаад өөрийнхөө дотоод руу өөрийн эрхгүй чимээлж байна. Орчин цагийн монгол хүмүүс, тэр дундаа залуус заавал уншаасай. Бас англи, монгол хэлээр бичсэн болохоор хэл сурч байгаа, орчуулга сонирхдог хүмүүст нэн тустай гарын авлага болох нь дамжиггүй.

-Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар ном байх вэ?

-Ёстой бодож үзээгүй асуулт байна. Ямар ном бэ гэхээс илүүтэй ямар ном баймаар байна вэ гэдэгт хариулмаар байна. Уншаад сэтгэл цэлмэдэг, өөрийн эрхгүй инээмсэглэдэг, уянга яруу, гэгээхэн, гэсэн атлаа бодрол эргэцүүлэл дагуулдаг тийм л ном баймаар байна. Дарма Батбаяр гуайн “Ийнгаа миний хээр тал” шиг ч юм уу.  

-Унших дуртай зохиолч?

-Цаг үе, нөхцөл байдлаа дагаад өөрчлөгддөг бололтой. Хүүхэд байхад олдсоноо л уншдаг байсан болохоор тэр үеийн тухайд дуртай дургүйгээ ч мэддэггүй л байж. Оюутан болоод Монголоос Г.Аюурзана, Л.Өлзийтөгс хоёрын номыг их уншдаг байв даа. Өлзий эгчийн шүлгээр л эдгэрлийг олдог байлаа шүү дээ. “Аюурын 10 хар” гэж ярьдаг номууд арай дөнгүүр уншигч болоход яах аргагүй замчилсан. Англи-орос хэлний ангийн оюутан байсан болохоор Жэйн Остин, Шарлотта Бронтэ, Чарльз Диккенс, Оскар Вайлд, Жорж Оруэлл, Лев Толстой, Антон Чехов, Фёдор Достоевский гээд англи, орос голдуу зохиолчдыг түлхүү уншдаг байлаа. Сэлинжерт бас дуртай байсан. “Хөх тарианы харуул”-аас нь л болсон хэрэг. Энэ мэт нэг зохиолоос нь болоод дурласан зохиолчид ч бий. Харин одоо энэ хүнээс л даацтай бүтээл гарчих болов уу, энэ хүн л сайн орчуулсан болов уу гэснээ сонгож уншдаг болж. Өөрөөр хэлбэл бүтээлийг нь сонгоод уншиж байгаа л бол тэр миний дуртай зохиолч болж таарах нь. Сүүлийн үед Монголоос Мулцангийн Уянсүх, Пүрэвжалын Майнбаярын номуудыг уншсан. Тэгэхээр одоогоор тэд миний дуртай монгол зохиолч гэсэн үг. Гадаадаас Португалийн зохиолч, Нобелын шагналт Хосэ Сарамаго, Чехийн зохиолч Милан Кундера, Английн зохиолч Элизабет Гаскеллын номуудыг уншсан юм байна  (Яг үнэндээ орчуулж байгаа юм л даа. Орчуулна гэдэг маань ахин дахин нухацтай уншихын нэр шүү дээ). Тэгэхээр тэд одоогоор миний дуртай гадаад зохиолч гэсэн үг. Бас ямар ч үед сөхөөд харах дуртай зохиолчид бий. Монголоос Дарамын Батбаяр, Далхаагийн Норов, Тангадын Мандир, Пүрэвжавын Баярсайхан, гадаадаас Херман Хессе, Орхан Памук, Рюноскэ Акутагава гэх мэт.

-Хамгийн хайртай зохиолын баатар?

Фёдор Достоевскийн “Дорд үзэгдэгсэд” романы Нэлли охинд хайртай. Анх уншаад асгартал уйлж, өрөвдөж хайрлаж байсан сэтгэл одоо ч хэвээрээ. Бас Пүрэвжавын Баярсайханы “Гэрэл гэгээг хүснэ” туужийн Мөрөн, Рэй Брэдбэригийн “Фаренхайтын 451 хэм” романы Фабер, Тангадын Мандирын “Саран зэв” зохиолын Бардай сэцэн санаанд орж байна. Сэцэн ухаантай, сайхан сэтгэлтэй, зам мөр цагаан хүмүүст л их хайртай даа. 

-Манай уншигчдад ямар ном санал болгох вэ?

-Английн зохиолч Жорж Оруэллын “Амьтны ферм”  зохиолыг хүн бүхэн уншаасай гэж хүсдэг. Улс төрийн элэглэл гэгддэг эл зохиолын үйл явдал одоогийн бидний амьдралд улам бүр биеллээ олсоор буйг мэдрэх гашуун байдаг. Уг зохиолд нэгэн фермийн амьтад өөрсдийг нь дарлан мөлждөг эзнийхээ эсрэг бослого гаргах агаад эрх чөлөөгөө олж авсан тэд тэмцэлд оройлон зүтгэсэн гахайг удирдагчаа болгосноор ахиад л зовлонгийн балчигт унаж буй талаар ёгтлон өгүүлнэ. Уг нь тэд бүх зүйлийг ардчилсан зарчмаар санал хурааж шийдэх боловч олонхыг бүрдүүлдэг хонин сүрэг нь өөрсдийн гэсэн үзэл бодолгүй, юмсын наадах цаадхыг ухаж эргэцүүлэх хүсэлгүй бас чадваргүй, өнөөдөр л амьд ангайж мэнд мэлтийж байвал ирээдүй хойч юуны хамаа гэсэн үзэлтэй учраас удирдагч гахайнууддаа дарангуйлах эрхийг нь улам бүр баталгаажуулж өгсөөр л байдаг... Яг л манай нийгмийн дүр зураг харагдаж байгаа биз? Энэ зохиолыг уншсан хүн ядаж л увайгүй гахайнуудад дарлуулаад суухыг өөрийн дураар сонгохгүй байх. 

-Ярилцсанд баярлалаа

#Номтой нөхөрлөе