Арван найман настай Англи хэлний багш байх нь: Б.Ган-Эрдэний суралцсан түүх


Дэлгэрцэцэг | YOLO.MN
2023-01-29

Аливааг бие даан сурахад жинхэнэ мэдлэг үлддэг. Өөрийн гэсэн хобби, сурах хүсэл тэмүүлэлтэй байх сайхан. Ингээд “Бидний сурсан түүх” цуврал нийтлэлийн энэ удаагийн дугаарт залуухан багшийн түүхийг онцолж байна. 

Бидний суралцсан түүх буланг ЭНД дарж уншаарай. 

Б.Ган-Эрдэнэ: Бага наснаас өдийг хүртэл байнга л англи хэлтэй хамт өссөн 

ganerdeneisu@gmail.com 

Намайг Ган-Эрдэнэ гэдэг. Би 18 настай. МУИС-ийн ОУ харилцаа, нийтийн удирдлагын нэгдүгээр курсийн оюутан.

Миний Англи хэл сурсан шалтгаан миний ээж. Ээж маань Англи, Япон хэлний орчуулагч хүн л дээ, эдийн засагч мэргэжилтэй. Намайг бага байхад ээж надтай Англи хэлээр харилцах, ярилцах гэж хичээж, бага багаар зааж өгдөг байсан. Мөн англи хэл дээр хүүхэлдэйн кино их үздэг байлаа. Тэгж л англи хэл сурах суурь минь тавигдсан байх. 

Нэгдүгээр ангид ороод ээжийнхээ багшилдаг ярианы клубт элсэж орсон. Клубт элссэнээр миний Англиар ярих чадвар нэлээн дээшилсэн л дээ.

Ингээд бодохоор би англи хэлийг ярихаас эхэлж сурсан байна. Багадаа мэтгэлцээний клубт явдаг, хамгийн идэвхтэй гишүүдийн нэг байсан. Ер нь л ярих, мэтгэлцэх дуртай. 

Ярих чадвар түрүүлж хөгжсөн болохоор бичихэд ч тийм их асуудал гардаггүй байсан. Англи хэлийг өдөр шөнөгүй давтаж байсан үе байхгүй юм байна. Бага наснаас өдийг хүртэл байнга л англи хэлтэй хамт өссөн.

IELTS-ийн шалгалт өгсөн шалтгаан бол өөрийнхөө ямар түвшинд, хаана явааг шалгахыг хүссэн. Ихэвчлэн ганцаарчлан бэлддэг байлаа. Унших болон бичихэд хамгийн их анхаарсан. Уншихдаа уран зохиолын номыг түлхүү ашигладаг бас бичихдээ Энхзаяа багшаас тогтмол зөвлөгөө авна. IELTS шалгалтад бэлдэхэд их цаг хугацаа шаарддаг болохоор зорилгоо мартах үе байдаг. Ийм үед чиглүүлж өгөх хүнтэй байвал тохиромжтой санагдсан. Ингээд 2021 онд шалгалтаа өгч 8 оноо авсан. Түүнээс хойш багшлах буюу TESOL зэргээ авахаар суралцаж байна. 

IELTS-аас гадна SAT шалгалт саяхан өгсөн. Ингэснээр 1400 оноо авч гадаадын их сургуульд тэнцэх боломжтой болсон л доо. Одоогоор сургуулиуд руугаа хүсэлтээ явуулж байна. 

Би Завхан аймагт төрж өссөн. Завхан аймаг үзэсгэлэнтэй байгальтай болохоор жуулчид их ирдэг. Тэнд дунд ангийн сурагч байхдаа tour guide буюу хөтчөөр ажилладаг байсан. Завхан аймгийн үзэсгэлэнтэй байгалийг танилцуулахаас гадна Монгол өв ёс заншлын талаар мэдээлэл өгдөг байв. 

Бас Завхан аймагт Христийн шашин дэлгэрч эхлэх үед сүмийн пасторыг нутгийн иргэдтэй ойлголцоход хэлний мэдлэгээ ашиглаж тусалдаг байсан. 

Хаан-Эрдэм ахлах сургуулийн харъя дунд сургуульд мөн Санхүү менежментийн академид 2021 оноос англи хэлний багшаар ажиллаж эхэлсэн. Өмнө нь Этүгэн ЕБС, Монгол цогц сургалт хөгжлийн академи, Амжилт кибер сургууль, Focus education center гэх зэрэг газруудад ажиллаж байсан. 

Багш байна гэдэг асар том хариуцлага шүү дээ. Бас багшилах нь бусдыг гэх сэтгэлийг бий болгодог юм шиг санагдсан. Анхны хичээл минь 40 минут үргэлжилж маш их сандарсанаа санаж байна. Алдаа гаргах вий гэж бүх үйлдлээ цэгнэх тусам сандардаг ч хичээл орох тутам тэр мэдрэмжүүд арилдаг юм билээ. Tour guide-р ажиллаж байхдаа ихэвчлэн насанд хүрсэн хүмүүстэй харилцдаг байсан болохоор харьцангуй сандардаггүй байсан. Хүүхдүүдтэй ажиллах нь илүү нарийн мэдрэмж, тэдний юу хүсэж байгааг сонсож мэдэхийг шаарддаг. 

Сурагчид маань насны хувьд надаас бага зэрэг л зөрүүтэй. Тиймээс ч би сурагчдаасаа насаа нууцлахыг хичээдэг. Мэдчихвэл хичээл үр дүнгүй болох магадлалтай шүү дээ.

Гэхдээ сурагчдтайгаа харилцахад ямар ч асуудал гардаггүй. Би өөрөө Z үеийн төлөөлөл болохоор зарим талаараа сурагчидтайгаа адилхан сонирхолтой. Тиймээс үүгээрээ сурагчидтайгаа илүү орй дотно байдаг байх. 

Чөлөөт цагаараа ихэвчлэн ганцаараа байх дуртай. Ганцаараа кино үзэж, дуу хийдэг, комеди клубт очиж комеди үзэх дуртай, өөрөө ч ярихыг хүсдэг. 

Миний ажлын онцлог бол миний гүйцэтгэлээс хүүхдүүдийн ирээдүй хамаарч байгаа болохоор илүү хариуцлагатай байхыг хичээж байгаа. Хэдийгээр би багшийн мэргэжлээр биш өөр мэргэжлээр сурч байгаа ч одоогийн ажлын туршлагаа ирээдүйд өөр салбарт ашиглана гэж боддог. Олон хүүхдүүдтэй ажиллаж, олон төрлийн амьдралтай танилцдаг ажил шүү дээ. 

Олон улсын шалгалт өгөхөөр зорьж байгаа хүүхдүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ? 

Өгөхөөр зорьж буй шалгалт чинь гадаад хэл дээр бол чамд мэдээж хэлний бэрхшээл тулгарна. Тэр болгонд бууж өгөхгүй зорилгоо санах хэрэгтэй шүү. Учир нь бид нарт хоёр дахь албан ёсны хэл гэж байхгүй. Олон улсын шалгалт өгснөөр гарах боломжуудыг судалж үзээрэй. 

#Ярилцлага