Косплей хэрхэн бүтдэг вэ: Амьдрал дээрх анимийн дүрүүд


Дэлгэрцэцэг | YOLO.MN
2022-09-05

Япон соёлд шимтэн, Анимэ үзэх, косплей бүтээх сонирхолтой хүүхэд залуустаа зориулан “Бидний суралцсан түүх” цувралын энэ удаагийн дугаарт өөрийн өвөрмөц ертөнцийг бүтээж яваа cosplayer-үүдийг онцолж байна. Тэдний сонирхолтой яриаг хүлээн авна уу. 

Н.Анужин Өнөөдрийг хүртэл нийт 150 гаруй дүрийн косплей хийсэн байна @hammokku

"Косплейд тухайн үеийн дурсамж шингэчихдэг болохоор хувцсаа, хиймэл үсээ хадгалах дуртай"

Би АШИУС-ийн Нүүр ам судлалын их сургуулийн гуравдугаар курсийн оюутан. Одоо 20 настай.

2019 оны гуравдугаар сард Япон соёлын өдөрлөгт очсон юм л даа. Өдөрлөгт ирсэн олон хүмүүс надаас “Косплей хийж байгаа юм уу?” гэж асуусан. Үүнээс би санаа авч гурав дөрвөн жил бүтээхийг хүссэн дүрээ амилуулсан юм. Тэр зун ажил хийж олсон цалингаараа Gintama  анимийн Kagura дүрээр косплей хийсэн. Би дизайн технологийн хичээлдээ сайн, хувцас хийхийг оролддог байсан нь сайн хэрэг. Ээж минь ч юм оёдог болохоор тусалсан. Одоо бодоход амархан дүр ч гэсэн хоёр долоо хоног зарцуулж хувцсаа хийсэн юм байна.  Анхны бөгөөд сүүлийн удаа хийе гэж бодож байсан ч хүмүүс хамт зургаа даруулж, гоё үг хэлээд, урам зориг өгсөн болохоор одоо хүртэл косплей хийдэг. 

Надад таалагдсан дүр, надад тохирох дүр гэсэн хоёр шалгуураар бодож үзээд дүрээ сонгодог. Дүрээ сонгочхоод “Энэ дүрийг гаргахад юу юу хэрэгтэй вэ”, “Надад юу юу нь байгаа билээ”, “Хаанаас юу авах билээ” гэдгийг сайтар бодоод материалаа цуглуулдаг. Бүх хэрэгтэй зүйлээ цуглуулчихаад гэртээ суугаад л хийж эхэлнэ дээ. 

Косплей -г толгойноос хөлийн ул хүртэл өөрөө бүтээдэг болохоор эрэл хайгуул хийх нь чухал. “Үүнийг яаж хийх вэ” гэсэн бодол их төрнө. Бусад хүмүүс тэр дүрийг хэрхэн бүтээснийг бас судалдаг.

Өдөржингөө бодож байгаад шөнө сууж хийх тохиолдол ч бий. Би хувьдаа тэмцээнд орох үеэр хувцсаа өөрөө хийгээд бусад үед захиалдаг. Хиймэл үс захиалсан ч гэсэн өөрөө янзална. Хятад тик ток, бичлэг үзээд дагаж хийх зэргээр олон аргаар оролдож үздэг. Бас судалгааны ажил их чухал. Косплей хийчихээд тухайн үеийн дурсамж шингэчихсэн байдаг болохоор хувцсаа, хиймэл үсээ хадгалах дуртай. Дараа нь тэр хувцас эсвэл материал нь хэрэг болох тохиолдолд л гаргадаг. Хувцаснуудаа дахин ашиглаж, өөрчилдөг л дөө.

Нэг дүрийг бүтээхэд хамгийн багадаа 150 мянган төгрөгийн зарлага гарч байсан. Өртөг нь нэг сая төгрөг гарах тохиолдол ч бий. Гэхдээ би косплей хийгээд гурван жил болсон байна. Энэ хугацаанд олон зүйл цуглуулчихсан болохоор одоо зарлага арай бага гардаг. 

Ингээд бодоход өнөөдрийг хүртэл нийт 150 гаруй дүрийн косплей хийсэн байна. Би саяхан Matsumoto Rangiku-гийн дүрийг бүтээсэн юм л даа. Толинд харчихаад анх удаа “Би яг байна, яг адилхан харагдаж байна” гэж бодоод үнэхээр их баярласан. Энэ дүрийг бүтээхдээ би маш жаргалтай байсан. Хийсэн косплей бүрээ тухайн үедээ үнэхээр их хайрладаг. 

Косплей хийхээр сонирхож буй хүүхэд залуустаа юу гэж зөвлөх вэ? 

Хувцас хэрэглэлээ худалдаж авахаас илүү өөрөө хийж үзээд амтанд нь орвол илүү гоё байдаг юм шүүСудалгаа сайн хийж хэн ч юу ч гэж хэлсэн сэтгэлийн хаттай байгаарай. Гэр бүлийнхэн эхэндээ дургүйцэх хандлагатай байдаг. Тэр үед өөрийнхөө дуртай зүйлийг хийж байна гэдгээ хэлж ойлгуулахаа битгий мартаарай. 

Ө.Нямгэрэл: Косплей хийгээгүй ч өдөр тутамдаа өмсөх хувцсаа өөрөө хийдэг болсон @azulafromvoid

"Косплей хийж эхэлснээс хойш хобби хүний олон талаараа хөгжих боломжийг бий болгодог юм байна гэдгийг мэдэж авлаа"

Одоо 18 настай. Косплей хийгээд жил хагас болж байна.

Би анимэ үзэх, видео тоглоом тоглох дуртай. Анимэ үзэж эхлээд найман жил болж байна. Өдөр тутмын амьдралыг харуулсан биш тулаантай сэтгэл догдлуулсан анимэ үзэх дуртай.

Анимэ, видео тоглоомын дүрд өөрөө хувирахыг хүссэн. Сүүлийн үед манай улсад нэлээн хөгжиж байна. Ингээд зориг гарган косплей хийж эхэлсэн. Косплей хийж эхэлснээс хойш хобби хүний олон талаараа хөгжих боломжийг бий болгодог юм байна гэдгийг мэдэж авлаа. Үс засах, нүүр будах, оёх чадварыг суралцдаг. 

Анхны косплей -ийнхээ хувцсыг ээжтэйгээ хамт оёж байсан. Бас би өмнө нь юм оёдог байсан болохоор харьцангуй хялбар байсан л даа. Материалаа ихэвчлэн Нарантуул, Хархорин захаас авдаг. Их өргөн сонголттой, олон төрлийн материал байдаг. Анх хиймэл үс аваад чолк тавьж үзсэн. Жаахан далий тайрчихсан. Хиймэл үс янзлахдаа жаахан маруухан л даа. /инээв/

Косплей хийж эхэлснээс хойш би аливааг хийхдээ няхуур, алдаа дутагдал багатай хийдэг болсон гэж боддог. Цаг төлөвлөлт ч нэлээн сайжирсан. Косплей хийгээгүй ч өдөр тутамдаа өмсөх хувцсаа өөрөө хийдэг болсон. 

Дүрээ сонгочихоод хамгийн түрүүнд материалаа гарч аваад шууд л оёж эхэлдэг. Би нэг зүйл эхэлсэн бол хурдан дуусгахыг хичээдэг хүн л дээ. Нойр хоолоо хасаад л улайрчихна шүү дээ. 

Косплей хийхээр сонирхож буй хүүхэд залуустаа юу гэж зөвлөх вэ?

Дүрийн хувцас худалдаж авахаас илүү өөрөө хийгээд сурчихвал дараа нь амар. Анхнаасаа сайн байна гэж байхгүй шүү дээ. Аяндаа сайжрах болохоор өөртөө битгий гутраарай. “Муу байсан ч зүгээрээ” гэж хэлмээр байна. 

Б. Жавхлан: Жижиг зүйлсийг ч гээлгүйгээр нямбай ажиллахыг хичээдэг @burakku__majishan

 "Муу косплей хийхэд шүүмжлэх, шоолох хандлага бий. Гэхдээ тэднийг битгий тоогоорой"

Сайн уу. Би Ач анагаах ухааны их сургуульд хүний их эмчээр суралцдаг. Одоогоор 15 гаруй дүрийн косплей хийсэн байна. 

Би 2017 оноос “Анимэ”-г сонирхож эхэлсэн л дээ. Хүүхэлдэйн кино, энгийн киноноос зураглал, зохиол гээд бүх зүйл нь өөр, онцгой санагдсан юм.  Өсвөр насныхны тухай гардагт нь дуртай. Олон анимэ үзээд олон дуртай дүртэй болсон. Анимэ үзээд дүрүүдийг нь биширч “Ийм хүнтэй амьдралд дээр уулзаж үзэх юм сан” гэсэн бодол төрдөг. Ингээд л косплей -г судалж манай улсад 2012, 2013 оноос хойш залууяуудын дунд эрчимтэй хөгжиж ирсэн гэдгийг мэдсэн дээ. Дараа нь Япон Поп соёлын өдөрлөгт анх удаа косплей хийе гэж сэтгэл шулуудсан юм.

2019 оны тавдугаар сард Наруто анимийн Мадара дүрээр косплей хийж эхэлж байсан. Анх эхэлж байхдаа юуг, яаж хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байсан болохоор косплей хийдэг хүмүүстэй холбогдоод зөвлөгөө авч байлаа. Бас өөрөө Youtube-ээс бичлэг үзээд нэлээн судалсан.  Тэгээд анхны дүрийнхээ бүх зүйлийг өөрөө хийж байв. Мадара хуягтай болохоор надад тухайн үед нэлээн хүнд санагдаж байсан шүү. Тэр үед  шантраад “Больдог ч юм уу” гэж бодогдох үе байсан. Гэхдээ нэгэнт эхэлчихсэн, аав ээж маань ч дэмжлэг их үзүүлсэн болохоор дуусгаж чадсан. 

Дүрээ их бодож сонгодог л доо. Би жаахан хөвсгөр болохоор туранхай дүр бүтээвэл хүмүүст эв хавгүй харагдана. Тийм болохоор надтай ойролцоо царайтай, баг зүүсэн дүр бүтээхийг илүүд үздэг. Дүрээ сонгочхоод би тухайн дүрээ юун түрүүнд зурж үздэг. Дараа нь төлөвлөгөө гаргадаг. Эхлээд тухайн дүрийг бүтээхэд хэрэгтэй материалынхаа жагсаалтыг гаргана. Цагаан даавуу 3 метр, улаан будаг гэх мэтээр. Үүний дараа хийх алхмуудаа тодорхойлдог. Эхлээд эсгүүрээ гаргана, оёно, тэгээд будна. Жижиг зүйлсийг ч гээлгүйгээр нямбай ажиллахыг хичээдэг.

Косплей бүтээхэд судалгаа хийх маш чухал. Надаас өмнө миний бүтээх гэж байгаа дүрийг өөр хүн бүтээсэн байдаг болохоор Youtube-ээс бичлэг үзээд хувцсаа хийх дарааллыг нь ойлгочихвол илүү амар санагддаг. Өөрийн үздэг сувгуудыг доор багтаалаа. 

Косплей -г хүүхэд залуус тухайн хүний дур, сонирхол гэсэн талаас нь ойлгож хүлээж авдаг. Харин зарим эцэг эхчүүд цагийн гарз гэж харах хандлагатай байдаг юм шиг санагдсан. Бас бага зэрэг муу косплей хийхэд шүүмжлэх, шоолох хандлага бий. Гэхдээ би тэднийг тоодоггүй. Зарим хүмүүст хэцүү санагддаг байж болох юм. Гэхдээ л зоригтой байгаарай гэж хэлмээр байна.

Косплей хийхээр сонирхож буй хүүхэд залуустаа юу гэж зөвлөх вэ? 

Олон эх сурвалжаас олон төрлийн мэдээлэл авч дүрээ сайн судлаарай. Цагийг нь тулгаж биш тайван аажуу, нямбай хийгээрэй.

А.Зулсар: Битгий зогсоорой, сөрөг сэтгэгдэл авсан ч гэсэн үргэлжлүүлэн хийсээр л байгаарай @zula_atax

“Монголын хамгийн анхны Mitsuri Kanroji-гийн косплей” гэж танилцуулсан нь надад гүн сэтгэгдэл үлдээсэн"

Би косплей хийгээд 4 жил болж байна.

Косплей хийж эхлэхээсээ өмнө би олон эвэнтэд очиж үзсэн. Тэгээд “Би яагаад косплей хийж болохгүй гэж” гэж бодоод эхэлсэн юм. 

Тэр үед “Kimetsu no Yaiba” анимэ гарч байлаа. Хайрын хашира надад их хөөрхөн санагдаад Mitsuri Kanroji-ийн дүрийг бүтээхээр шийдсэн. Хувцсаа, материалуудаа цуглуулаад, хиймэл үсээ захиалж байлаа. Туршлагагүй байсан болохоор үнэтэй материал авчихсан байна лээ. Их нарийн ажиллагаатай дүр биш ч гурван зуун мянган төгрөгийн зарлага гарч байсан. Зарим логог нь өөрөө зурсан гээч. Гадуураа өмсдөг Хаори өмсгөлийг нь хийх гэж хөглөөд, онлайн дэлгүүрээс оймс захиалсан ч дээрээ зураасгүй ирчихсэн. Захиалсан оймсоо зураастай болгох гэж оролдоод бүр баллаад хаячихлаа. Тэгээд Atax багийнхаа нэг гишүүнээс хөл бөмбөгийнх нь оймсыг авч өмссөн. Олон олон хөгжилтэй зүйл болж эвент дээрээ очлоо. Тэр үед хөтлөгч нь намайг “Монголын хамгийн анхны Mitsuri Kanroji-гийн косплей” гэж танилцуулсан нь надад гүн сэтгэгдэл үлдээсэн. Хүмүүс ч хамт зургаа даруулаад л...Тэр үеэс хойш эргэлт буцалтгүй косплей ертөнцөд орсон доо. 

Кицүнэгийн гурван жилийн эвэнт дээр Hancock найзтайгаа танилцаж байсан. Hancock найзаасаа косплей-ийн тухай маш олон зүйл суралцсан. 

Би өмнө нь маш бүрэг ичимхий хүүхэд байжээ. Тэгээд косплей хийж эхлээд тайзан дээр гарч өөрийгөө танилцуулан, үзүүлбэр үзүүлээд, хүмүүстээ зургаа даруулахад уриалгахнаар ханддаг болсон. Миний бусадтай харилцах харилцаа ч сайжирсан. Хоёрдугаарт миний нүүр будах чадвар сайжирсан гэж бодож байна. Манай найз “Хэчнээн гоё хувцас өмсөөд, хэчнээн гоё үс зүүсэн ч нүүр будалт чинь муу бол дүр чинь эвгүй харагдана” гэж хэлж байсан. Тийм болохоор хөл хорионд байх үеэ ашиглаад Хятад тик ток, youtube-ээс бичлэг үзээд нүүр будах чадвараа сайжруулсан юм. Гуравт зургаа сайн дарж сурсан. Гэрэл хаанаас тусгах вэ, background ямар байлгавал гоё харагдах бол, зургаа хэрхэн өөрөө янзлаж болох зэргийг судалж мэдсэн байна.

Би багаасаа ах эгч нартайгаа хамт анимэ үздэг байсан. Багадаа үзэж байсан анимэ дээрх надад таалагдсан дүрээ жагсааж бичээд ээлж ээлжээр нь дүрээ бүтээдэг.

Косплей хийхээр сонирхож буй хүүхэд залуустаа юу гэж зөвлөх вэ?

Битгий шантраарай л гэж хэлмээр байна. Анх би маш онцгүй сэтгэгдлүүд аваад косплей хийхээ больё гэж бодож байсан. Тэр үед ээж минь “Дэлхийн ямар ч том алдартанд тэднийг үзэн яддаг хүмүүс бий. Сөрөг сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс юу ч биш. Зүгээр л битгий тоо” гэж хэлж байсан. Тийм болохоор битгий зогсоорой, сөрөг сэтгэгдэл авсан ч гэсэн үргэлжлүүлэн хийсээр л байгаарай гэж хэлмээр байна.

Тэдний сэтгэл хөдөлгөм түүхүүдтэй танилцсанд баярлалаа. Чамд ч бас өөрийгөө нээх, хүссэнээрээ хувцаслаад, үзсэн анимийнхаа дүрд орж, хобби нэгтэй залуустайгаа хамт хөгжилдөх боломж бий шүү.

Нээрээ хэрэв чи анимэ үзэх сонирхолтой бол эсвэл тэдний нэгэн адил cosplayer болохоор дүрээ хайж буй бол VOO-гээс Animax Asia сувгаа үзээрэй. Учир нь Animax Asia суваг албан ёсны эрхтэйгээр Монголд анх удаа VOO-д нэмэгдээд байгаа юм.  

Animax сувгийн талаар бяцхан мэдээлэл хүргэхэд: 

Naruto, Fruits Basket, Fairy Tail, Cells at Work, My Hero Academia, One Punch Man and The Seven Deadly Sins гэх мэт алдартай анимейшнуудыг албан ёсны эрхтэйгээр гаргадаг дэлхийн хамгийн том анимейшн суваг юм. Бас 24/7 анимэ л гардаг гэхээр гоё байгаа биз? 

Animax Asia-г VOO APP ашиглан гар утас, компьютер, iPad, таблет, VOO TV app, эсвэл VOO BOX ашиглан үзэж болно шүү!

#Анимэ #Косплей