1885 онд АНУ-ын Калифорни мужид байгуулагдсан, дэлхийд зэрэглэлээрээ сүүлийн жилүүдэд эхний 5-д багтаад буй топ их сургуудиудын нэг Стэнфордод тэтгэлэгтэйгээр тэнцсэн, Ерөнхий боловсролын “Шилдэг” сургуулийн 12а ангийн сурагч Б.Нинжинтэй ярилцлаа.
Энэ өдрийн мэндийг хүргэе! мөн томоос том баяр хүргэе! Дэлхийн топ их сургуульд тэтгэлэгтэй суралцах болсон байна шүү дээ, ямар гоё мэдээ вэ? Тэтгэлэгтэйгээр тэнцсэн сургуулийнхаа талаар хуваалцаач?
- Баярлалаа. Стэнфордын их сургууль 1885 онд АНУ-ын Калифорни мужид үүсгэн байгуулагдсан. Энэ сургууль маш олон үзүүлэлтээр дэлхийн хамгийн шилдэг 5 сургуулийн тоонд байнга багтаж эрэмбэлэгддэг. Нийт өргөдөл илгээгчийн 4% нь Стэнфордод тэнцдэг бөгөөд жил бүр ойролцоогоор 1800 оюутан шинээр элсэн ордог. Санхүү, нөөц бололцоогоо төрөл бүрийн судалгаа боловсруулж, хэрэгжүүлэхэд зориулдаг учраас маш олон төрлийн судалгаа, шинжилгээ тогтмол хийдэг. Зөвхөн өнгөрсөн жил л гэхэд 1.69 тэрбум ам.долларыг судалгаанд зориулсан гэсэн тооцоо бий.
Стэнфорд нэгэнтээ Цахиурын хөндий буюу Силикон валлейтэй ойролцоо байрладаг учраас оюутнуудын хувьд технологийн хөгжилд хувь нэмэр оруулах маш их боломж гардаг төдийгүй старт-ап бизнесийн санхүүгийн эх үүсвэр ч их байдаг гэдгийг харсан.
Сургуулийн хотхон маш том газар нутагтай учраас бүх оюутан өөрийн гэсэн дугуйтай байдаг. Дугуйгүйгээр хаашаа ч явах аргагүй. Миний хувьд сургуулийн хотхонд ургадаг дэлхийн бүх төрлийн жимсний модыг харахыг маш ихээр хүсч байгаа. Тэнд алим, чангааз, гадил, анар, чавга, жүрж, тоор, гүзээлзгэнэ гээд бүх төрлийн жимс ургадаг гэсэн! Тэр дунд нэг сонирхолтой мод байдаг нь Исаак Ньютоны толгой дээр унасан, дэлхийн татах хүчний талаарх ойлголтыг төрүүлсэн алимны модны үрнээс авч ургуулсан мод юм. Мэдээж уг модыг хамгаалж, хадгалах үүднээс чухам яг аль нь болохыг нууцалдаг байна.
Тэнцсэн гэсэн мэдээг хэзээ авсан бэ? Тэр үед төрсөн мэдрэмж, сэтгэгдлээсээ хуваалцаач?
- Энэ жил Стэнфорд элсэлтийн мэдээллээ (Калифорнигийн цагаар) дөрөвдүгээр сарын 1-ний 16.00 цагт цацсан нь манай Монголын дөрөвдүгээр сарын 2-ны өглөөний 7 цаг байсан. Энэ жил 12 дугаар ангиа төгсч байгаа ахлах ангийн сурагчид энэ өдрийг сайн санаж байгаа байх. Яагаад гэвэл энэ өдөр монгол хэл бичгийн шалгалт авах өдөр байсан. Тиймээс би шалгалтаа өгөх гээд тэр өдөр эртлэн боссон. Стэнфордод элсэх гэдэг үнэхээр амаргүй даваа учраас би тэр өдөр ямар ч горьдлогогүйгээр цахим шуудангаа шалгасан юм. Гэтэл гайхалтай нь надад тэнцсэн гээд баяр хүргэсэн захиа ирсэн байсан юм.
Би бүр гайхаж, өөртөө итгэхгүй хэдэн хором өнгөрөөгөөд, үнэхээр тэнцсэн гэж үү дээ? гээд бүрэн ойлгохын тулд дахиад захиагаа түгшсээр уншсан л даа. Тэгээд би аав, ээж хоёрынхоо өрөө рүү энэ сайхан мэдээгээ хуваалцах гээд хашхираад гүйж очсон. Тэр өдөр би хэл бичгийнхээ шалгалтыг өгөхдөө баяр хөөр, эрч хүчээр цалгиж байсан учраас гүйцэтгэл ч маш сайн байсан.
Нийт хэдэн сургуульд материалаа илгээсэн бэ? Анхнаасаа л Стэнфордын их сургуульд орно гэсэн зорилго, мөрөөдөлтэй байсан уу?
- Америкийн их дээд сургуульд элсэх өргөдлийг нэг оюутан жилд 20 сургуульд явуулах хязгаар тавьдаг. Тиймээс би сайн сургуульд элсэх боломжоо нэмэгдүүлэхийн тулд 20 сургуульд өргөдлөө явуулсан. Мэдээж маш их боломж, нөөц, академик давуу тал байдаг болохоор Стэндфорд бол миний элсэхийг хамгийн ихээр хүсч байсан сургуулиудын нэг. Стэнфордод өргөдлөө явуулахаар бэлтгэж байхдаа би өөрийгөө энэ сургуульд орчихвол үнэхээр гайхалтай сайхан байна даа гэж бодож байсан ч арай л хүрч чадахгүй мөрөөдөл мэт санагдаж байсан юм. Мөн Америкийн ийм сайн топ сургуулиудад тэнцэх үнэхээр хэцүү учраас тэнцээгүй гэдэг хариуг авахад би өөрийгөө сайтар бэлтгэчихсэн байсан л даа /инээв/. Харин одоо бол би буруу бодож байж гэдгээ ойлгож, тэнцэж чадсан байна шүү дээ гээд маш их баяртай байна. Би өдөр бүр Стэнфордын талаар судлан сонирхож байгаа. Тэгэх бүрдээ намайг маш их боломж, ирээдүй бодитойгоор хүлээж байгааг мэдээд үнэхээр баярлан догдолсоор байна.
Мөрөөдлөө зорилгоо болгож, түүндээ хүрч чаджээ. Энэ амжилтанд хүрэхэд нь сургууль нь хэрхэн нөлөөлсөн бэ?
- Манай Шилдэг сургууль төгсөгчдөө АНУ-ын их дээд сургуульд элсэн суралцах мөрөөдөл, зорилгодоо хүрэхэд нь анхаарч тусалдаг. Тиймээс багш нар маань бүгдээрээ надад маш их дэмжлэг өгсөн учраас би үнэхээр баяртай байна. Манай сургуульд Америкийн их дээд сургуулийн элсэлтийн шалгалтууд болох AP, SAT шалгалтанд бэлтгэх хичээлүүд заадаг. Сайн багш шавь нараа хамаг эрч хүчээ дайчлан суралцахад нь тусалдаг. Багш нар маань ч яг тэгж ажилласан. Ялангуяа манай сургуулийн их дээд сургуулийн элсэлтийн зөвлөх Сонни Хуан багш намайг эссэ бичих, ямар сургуулиуд руу өргөдлөө явуулах, өргөдөлдөө өөрийгөө хамгийн дээд сайнаараа хэрхэн илэрхийлэх зэрэгт туслан дэмжсэн буюу ерөнхийдөө их сургуульд элсэх өргөдлөө бэлтгэх бүх үе шатанд гайхалтай удирдан чиглүүлсэн гэж хэлж болно. Намайг түүнтэй анх уулзахад “Чамд маш их боломж байна” гэж хэлсэн. Тэр сайхан урмын үг намайг өөрийгөө байдаг чадлаараа хүчлэн урагшлахад маш их түлхэц болсон гэж боддог.
Ямар хугацаанд, хэрхэн бэлдсэн бэ? Арга барилаасаа хуваалцаач?
- Би багаасаа л дунд сургуулиа төгсөөд их дээд сургуульд элсэн суралцана гэж боддог байсан. Тиймээс дээд сургуульд суралцах нь миний эрдмийн дараагийн аялал гэдгийг мэдэж байлаа. Ер нь аав, ээж маань эрдэм боловсролыг их чухалчилдаг хүмүүс. Аав маань Кембрижийн их сургуульд доктор хамгаалсан, ээж маань мөн Английн Англиа Раскин их сургуульд магистраа хамгаалсан. Тэд маань ах дүүс биднийг үргэлж хамгийн сайнаараа суралцахад урамшуулан дэмждэг учраас бид ч хичээдэг. Миний хувьд сүүлийн 2-3 жил дээд сургуульд элсэх талаар нухацтай төлөвлөж, яаж сайн сургуульд элсэх боломжоо нэмэгдүүлэх вэ? гэдэг талаар үргэлж бодож, шамдан суралцсан. Мөн багшийн мэргэжлээр, боловсролын салбарт ажиллах зорилгодоо нийцүүлэн, их сургуулийн элсэлтийн шалгуурын нэг хэсэг болсон хичээлээс гадуурх ажлынхаа хүрээнд өөрийнхөө үе тэнгийнхэн болоод дүү нартаа янз бүрийн сэдвээр хичээл зааж байсан. Их дээд сургуулиуд өргөдөл өгсөн оюутнуудыг эргэн тойрондоо хэрхэн нөлөөлж, бусдын сайн сайхны төлөө өөрийгөө хэрхэн зориулах хүсэл, сонирхолтой байдгийг харах хүсэлтэй байдаг.
Шантрах үе гарч байсан уу? Тэр үедээ өөрийгөө хэрхэн урамшуулж, зоригжуулж байсан бэ?
- Дээр хэлж байсанчлан Америкийн топ сайн сургуульд элсэх амаргүй учраас ядарч, шантраад больчихмоор үе зөндөө гарч байсан. Яг тийм үед би өөрөө өөртөө энэ бол миний мөрөөдөл, би одоо л өөрийгөө бүрэн дайчлахгүй ийм амархан шантрах юм бол цаашдаа асуудал бэрхшээл тулгарахад амархан бууж өгдөг хүн болоод, хожмоо харамсах болно гэж хэлдэг байлаа. Бага залуудаа сурч байхгүй яав даа гэдэг үгийг би эргэн тойрнынхоосоо үргэлж сонсдог. Ингэж харамсахгүйн тулд би өөрийгөө хүчилсэн. Гэхдээ ингэж хичээж зүтгэх нь одоог хүртэл туулсан амьдралын маань хамгийн стресстэй цаг үе гэж хэлж болно. Энэ хэцүү шантармаар цаг үед намайг дэмжин тусалсан, аав ээж, найз нөхдөдөө маш их баярлаж байна аа.
4 жилийн хугаацанд 280,000 ам.долларын тэтгэлэгтэй суралцахаар болжээ. Сургалтын төлбөр, тэтгэлгийн талаар мэдээлэл өгөөч?
- Америкийн их сургуулийн сургалтын төлбөр, зардал маш өндөр учраас цөөн хүн л бүгдийг нь бүрэн төлөх боломжтой байдаг. Тиймээс сургуулиуд тухайн хүүхдийн төлж чадах хэмжээнээс илүү гарсан хэрэгцээнд нь тэтгэлэг өгөх тийм систем, тогтолцоотой байдаг. Ингэснээр бага орлоготой өрхүүдийг хүүхдээ сургах боломжоор хангадаг. Стенфордод суралцах бүх зардал нийлээд жилийн 89,000 ам. доллартай тэнцдэг. Энэ бол манай гэр бүлийн хувьд төлөх ямар ч боломжгүй их тоо. Ер нь хүүхдүүд өргөдлөө явуулахдаа эцэг, эхийнхээ орлого, зарлага, төлдөг татвар гээд бүх мэдээллийг явуулах шаардлагатай болдог. Миний тэтгэлэгт сургалтын төлбөр, байр, эрүүл мэндийн даатгал багтсан. Стэнфордоос авсан миний тэтгэлгийн хэмжээг дээрх бүх зардлаас хасаад манай гэр бүлийн зүгээс миний боловсролд зарцуулах хэмжээ жилд 19,000 ам.доллар үлдэж байгаа.
Стэндфордын их сургуульд ямар мэргэжлээр суралцах вэ? Яагаад тухайн мэргэжлийг сонгосон бэ?
- Би сэтгэл судлалыг голлон судалж, дээрээс нь боловсролын чиглэлээр суралцах төлөвлөгөөтэй байгаа. Мөн надад философи их сонирхолтой байдаг учраас энэ талаар бас хичээл авна гэж бодож байгаа. Миний туйлын зорилго бол сургуулиа төгсөөд, улс эх орондоо эргэж ирээд сургууль, боловсролын салбарт хувь нэмрээ оруулах л даа. Миний бодлоор манай улсын хувьд боловсролын талаарх ойлголт, боловсрол олгох аргачлалд их өөрчлөлт шаардлагатай санагддаг. Манай Монгол хүүхдүүд үнэхээр ухаантай, нөөц бололцоотой гэж би боддог. Би үүнийг эргэн тойрныхоо найз нөхдөөс үргэлж хардаг. Харин энэ их ухаан, энэ их нөөцийг яг бүрэн ашиглаж, хамгийн сайнаар нь хөгжүүлж чадахгүй байгаад харамсдаг. Хүн ер нь үргэлж, сурч мэдэхийг хүсдэг гэж боддог. Харамсалтай нь боловсролын одоогийн тогтолцоо, арга барил хүүхдүүдийн сурч мэдэх хүсэл эрмэлзэлд саад болж байгаа санагддаг юм. Харин миний хувьд бол дандаа сайн багш нараар хүрээлүүлж, тэд намайг хамгийн сайн Нинжин байж, нөөц бололцоогоо бүрэн дайчлахад тусалсан учраас азтай. Тиймээс намайг ингэж хурцалсан энэ эрчийг алдагдуулахгүйгээр одоо сургууль гэдэг далайд хөл тавьж байгаа дараагийн дүү нараа дэмжин тулсах нь миний үүрэг гэж би бас боддог.
Сүүлийн жилүүдэд дэлхийд эрэмбээрээ эхний 3-т жагсаж байгаа том их сургуулийн босго өндөр байх нь ойлгомжтой. Тиймээс хүүхдүүд элсэн суралцах хүсэлт өгөхөөсөө эмээх нь элбэг. Тэдэнд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
- Миний өгөх хамгийн том зөвлөгөө бол “Боломж бүрийг алдахгүй ашиглаж бай” гэж хэлэх байна. Боломжийг алдана гэдэг бол хийж үзээд алдахаас хамаагүй дор гэж аав маань үргэлж хэлдэг. Тийм болохоор би энэ үгийг амьдралдаа хэрэгжүүлсээр ирсэн. Бусад хүүхдүүд ч гэсэн боломжийг яг ингэж ашиглаасай гэж хүсч байна. Тэгэхээр Америкийн их дээд сургуулиудад өргөдлөө явуул. Амьдрал үнэхээр гайхалтай учраас ямар ч сайхан хариу гарч мэднэ. Цаашлаад цаг алдахгүй, хожим харамсахгүйн тулд хүсч мөрөөддөг зүйлсийнхээ төлөө яг одооноос зүтгээрэй гэж хэлмээр байна.
Ирээдүйгээ хэрхэн төлөвлөж, төсөөлж байгаа вэ?
- Миний хүсэл мөрөөдөл бол сайн багш, сурган хүмүүжүүлэгч болж, улмаар шавь нараа өөрсдийнхөө хүрч болох бүх боломжинд хүрч өсөх нөхцөлөөр хангасан тийм боловсролын тогтолцоог бүтээлцэхийн төлөө ажилламаар байна. Тиймээс би эхний ээлжинд өөрийн загвар сургуулийг байгуулаад тэр сургуулиараа дамжуулаад монголынхоо хүүхэд багачуудын боловсролын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах Хан Академи, Краш Курс гэх мэт сургалтын байгууллагуудыг байгуулах мөрөөдөлтэй. Ингэснээр иймэрхүү сургалтын байгууллагуудтай хамтран дэлхийн хөгжилтэй орнуудын хүүхдүүдэд байдаг тийм нөөц, боломжийг монголынхоо хүүхдүүдэд зориулж чадах юм. Миний туйлын хүсэл зорилго бол монголынхоо боловсролын тогтолцоог дэлхийд тэргүүлдэг буюу эхний 10-т ордог болгох явдал юм.
Баярлалаа. Цаашдын сурлага, хөдөлмөрт нь амжилт хүсье!
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх