Үлгэр домог анимэ болох нь: Кагуяа гүнжийн домог


О.Төгсжаргал | YOLO.MN
2022-05-05

Үлгэр домог гэдэг аливаа үндэстний соёлын өв эрдэнэ билээ. Дорнын улс орнууд бүгд өөр өөрийн онцгой сайхан туульсыг тээсээр энэ цагтай золгожээ. Монгол оронд минь ч соёлын үнэт өв болсон үлгэр домог олноор буй. Иймд уншигч танаа үлгэр домгийн яруу сайхан ба түүнийгээ орчин цагийн үзэгчдэд толилуулан шинэчлэн бүтээх нь суут туурвил болдгийн жишээ Кагуяа гүнжийн үлгэрийг танилцуулъя.  

Японы орчин үеийн анимууд нь “Kimi no na wa” (Чиний нэр)-аас авахуулаад “Kimetsu no Yaiba” (Чөтгөрийн ангууч) гэх зэрэг бүрэн хэмжээний уран сайхны киноноос олон ангит цуврал хүртэл Япон улсын томоохон соёл болсон кино урлагийн нэгэн төрөл билээ. Олон жилийн түүхтэй, бие даасан соёлтой байх нь өөрөө улс орны нэгэн дархлаа болно.

 Япончууд анимаци гэх дүрслэлийн урлагийн бие даасан салбарт өөрсдийн өнгө төрх бүхий Анимэ гэх урсгалыг оруулж ирэн олон жилийг үджээ. Жилд хэдэн зуун анимэ, манга үзэгчдэд хүрч байгаа нь энэ бүхний тод жишээ юм. Бид ч мөн энэ урлагаас хоцорсонгүй, тэдэнтэй уралдах шахуу үзэж сонирхож, баясаж сууна. Хаяао Мязакигийн бүтээсэн “Spirited Away” Оскарын шагналыг хүртэж энэ жанрыг дэлхийн дахинд бүрнээ таниулсан түүхтэй. Японы энэ төрлийн бүрэн хэмжээний анимууд өөрсдийн онцгой содон хийц болон зураглалаараа дэлхий дахиныг гайхуулдаг. 

Анимэ бүтээгчид зөвхөн дээр дурдсан зүйлсээс гадна биднийг гайхшруулж чаддаг бүрдэл хэсэг бол Япон соёл, түүх, зан заншлыг чадварлаг уяж өгдөг явдал. Япон уран бүтээлчдийн онцгой чадвар юм уу, сонин содон дүрслэл нь биднийг нууцлаг бас гайхамшигт ертөнцөөр аялуулдаг шидтэй.

Тэгвэл Кагуяа гүнжийн домог ч мөн адил эмээ, өвөөгөөрөө үлгэр яриулж байгаа мэт дулаахан мэдрэмжийг бидэнд бэлэглэнэ. Уг бүтээлийн хамгийн онцгой зүйл нь дүрслэл яах аргагүй мөн. Японы уламжлалт зургийн техник, хэв маяг бүхий хийц нь үнэхээр содон. Мөн байгалийн сайхныг тодруулан гаргаж ирэх нь Япон анимийн онцгой шинж чанар гэдэгтэй санал зөрөх хүн ховор биз.                  

                                         

Уг бүтээл нь Хулс тайрагч (Bamboo Cutter) буюу энгийнээр хэлэхэд модчин нэгэн өвгөн ойгоос нэгэн үзэсгэлэнт бяцхан гүнжийг олсноор эхлэнэ. Эмгэн, өвгөн хоёр хүүхдийг тэнгэрээс өөрт өгсөн бэлэг гэж үзэн өсгөхөөр шийдсэнээр кино цааш өрнөдөг ажээ. Ингэж нялж гүнж өдөр хоногоор өсөн томорно.
Уг анимэ нь 10-р зууны үеэс гаралтай ардын үлгэрээс сэдэвлэн бүтээгдсэн юм. Тухайн үеийн япон орны ард түмний амьдрал аж ахуй, амьдралын чин зорилго юу байсныг энэхүү бүтээл эгэл сайхнаар өгүүлэх болно. 

Аливаа кино, анимаци, зохиол математик, физикийн томьёо шиг туйлын ганц үнэнтэй түүнийгээ ойлгуулах гэсэн чин эрмэлзэлтэй байдаггүй болов уу. Хүн болгон үзэгдэл болгоноос өөр өөр мэдрэмж авч, ухааран баясах нь энэ урлагийн мөн чанар байх.

Японы үлгэр домгийн ертөнц дэх зохиолууд ихэвчлэн хүн төрөлхтний оршихуй, хүн байгалийн зохилдлого, байгаль эхээ хайрлан хамгаалах тухай зааж сургасан байдаг. Кагуяа гүнжийн домогт ч мөн эдгээр үнэт зүйлсийг шигтгэж өгчээ. Мөн домгийн гол санаа нь эмэгтэй хүний мөн чанарыг эрэн хайж, “Эмэгтэй хүн гэж хэн юм? Эд бараа юу? Эсвэл ариун дагинас уу?” гэх зэрэг эрс тэрс асуултыг танаас асууж хариултыг өөрөөр тань хайлгах болно.

                             

Уран зураг мэт дүрслэл, аядуу тайван өрнөл бүхий тус анимэ нь үзэх нүднээ үзэсгэлэнтэй бүтээл юм. Эртний Японы домгийн ертөнцөөр аялж нүд, сэтгэлээ баясгаарай.  

#Кино урлаг