Захидал:Тэр зүгээр харилцаагаа түр завсарлая л гэсэн. Гэтэл би яагаад ингэж их шаналаад байгаа юм бол?


ССҮТөв | YOLO.MN
2022-04-15

YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Тэр зүгээр л харилцаагаа түр завсарлая л гэсэн. Гэтэл би яагаад ингэж их шаналаад байгаа юм бол?

Сайн байна уу? Би 17 настай, эмэгтэй. Нэг хүүхэдтэй бүр маш хурдан дотносож, богино хугацаанд нэгэндээ дасаад үерхчихсэн .Гэвч удалгүй найз хөвгүүн маань үерхэлдээ түр завсарлага авья гэж хэлсэн. Энэ нь надад зүгээр л салья гэдгээс өөрөөр сонсогдохгүй байна. Түүний тэгж буй шалтгаан нь мэдээж бие биенээ бүрэн таньж амжаагүй, бүх зүйл хэт хурдан өрнөснөөс болсон байх. Бас түүний хэлж байгаагаар би хэтэрхий хөндий байдаг гэсэн. Магадгүй энэ үнэн байх л даа. Харин одоо цаашид яах ёстой юм бол гэж дотроо шаналаж, бүр ямар ч эрч хүч сэтгэл хөдлөлгүй байнга л гунигтай байдаг болчихлоо. Тэр хэдий бие биедээ хугацаа өгөөд түр холдъё гэсэн ч энэ бүхэн надад салалт шиг хүнд тусаад байх юм. Бас тэр өөрт нь хэцүү байгаа учир тэр байдал нь зүгээр болтол намайг хүлээж байгаарай гэсэн. Хайртай л юм бол яагаад надтай зөвлөлдөж ярилцахгүй ийм шийдвэр гаргасныг нь үнэхээр гайхаад надад зүгээр л хайргүй байж дээ гэж бодогдоод улам ихээр шаналж байна. Одоо түүнийг хүлээх хэрэгтэй юу эсвэл тэр чигт нь орхих уу?

ЗӨВЛӨГӨӨ: Түүнийг ойлгохыг хичээж, өөрийнхөө мэдрэмжийг ч давхар илэрхийлээрэй

Сайн уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Найз хөвгүүн нь үерхэлдээ түр завсарлага авъя гэж хэлсэн нь чамд хэцүү мэдрэмжийг төрүүлж, гунигтай болгож байгааг ойлголоо. Түр завсарлага авч буй нь чамд салж буй мэт мэдрэмж төрүүлж буйгаа илэрхийлсэн болов уу? Энэ талаар ярилцсан болов уу? Мөн түүнд хэлж болохгүй ямар ч асуудал шалтгаан гарч ирсэн байж болно шүү дээ. Тэр хөвгүүн өөрт тохиолдсон асуудлаа чамд хэлээгүй байгаа нь цаанаа ямар ч шалтгаантай байж болох болохоор найз хөвгүүнээ ойлгохыг хичээж мөн өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэхийг хичээгээрэй. Мөн ярилцсан ч түүний шийдвэр өөрчлөгдөхгүй байвал шийдвэрийг нь хүндлээрэй. 

АСУУДАЛ: Аав ээждээ YouTube хаяг нээмээр байна гэдгээ яаж хэлэх вэ?

Сайн байна уу? Би 12 настай эмэгтэй. Аав ээждээ YouTube хаяг нээмээр байна гэдгээ яаж хэлэх вэ? Хэлэх гэхээр ичээд байх юм. Би өөрөө дотогшоо, нэлээн ичимхий хүн л дээ. Яах вэ? YouTube нээх хүслээ орхиё гэхээр нээмээр л санагдаад байх юм.  

ЗӨВЛӨГӨӨ:Ойр дотныхондоо хэлэх нь хамгийн зөв алхам

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Чиний хувьд YouTube хаяг нээх нь маш том зориг шаардагдах зүйл учраас эргэлзэж байгааг чинь ойлголоо.Тийм учраас дараах асуултуудад хариулаад бичээд үзээрэй. 

  • YouTube хаяг ямар учраас нээхийг хүсэж байгаа вэ? 
  • Нээснийхээ дараа ямар контент/бичлэг/ хийх бодолтой байгаа вэ? 
  • Хаяг нээснийх нь дараа гэрийнхэн нь хэрхэн хүлээж авна гэж бодож байна вэ? 
  • Гэр бүлийнхэн нь чамайг дэмжих болов уу? Эсвэл шүүмжлэх болов уу? 
  • Хэлбэл яг юу болно гэдгээс санаа зовж байна вэ?

Захидлаас уншихад энэхүү санаа зоволт нь чамайг YouTube нээх хүслээ орхимоор ч юм шиг санагдуулж байна гэж ойлголоо. Тиймээс өөрийнхөө хүсэл сонирхол бас санаа зоволтоо анзаараад үзээрэй. Мөн ямар нэгэн шинэ зүйл эхлүүлж туршиж үзэх гэж байгаа үед өөрөөсөө арай илүү туршлагатай хүмүүс буюу аав ээж эсвэл ойр дотны хүмүүстэйгээ ярилцаж саналыг нь авах нь чамд ямар нэгэн шинэ санааг төрүүлэх боломжтой юм шүү. Чамд амжилт хүсье.

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

 

#Зөвлөгөө #Сэтгэл зүй