YSC:Бид бүгд байгаль хамгаалагч байж чадна Youth Power Vol.3 арга хэмжээ


Б.Дариа | YOLO.MN
2022-04-21

Өнгө өнгийн зүүлтээр, өөр өөр аялагаар ялгарч, Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 54 хүүхэд ширээ тойрон сууна. Хүүхдүүд бүгд хэлбэр дүрс, хэмжээ хэрэглээ нь ондоо усны савыг хажуудаа тавьжээ.

Эдгээр хүүхдүүд бол байгальд ээлтэй залуу манлайлагчдыг дэмжих зорилготой Youth Sustainability Corps (YSC) хөтөлбөрөөс зохион байгуулдаг “Youth Power” арга хэмжээнд ирсэн хүүхдүүд.

Монгол Улсын өнцөг булан бүрт суугаа YSC-чууд буюу 54 ахлах ангийн сурагчид шалгаран энд цугласан шалтгаан бол байгаль, соёлын өвөө танин мэдэх, шинэ зүйлс сурах, хүрээллээ тэлэх гэнэ. Тэдний дунд 1500 км-ийг туулан Ховд аймгийн Манхан, Мөнххайрхан сумдаас ирсэн сурагчид байсан төдийгүй Хөвсгөл, Өмнөговь, Өвөрхангай, Хэнтий, Сэлэнгэ, Дундговь аймгаас хүртэл ирсэн байв. 

Арга хэмжээнд зочин илтгэгчдийн амьдралын түүх, туршлагатай танилцахаас гадна Улаанбаатар хот, Хөвсгөл, Ховд, Өмнөговь аймгийн сурагчид орон нутгийнхаа тусгай хамгаалалттай газар болон, соёлын өвийг танилцуулан, багаар ажиллаж, санал шийдлээ солилцон, бие биенээ сонсож нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрүүллээ.

Арга хэмжээг нээж, YSC хөтөлбөрийн санхүүжүүлэгч Европын Холбооны элчин сайд Аксель Никайз цахим мэндчилгээ дэвшүүлсэн ба Хустайн байгалийн цогцолбор газрын амьтан судлаач, байгаль хамгаалагч доктор Д.Өсөхжаргал, ШУТИС-д ахлах багш, доктор, дэд профессор, Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Д.Сэрдарам нар хүрэлцэн ирж байгаль экологио яагаад хайрлах ёстой, тусгай хамгаалалттай газрыг хэрхэн таниулах тухай ярьсанаас гадна өөрсдийн амьдралын туршлагаас хуваалцаж, хүүхдүүдэд урам зориг өгч байлаа. 

Хустайн байгалийн цогцолбор газрын амьтан судлаач, байгаль хамгаалагч доктор Д.Өсөхжаргал

Улаанбаатар хотын залуус Богдханы Дархан цаазат газар, Хөвсгөл аймгаас ирсэн YSC хөтөлбөрийн сурагчид Хөвсгөл нуурын Байгалийн цогцолборт газар, Өмнөговь, Ховд аймгийн сурагчид өөрсдийн өв соёлоо бусаддаа танилцуулсан юм. Тэд “Энэ бол зөвхөн манай аймгийнхны хамгаалах, хайрлах ёстой газрууд бид, залуус бид бүгдээрээ өөрсдийн эх орон, дэлхий ээж минь гэж бодож явах ёстой газрууд юм шүү" хэмээн бахархан ярьж буй нь мэдрэгдэж байлаа.

Дараа нь оролцогчид багт хуваагдан "National park in 2050" сэдвийн дор 2050 оны Тусгай хамгаалалттай газрыг дүрслэн зурах даалгавар авч одоо байгаа асуудлуудыг хэрхэх, нэмэлт ямар санал санаачлага байж болох тухай ярилцан гаргалгаа хайж, зурсан зургаа нэгэндээ танилцуулан, бусдадаа оноо өгч байсан юм.

Тухайлбал нэг удаагийн хуванцар усны савнаас татгалзаж өдөр тутам ашигладаг усны савтай болцгооё, соёлын дурсгалт өвүүд дээр дураараа сараачихаа больцгооё зэргээр уриалж байсан юм. Үүнээс тэд яагаад бүгдээрээ усны савтайгаа ирснийг ойлгож авав. Мөн тэд өөрсдийн зурсан байгаль хамгаалах систем хэрхэн хөгжиж болохыг таамаглан, өөрсдийн санал санаачлага бүхий зургийг "Сайн байна уу, энэ бол 2050 он" гэж эхлэн талбарлаж байсан нь ирсэн зочдыг ирээдүйд аваачиж байлаа. Иргэн бүр байгаль хамгаалагч байх боломжтой аппликэйшн бүтээх, цэвэр агаарт гарахдаа хөлөглөдөг байгальд ээлтэй хөлөг "бөмбөлөг" бүтээх гээд тэдний л ухаанаас гарч болох сонирхолтой шийдлүүдийг олж байсан юм.

                                                   

Мөн танилцуулгын үеэр “Бид бол тогтворгүй улсын тогтворгүй иргэн байж болох ч тогтвортой хөгжилд санаа зовдог” гэж дурдсан нь цугласан хүүхдүүдийн байгаль дэлхийгээ хайрлах хүсэл эрмэлзлийг, экологийн тулгамдсан асуудлуудад няхуур, болгоомжтой хандаж буйг харуулж байлаа.  

Баг бүрт нэг ментор ажиллаж, оролцогчдыг чиглүүлж, заавар зөвлөгөө өгнө. Мөн арга хэмжээний дундуур оролцогчдыг сэргээж бүжиг бүжиглүүлж, бие биелүүлж байв. Эдгээр авъяаслаг охид бол YSC хөтөлбөрийн дадлагажигч нар аж.

“YSC хөтөлбөрт оролцож эхэлснээс хойш байгальд ээлтэй байхыг хүсэж нэг удаагийн хэрэглээнээс татгалзсан. Илүү Zero waste болон төлөвшиж байгаа. Өнгөрсөн жил Youth Power Vol.1,2 арга хэмжээнд оролцож байсан бол энэ жил ажиллаж байна. Өнөөдрийн арга хэмжээнээс тусгай хамгаалалттай газруудаа хайрлан хамгаалах ёстой шалтгаанууд, бидний үйл хэргийн үр дүн ямар байх тухай илүү сайн ойлгож авсан. Маш олон хэрэгтэй зүйлийг мэдэж авч байгаа шигээ цаашид ч уг хөтөлбөртөө хамрагдсаар дүү нартаа зааж  зөвлөх ментор болохыг хүсэж байна. Хөтөлбөрт оролцох шалтгаан бол нэгдүгээрт биднийг маш сайн сонсдог, хоёрдугаарт эх дэлхийгээ хайрлах ухаанд сургадагт нь дуртай” хэмээн YSC хөтөлбөрийн дадлагажигч, нийслэлийн лабортори 12 дугаар сургуулийн сурагч Н.Анужин хэллээ. 

Монгол экологи төвийн хөтөлбөрийн зохицуулагч А.Энхбаяр “Тусгай хамгаалалттай газрыг та бүхнээс хамгаалах биш та бүхэн өөрөө хамгаалах залуу манлайлагчид юм шүү гэдгийг хүүхдүүддээ ойлгуулахаар зорьсон. Хүүхэд залуус маань ирээдүйд ямар ч мэргэжилтэй болсон байгальд ээлтэй, хайртай нэгэн  байж, хаана ч бусдыгаа сайн сайханд дагуулдаг байгаасай, дор бүрнээ байгаль хамгаалагчид байгаасай гэж хүсэж байна. Бид эдгээр хүүхдүүдийг ямар дүнтэй, ямар зан араншинтай гэдгийг харгалзахгүйгээр тухайн хүүхдэд байгаль хамгаалах, өв соёлоо авч үлдэх, үнэ цэн бий болгох чин эрмэлзэл байгаа эсэхийг харгалзан сонгож цуглуусан” гэсэн юм.

Мөн энэ жил YSC хөтөлбөрийн хүрээнд Австралийн засгийн газрын санхүүжилтээр сурагчдын санал санаачилгыг дэмжих, санаагаа бодит ажил хэрэг болгох, нийгэмд тулгамдаж буй асуудлыг өөрсдөө тодорхойлж, шийдвэрлэхэд гар бие оролцох боломжоор хангах зорилготой 30 сая төгрөг хүртэлх шагналын сантай “Teen шийдэл” төслийн уралдааныг зарласан билээ. Таван үе шаттайгаар зохион байгуулж буй уг төслийн уралдаанд Монгол улсын 20 аймгаас 1000 гаруй сурагчид 226 санал ирүүлсэн байна. 

Төсөл нь хүрээлэн буй орчин, байгаль экологийн олон янзын асуудалд шийдэл болж чадахаас гадна уралдаанд хамрагдсан сурагчид үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөж, суралцаж, хүрээллээ тэлэн асуудал шийдвэрлэх, бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, төсөл санаачлан хэрэгжүүлэх, илтгэх ур чадваруудад суралцах боломжийг олгожээ. 

Teen шийдэл төслийн уралдааны оролцогч Налайх дүүргийн лабортори 119 дүгээр сургуулийн сурагч  Тэмүүлэн “Анх YSC-гийн зүгээс манай сургуулийн Эко клубтай хамтран сургууль дээр тохижилт хийхээр ирж байсан юм. Түүний  дараа Teen шийдэл төслийн уралдаан зарлагдаж, мэдээлэл авсан. Би өөрөө байгальд хайртай хүн. Ганцаараа том үйлдэл хийж чадахгүй ч байгальд ээлтэй нэгэн байж бусдадаа нөлөөлж чадна гэж бодож байна. Манай дүүрэгт эрүүл ахуйн шаардлага хангаагүй, оочир, замбараагүй байдлаас шалтгаалан бэртгэл гэмтэл их тохиолддог хаалга байдаг юм. Өдөрт ойролцоогоор 2000-3000 гаруй хүн орж гардаг тухайн хаалгыг засаж янзлах санаачилгыг дэвшүүлэн хоёр долоо хоног гаруй бэлдэж оролцсон” гэв. 

Танхимын хойд хэсэгт "Сэтгэгдлийн мод" гэсэн самбар байршуулжээ. Самбар "Үнэхээр nice байж чадлаа. YSC хамгийн шилдэг нь", "Шинэ зүйлс олныг сурлаа, монгол орноороо ч аяламаар, хайрламаар санагдлаа, та бүхэндээ маш их баярлалаа" зэрэг халуун дулаан үгсээр дүүрсэн байлаа.

"Хэмнэнэ, хайрлана, хог хаягдлаа дахин ашиглана,өөрсдөө байгаль хамгаалагч байна" уриатай YSC хөтөлбөрийн оролцогчид багаараа оноо цуглуулдаг бөгөөд 500 оноо цуглуулсан таван хүүхэд 2023 онд Европын холбооны улсад сурагч солилцоогоор суралцах эрхтэй болох юм. 

Хөтөлбөрийн төгсгөлд Австралийн элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэйв Пренстон ирсэн хүүхдүүдэд хандан хэлсэн үгэндээ "Монгол улс Австрали улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд та бүхний оролцоо, санал санаачилгыг сонсох Teen шийдэл төслийн уралдаан зохион байгуулсан. Маш олон төсөл, санал ирсэнд баяртай байна.Та бүхний хүсэл эрмэлзэл, тууштай байдал гэр бүл, найз нөхөд цаашлаад шийдвэр гаргагчдад эерэг нөлөө үзүүлж чадна. Эх орондоо харахыг хүсэж байгаа өөрчлөлтдөө гар бие оролцохоор ирсэн та бүхнээр маш их бахархаж байна. Та бүхэн бол байгалийн болон соёлын өвөө хамгаалан үлдэж чадах ирээдүйн манлайлагчид юм шүү" хэмээн хэлж хүүхдүүдэд урам зориг өгсөн юм.

Ингэж бүгдэд ээлтэй ирээдүйг бүтээх нэгэн хүсэл зорилго доор биенээ танихгүй 54 сурагч ширээ тойрон сууж, нэгдэн өөрсдийн дуу хоолойг хүргэхийн төлөө хэлэлцэж, хөгжилдөж үйл ажиллагаагаа өндөрлүүлэн, нэг өдрийг өнгөрүүлэв.

#Сурвалжлага #YSC