"Энэ их зүйлсийг би ХЭРХЭН АМЖУУЛАХ ВЭ?"


Сондор | YOLO.MN
2016-11-04

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Энэ их зүйлсийг би яаж амжуулах вэ?

Давтлаганд явъя гээд хайхаар бүгд давхцах гээд болдоггүй, одоо явбал ЭЕШ болтол бэлдэнэ голоос нь таслахгүй гэх мэт шалтгаанууд гарч ирээд тэгээд гурван хичээлийн давтлаганд нэгэн зэрэг явахаас өөр аргагүй болоод байна.

Сайн байна уу? Энэ өдрийн мэнд. Танай сайт их таалагддаг шүү, одоо цагт нийгэмд өсөн дэвшиж хөгжихийн хэрээр үүнийг дагаад нийгмийн болон гэр бүл хувь хүний асуудлууд ихээхэн гарч ирж буй нөхцөлд өсвөр насныханд чин сэтгэлээсээ ярилцах, зөвлөлдөх хүмүүс цөөхөн байдаг учраас та бүхэн үүнд зөвлөгөө өгч байгаа нь маш баярлууштай зүйл билээ. За тэгэхээр би төгсөх ангийн сурагч тиймээс мэдээж хамгийн том шалгуур болох ЭЕШ-даа олигтой бэлдэж чадахгүй юм аа. Хичээл анх эхэлж байхад ёстой эрч хүчтэй эхлүүлсэн юмсан, ойрын үед бүр өмнөх жилүүдээсээ ч дордчихсон юм шиг санагдаад ЭЕШ өгөх хичээлүүд дээрээ үнэхээр идэвхгүй болчихжээ...

Давтлаганд явъя гээд хайхаар бүгд давхцах гээд болдоггүй, одоо явбал ЭЕШ болтол бэлдэнэ голоос нь таслахгүй гэх мэт шалтгаанууд гарч ирээд тэгээд гурван хичээлийн давтлаганд нэгэн зэрэг явахаас өөр аргагүй болоод байна. Гэтэл явлаа гэхэд ерөөсөө юм үлдэхгүй байх гэж бодоод, нэг зэрэг олон хичээл гүнзгийрүүлж үзээд байхаар ядарна тэгээд ч тогтоц муутай, хольж хутгаад санахад хэцүү байна байх гэж бодоод зөвлөгөө авах гэсэн юм аа. Гол нь гэрээрээ өөрөө бэлдэх гэхээр зайлшгүй багшийн туслалцаа хэрэг болоод байх юм, Тэгээд бас одооноос л бүгдийг нь бэлдэхгүй бол оройтох гэд байна аа, ялангуяа математик бол нэлээн бэлдэх шаардлагатай мөн хими биологи бол нэгдүгээрт тавигдах хичээлүүд байгаа юм л даа. Энэ их төлөвлөсөн зүйлсээ би яаж цэгцэлж, сандарч тэвдэлгүй зөв зохион байгуулах вэ? Зөв шийдвэр гаргахад минь туслаарай, баярлалаа!


ЗӨВЛӨГӨӨ: Яг одоо хаанаас, юунаас эхлэхээ төлөвлө, бич, эхлүүл

Магадгүй цаг нь тулсан, төгсөх хугацаа тань ойртсон, хийж гүйцэтгэх хичээл маш их байгаа гэх мэт зүйлүүдээс таны санаа зоволт тань айдас болон хувирах магадлалтай

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидэнд хандан  захидал бичсэнд баярлалаа.
Юуны өмнө танд зөвлөхөд хэт их санаа зоволтоос үүссэн хэрэгцээгүй мөн цэгцгүй бодлууд толгойд тань эргэлдээд байгаа нь тодорхой байна. Тиймээс юуны өмнө та өмнөө зорилго тавих хэрэгтэй. Магадгүй цаг нь тулсан, төгсөх хугацаа тань ойртсон, хийж гүйцэтгэх хичээл маш их байгаа гэх мэт зүйлүүдээс таны санаа зоволт тань айдас болон хувирах магадлалтай. Аливаа ажлыг дэс дараатай төлөвлөж байж эхлүүлдэг. Тэгэхээр та хамгийн чухал ажлаасаа эхлэн хийж эхлээрэй. Ийм нэгэн үг байдаг даа. Аливаа ажлыг эхлүүлэх нь л тухайн ажлынхаа 50%-ийг хийчихлээ гэсэн үг. Тиймээс та эхлүүлээгүй байхад санаа зоволтууд тань хэзээ ч багасахгүй нөхцөл байдал улам хүндэрсэн байх болно. Тэгэхээр яг одоо хаанаас, юунаас эхлэхээ төлөвлө, бич, эхлүүл. Танд амжилт хүсье.  

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

 


“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Ц.Нямцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Асуудал #Lesson #ЭЕШ